Вагоны ослын буруутан нь дэр мод, тэгээд байгаль

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

Вагоны ослын буруутан нь дэр мод, тэгээд байгаль

Вагоны ослын буруутан нь дэр мод, тэгээд байгаль

Төмөр замын дэр мод муудаж ялзарсны улмаас үр тариа ачиж явсан вагон замаасаа гарсан талаар бид мэдээлсэн. Хэрэг явдлыг товчхон сийрүүлбэл 2018 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 15.15 цагийн орчимд Дархан-1 өртөөний 15-р замаар 2508 дугаартай галт тэргийг хүлээн авчээ.

Уг галт тэрэг нь ОХУ-аас Улаанбаатар чиглэлд явж байсан бөгөөд нийт 70 вагонтой, 5745 тонн жинтэй, 1081 метр урттай вагон байсан аж. Ингээд Дарханы 15-р өртөөгөөр хүлээн авах үед тус ачааны вагон осолдож замын хажуу руу хазайжээ.

Ослын улмаас нэг вагоны ачиж явсан үр тариа асгарснаас гадна хоёр вагон хажуулдаж, зургаан вагон босоогоороо байдалтай замаас гарсан байна. Вагон осолдсон даруйд Дархан өртөөнд дараа нь Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын төвд 15.16 цагт мэдэгджээ. Ослын газар “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа тэргүүтэй ажлын комисс, Улаанбаатар төмөр замын сэргээн босгох анги шуурхай ажиллаж хөдөлгөөнийг хэвийн болгосон байдаг.

Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй

Ослын улмаас нэг вагоны ачиж явсан үр тариа асгарснаас өөр хохирол учраагүй гэдгийг УБТЗ-аас мэдээлсэн. Ослын шалтгаан нь төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан байна гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байгаа гэнэ.

Галт тэрэг осолдсон талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “2018 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 15.40 минутад Дархан-Уул аймгийн нэгдүгээр өртөөний вагоны зам дээр ачаа ачиж байсан вагон баруун тийш унаж ачиж явсан үр тариагаа асгасан байсан. Цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтын явцад хүний амь нас хохироогүй болохыг тогтоосон. Уг вагон нь замаас сэлгээ хийх явцдаа баруун тийш унасан бөгөөд зургаан вагон замаасаа гарч хоёр вагон баруун тийш хажуулдан унасан нь тогтоогдсон. Уг асуудлыг одоогоор үргэлжлүүлэн шалгаж байна” гэв.

300 гаруй мянган дэр модыг солих шаардлагатай

Төмөр замын дэр мод нь төмөр замын амин сүнс гэж хэлж болохоор. Эдгээр дэр модыг 2012 онд Байгаль орчны сайдын тушаалаар бэлтгэхийг хориглосон байдаг. Тэгвэл эл шийдвэрийн улмаас дэр модыг солих ажил олон жил уягдаж, удааширчээ.

Уг асуудлыг 2016 онд Байгаль орчны сайдад уламжилж хоригийг цуцлуулсан ч өнөөдрийн байдлаар 300 мянга гаруй дэр модыг солих шаардлагатай байгаа гэдгийг холбогдох албаныхан тайлбарласан юм.

Дэр мод бэлтгэхийг хориглосон тушаал гарахаас өмнө УБТЗ жилдээ 200 мянга шахам дэр мод бэлтгэж сольдог байж.

Ингээд сайдын тушаал хэрэгжиж, модны үйлдвэрлэл зогсоход хүрч 270 гаруй хүн ажилгүй болж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, зургаан жил шахам эдгээр дэр модыг солиогүй гэхэд буруудахгүй. Төмөр замын дэр мод нь байгалийн үзэгдлийн улмаас элэгдэж, байгалийн жамаар ялзарч мууддаг. Энэ удаагийн осол нь байгалийн жамаар буюу дэр мод ялзарч муудсантай холбоотой гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.

Төмөр бетонон дэрийг үйлдвэрлэхэд нэлээн хугацаа ордог

Энэ асуудлаар Улаанбаатар төмөр замын Тээврийн хяналтын албаны дарга Н.Адъяатай цөөн хором ярилцсан юм.

-Галт тэрэг унах шалтгаан төмөр замын дэр мод муудаж ялзарсан байсан гээд байгаа. Төмөр бетоноор сэргээн засварлах боломжтой юу. Ер нь цаашид модон дэртэй замуудыг яах вэ?

-Дэр мод төмөр замын гол бүтээгдэхүүн. Тэгэхээр 1100 км газраар бодоход 2,1 сая мод хэрэг болно. Зөвхөн ганц шугамаар тооцоолж бодоход. Дэр төмөр бетон, модон байж болно. Бид Хөтөлийн бетон дэр ашиглалтад орохоос өмнө дандаа мод хэрэглэдэг байсан.

Ойн бүсийг хамгаалах асуудал Засгийн газрын түвшинд яригдахад дэр модыг төмөр бетон дэрээр сольж эхэлсэн байдаг. Төмөр бетонон дэрийг үйлдвэрлэхэд нэлээд хугацаа ордог. Богино хугацаанд төмөр бетон дэрээр бүгдийг сольж амжихгүй. Төмөр замын дэр модыг жилд хоёр удаа шалгадаг. Энэ үзлэгээр солих шаардлагатай гэсэн тэмдэглээ тавиад их засвар хийдэг.

Түүнээс биш гайгүй байхад нь солино гэсэн ойлголт байхгүй. Харин их засвар хийхдээ цэвэр бетон дэр хийнэ. Болсон асуудлын тухайд гэвэл гурван дэр мод яваад төмөр бетон дэрээр замаа бэхжүүлсэн байсан. Гэхдээ модон дэрнээс болж гологдол гарсан гэж хэлэхэд эрт байна. Дүгнэлт одоогоор гараагүй байгаа.

-Тэгэхээр гологдол гарах шалтгаан юу байж болох уу?

-Шалтгаан хэлэх боломжгүй. Бид нар улсын байцаагчтайгаа хамтраад шалтгааныг тодруулна. Энэ бол осол гэж ярихаасаа илүү онцгойд тооцогдох гологдол гэж ойлгох ёстой. Яагаад гэхээр хүний амь нас хүрээлэн буй орчинд хохирол учраагүй. Хоёрдугаарт тээврийг нэг ч минут саатуулаагүй учраас тэр юм.

-Хэрэв суудлын галт тэрэг байсан бол яах вэ? Аюулгүй байдал талаас нь урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байгаа вэ?

Суудлын галт тэргийг энэ замаар хүлээж авдаггүй. Нөгөө платформ буюу зорчигчийн тавцантай замаар авна. Тэр замуудад илүү засвар үйлчилгээг хийгээд явдаг.

Дэлхий нийтэд хамгийн найдвартай тээврийн салбараар төмөр замын салбарыг нэрлэдэг. Одоогоор УБТЗ замаа бетон дэрээр солих ажлыг эрчимтэй хийж байгаа ч манай улсын эдийн засгийн бололцоо, эрс тэс уур амьсгал, газар орны нөхцөлөөс шалтгаалж модон дэрээр солих шаардлагатай байдаг аж. Тэгвэл энэ удаагийн осол нь хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас бус байгалийн жамаар ялзарч муудсан дэр модноос үүдэлтэй гэдгийг албаныхан хэлж байна. Мөн ослын дүгнэлтийг салбар яамнаас  14 хоногийн дотор гаргах гэнэ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж