УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гурваны гишүүнийг томиллоо. Нэр дэвшигч Б.Буяндэлгэр 98,4 хувь, Г.Туулхүү 98,4, Ц.Нанзаддорж 96,7 хувийн саналаар дэмжигдэж, Цэцийн гишүүдээр томилогдов. Эдгээр нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан юм. Учир нь өмнөх Ерөнхийлөгчөөс томилуулсан цэцийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон юм. Шинэ Үндсэн хуулийн цэцийн гишүүд мэргэжлийн бус, туршлагагүй, хуульч мэргэжилгүй зэрэг олон нийтийн зүгээс шүүмжлэл хүртээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболдоос тодрууллаа.
-Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн цэцийн гишүүдийг томиллоо. Олон нийтийн зүгээс мэргэжлийн бус, туршлагагүй хүмүүс томилж байна гэсэн шүүмжлэл яваад байна. Та үүнд тайлбар өгөөч?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 65.2-т “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, 40 нас хүрсэн байх” гэж заасан. Нэр дэвшигчдийн хувьд 40 нас хүрсэн байх гэдэг шаардлагыг хангаж байгаа. Хууль зүйн дипломтой, нэг бол улс төрийн өндөр мэргэшилтэй хүнийг томилно гэж заасан. Өмнөх томилгоонуудыг харж байхад хуулийн дипломгүй хүмүүс томилогдож байсан. Хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй гэх хоёр заалтыг нэгэн зэрэг хангахгүй байж болно гэж ойлгогдож байгаа юм.
-УИХ-ын гишүүдийн зүгээс Цэц бол хамгийн сайд хуульчдын цуглуулга байх ёстой гэсэн шүүмжлэл хэлж байна?
-Үндсэн хуулийн 65.2-т ийм заалт байхгүй. Өмнө нь цэцийн гишүүнээр томилж байсан хүмүүстэйгээ харьцуулж үзээд байх шиг байна. Би ч гэсэн УИХ-ын дарга байхдаа МУИС-ийн хоёр хуулийн багшийг санал болгож, оруулж байсан. Нийт гишүүд, ард түмний дунд хуулийн бүтээлтэй, эрдэмтэн хүн байх ёстой гэж бодоод байх шиг байна. Үндсэн хуульд улс төрийн өндөр мэдлэг гэж заасан байгаа. Ядаж л нэг УИХ-ын гишүүн, намын дарга зэрэг алба хашиж байсан хүмүүсээ улс төрийн өндөр мэргэшил гэж ойлгохгүй бол улстөрч томилж болохгүй, зөвхөн багш нарын цуглуулга болж болохгүй юм. Хуулийн шаардлагад нийцсэн хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Хүмүүсийн тогтсон ойлголт нэг өөр, хуулийн ойлголт бас нэг өөр. Олон нийтийн дунд явж байгаа шүүмжлэлүүдийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын харж байгаа. Энэ шаардлагад нийцсэн, улс төрөөр яваагүй эрдэмтэн хүмүүс гомдол гаргаад байх шиг байгаа юм. Үндсэн хуулийг анх батлахдаа 65.2 дахь заалтыг оруулсан, Ерөнхийлөгч гурван хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн хуульдаа л нийцүүлсэн. Түүнээс хүмүүсийн ойлголтод тааруулж санал болгох шаардлагагүй гэж үзсэн.:
Ш.ЧИМЭГ