Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

Баяртай, Пунггери

Өмнөд болон Хойд Солонгос улсуудын нэгдэх асуудлын хүрээнд энэ сарын 23-наас 25-ны хооронд идэвхигүй болохоор төлөвлөгдсөн Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтын талбай болох Пунггери эдгээр өдрүүдэд олон улсын анхаарлыг хамгийн ихээр татаж буй газар болоод байна.

Пунггери цөмийн туршилтын талбай нь БНАСАУ-ын Килжу нэртэй мужид, өргөргийн 41°16′41 уртрагийн 129°05′15″ солбилцолд орших бөгөөд хиймэл дагуулын зурагт тод харагдах гурван гарцтай юм. 2006 оны аравдугаар сараас 2017 оны есдүгээр сар хүртэл Пунгери талбай дээр нийт 6 удаагийн цөмийн туршилт явагдаж байсан ба жил ирэх тусам цөмийн туршилтууын далайц болон үүсгэх чичиргээний хэмжээ ихсэж байснаас олон улсын хурц шүүмжлэлтэй тулгарсаар ирсэн. Өнөөдөр болох магадлалтай тэсэлгээний үеэр Пунгери талбайн хонгилууд руу орох гарцуудыг битүүмжилснээр цөмийн зэвсгийн идэвхигүйжүүлэлт албан ёсоор биеллээ олох ёстой юм.

Пеньяний зүгээс энэхүү түүхэн үйл явцыг газар дээрээс нь сурвалжлах завшаантай урилгыг АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ болон Их Британид олгосон юм. Энэ дагуу Америк, Орос, Хятад болон Английн сэтгүүлчдээс бүрдсэн олон улсын сэтгүүлчид уржигдар өглөө /2017.05.2/ Бээжингээс Хойд Солонгосын Вонсан хотод буун, зочид буудалд нэг хоногийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд Өмнөд Солонгосын зүгээс тус үйл явдлыг сурвалжлуулахаар санал болгосон сэтгүүлчдийн багт Пеньяний зүгээс хоёр ч удаа татгалзах хариу өгсөн нь ийнхүү хоног алдах шалтгаан болсон юм.

Өмнөд Солонгосын сэтгүүлчид онгоц хөөрөхийн өмнө

Өмнөд Солонгосын сэтгүүлчид Вонсан хотод бууж буй байдал

Тэгвэл өчигдөр өглөө /2017.05.23/ Өмнөд Солонгосын санал болгосон сэтгүүлчдийн багийг Пеньян хүлээн зөвшөөрснөөр өмнөдийн нийт найман сэтгүүлч засгийн газрын онгоцоор үдээс өмнө Вонсан хотод буусан байна. Тэдгээр найман сэтгүүлчдийн дөрөв нь телевизэд, дөрөв нь сонины газарт ажилладаг байна.

Зочин сэтгүүлчдийн баг бүрдсэн даруй өчигдөр тэднийг Пунггери талбайтай ойр байрладаг Килжу муж руу тусгай галт тэргээр хүргэсэн байна. Тэд нийт 416 километр замыг 12 цагийн хугацаанд туулан, цааш 21 километр замыг машинаар туулж, хүрэх газраа очжээ.

Пунгери талбайг идэвхигүйжүүлэхээр амласан хугацаа нэгэнт тулаад байгаа тул яг хэзээ идэвхигүйжүүлэх тэсэлгээг эхлүүлэх талаар Өмнөд Солонгосын сэтгүүлчдээс эхний ээлжийн мэдээ ирж эхлэв. Тэд Хойд Солонгосын албаны хүмүүс өнөөдөр буюу тавдугаар сарын 24-ний өдөр цаг агаарын нөхцөл байдлыг тэсэлгээ хийхэд тохиромжтой гэж үзсэн тохиолдолд пунггери талбайг идэвхигүйжүүлэх төлөвлөгөөгөөтэй байгаа талаар дэлхий нийтэд уламжиллаа.

Хойд Солонгос улс нэг жилд 7-10 тэрбум ам. доллараар батлан хамгаалах салбраа санхүүжүүлдэг ба энэ нь нийт 25,37 сая хүн амтай тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм. Харин эдгээрийн хэдэн хувь нь цөмийн зэвсэгт зориулагддагийг баттай мэдээлэх боломжгүй ч Өмнөд Солонгос улсын судалснаар Пеньян өнөөг болтол нийт 1,1-3,2 тэрбум ам. долларыг зөвхөн цөмийн зэвсэгт зарцуулсан байх магадлалтай аж. Гэвч энэ нь цөмийн зэвсэг бүхий дэлхийн бусад орнуудтай харьцуулахад тийм ч их мөнгө биш болохыг 2011 онд гарсан дараах судалгаанаас харж болох юм.

2010 онд зарцуулсан хэмжээ /тэрбум ам. доллараар/

2011 онд зарцуулсан хэмжээ /тэрбум ам. доллараар/

1

Америк

55,6

61,3

2

Орос

9,7

14,8

3

Хятад

6,8

7,6

4

Франц

5,9

6,0

5

Англи

4,5

5,5

6

Энэтхэг

4,1

4,9

7

Израиль

1,9

1,9

8

Пакистан

1,8

2,2

Г.Сүмбээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж