Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-д эхлэхэд 21 хоногийн хугацаа үлдлээ. Монголчуудын хувьд энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр олон сонин хачин мэдээлэлтэй байх билээ.
Дэлхийн 210 орны хүүхдүүдтэй хамтдаа байх “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд “ДМЮ” багийн довтлогч Э.Даринчулуун, “Монголын тэмүүлэл” багийн хагас хамгаалагч Ш.Эрхэс нар оролцохоор болсон. Тэгвэл хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр эх орноо дэлхий дахинд сурталчлах хүндтэй үүргийг авсан өсвөрийн тамирчид маань хойд хөршийг зорих бэлтгэлээ базаасаар байна.
Нийслэл хотод төрж өссөн Э.Даринчулуун, Ш.Эрхэс нар Төв аймгийн нутгаар аялж, малчны хотхонд зочлон хөвгүүдтэй хөлбөмбөг тоглон олон сонирхолтой зүйлтэй танилцжээ. Тэд мөн үеийнхээ багачуудад итгэл найдвар өгч мөрөөдлийнхөө төлөө тууштай хичээллэх юм бол олон сайхан зүйлийн гэрч болж, олон улсад эх орнынхоо нэрийг гаргах боломжтой гэдгийг урам зоригтойгоор өгсөн байна.
Э.Даринчулуун, Ш.Эрхэс нар ирэх зургадугаар сард хойд хөршид болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд “Western Gorilla” багийн нэрийн өмнөөс оролцохоор болжээ. Дэлхийн ховордсон горилла сармагны нэрээр нэрлэгдсэн багт Монгол (хагас хамгаалагч), Узбекистан (хаалгач), Люксенбург (хамгаалагч), Гибралтар (хагас хамгаалагч), Израйль (довтлогч) гэсэн улсуудын тоглогчдоос бүрдсэн мэдээллийг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос ирүүлсэн байна.
“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд оролцох Ш.Эрхэс сэтгүүлчээр, Э.Даринчулуун тоглогчоор оролцож, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр эх орноо суртачилан таниулах юм.