"Ука шүүгч намайг задалж, нээж өгсөн"

Хуучирсан мэдээ: 2018.05.24-нд нийтлэгдсэн

"Ука шүүгч намайг задалж, нээж өгсөн"

"Ука шүүгч намайг  задалж, нээж өгсөн"

Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр анхлан хүргэж байгаа билээ. Шоуны анхны дугаар нэгдүгээр сарын 21-ны өдөр  эфирт цацагдаж байсан юм. Гарсан цагаасаа үзэгчдийг байлдан дагуулсан тус шоуны оролцогч Б.Батбаярын  сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр өөрийн өвөрмөц дуу  хоолой, дуулах донж хэв маягаараа бусад оролцогчдоос  эрхгүй ялгарч байсан юм.  


Юуны өмнө “The voice of Mongolia” шоунд амжилттай оролцсонд нь баяр хүргэе!

-Баярлалаа. News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе.

Өөрийг тань “Voice” шоуны оролцогч гэдгээр нь уншигчид сайн мэднэ. Гэхдээ өөрийнхөө тухай илүү дэлгэрэнгүй танилцуулаач?

-Намайг Б.Батбаяр гэдэг. Би Соёл урлагийн их сургуульд эстрад дуулаачийн ангид гуравдугаар курс хүртэл сурч байгаад тодорхой шалтгааны улмаас сургуулиа 2017 онд орхисон.

-Энэ шоунд оролцох шийдвэрээ хэрхэн гаргаж байв?

 -Би гадаадын” Voice” шоуг их үздэг байсан. Монгол Улсад ийм төрлийн шоу хийгдвэл заавал орно гэж боддог байсан. Миний хүслээр ч яг болсон шүү./инээв/  Би “Voice” шоунд 2017 оны дөрөвдүгээр сард онлайн хэлбэрээр бүртгүүлж байсан. “Voice” шоу эхлээд бараг жил  таван сар болж байна. 

-Шоуны хагас шигшээ шат хүртэл явахад багагүй ачаалалтай байсан байх?

-Миний хувьд тэмцээн  өндөрлөөд дөрөв  хонож байна. Мэдээж, тэмцээн явагдаж байх үед ачаалал ихтэй байсан. Дараагийн шатнууд нь долоо хоногийн зайтай байдаг болохоор өдөр бүр шахуу бэлтгэлтэй. Өглөөнөөс авхуулаад студи дээр бэлтгэлээ хийгээд орой л харьдаг байлаа. Их  ч ядарсан байж. Дөрөв хоног гэртээ сайхан амарлаа.

-Эхний шат буюу “Blind Audition” шалгаруулалтын үеэр Ука шүүгч  таныг дуулж дуусахын хэдхэн секундийн өмнө эргэж харсан шүү дээ. Өөрөө  дуулж байхдаа их сандарсан харагдсан?

-Уг нь тайван сандрахгүй гэж бодож байтал яг  тайзан дээр гарсан чинь эсрэгээрээ байсан. Анх удаа том тайзан  дээр гарсан болохоор ч тэр үү маш их  сандарсан. Сандарсандаа дууныхаа үгийг мартах, өнгө алдахад хүрдэг юм байна лээ. Үүнээсээ болоод эхний шат дээрээ муу дуулсан. Уг нь би орохоосоо өмнө дөрвөн шүүгчийг дөрвүүлийг  нь эргүүлнэ гэж бодож байсан юм.  Гэтэл сандраад  зеритель ч рүү харж чадаагүй. Өөрийгөө сүүлд бичлэгээс харахад байнга  шал ширээстэй, доошоо харж дуулсан байсан. Ука шүүгчийг  эргэж харсанд одоо ч талархдаг. Намайг өнгөлж задалж, нээж ,өгсөн хүн. Хэрэв Ука шүүгч эргэж хараагүй байсан бол би  дахиж  дуулах  талаар бодох ч үгүй байсан.

-Эхний   шатанд саравчтай малгай, нарны шилтэй залуу орж байсныг чинь  тод санаж байна. Энэ өөрийн чинь  стиль үү? Эсвэл олонд танигдахгүй гэж малгай өмсөж, шил зүүв үү?

-Би багаасаа саравчтай малгай, нүдний  шилнээс салдаггүй хүүхэд байсан. Нарны шил цуглуулах дуртай. Ер нь мөнгөтэй болохоороо хамгийн түрүүнд шил худалдаж авдаг. Хасагддаг  шат дээрээ хүртэл би нүдний шил зүүж оръё  гэж гуйгаад бараагүй дээ. /инээв/ Тайзан дээр нүдний шилтэй гарч дуулахаар тухтай санагдаад байдаг юм. Харин шилгүй гарахаар хоосон санагддаг. Дасал болцон гэх үү дээ.

-Гуравдугаар  шатанд үзэгчдээс хамгийн их саналаар дараагийн шатанд сонгогдсон. Бусад оролцогчид тэнцсэн гэдгээ сонсоод уйлж байхад, та ямар нэгэн хувирал гаргаагүй. Ажиглаад байхад өөрөө сэтгэлийн хөдөлгөөн багатай юм шиг ээ?

-Дараа нь үзэхэд тайзан дээр надаас бусад нь их  сэтгэлийн хөдөлгөөнтэй харагдаж байсан. Би багийн сэтгэлийн хөдөлгөөн багатай хүүхэд байсан. Одоо ч яг тэр хэвээрээ. Тухайн үед миний нэрийг зарлахад  би чихэндээ ч итгээгүй. Манай багийн Э.Буянгэрэл, Г.Маргад нар их мундаг дуулдаг. Чадалтай хоолойтой. Би чинь бараг өөрийгөө хасагдсан байх гэж бодож байсан. /инээв/ Бэлтгэлээ  хийж байхад өөрийнхөө дуун дээр нэг л болж өгөхгүй байсан юм. Ука шүүгчийн маань “Маргаашийн нар руу хамт аялах уу” дууг өөрийнхөө хэв маягт оруулах гэж эхэндээ ерөөсөө чадаагүй. Гоё дуулж чадахгүй байгаа  юм шиг санагдаад их стресст орсон. Яг тухайн  өдрийн шоу эхлэхээс өмнө тайзны бэлтгэлийг 3-4 удаа хийдэг. Тэр үеэр л өөрийнхөө дуулалтыг сонсоод арай дээрдсэн юм шиг санагдаад сэтгэл уужирсан.

-Тэгвэл хасагдсан  тухайд?

-Анх  “Blind Audition”   шатны үеэр тайзны ард зогсож байсан чинь тайзан дээр нэг охин дуулаад  бүр бут авч байнаа.  Бүр янзын гоё дуулж байсан. Энэ охинтой  нэг багт орчихгүй юмсан  гэж бодож байсан. Гэтэл хүсвэл хясна гэгчээр тэр охин Ц.Энгүүн болж таарсан даа. Би анхнаасаа Ц.Энгүүнийг хол явна гэдгийг мэдэж байсан. Түүнтэй  үлдчихгүй юмсан  гэж бодож байтал  хамгийн сүүлд үлдэж таарсан. Нэгэнт л тунаад үлдсэнийх  “үзнэ” дээ гэж бодтол  бараагүй  дээ./инээв/

-Таван шатыг давлаа. Мэдээж чамлахааргүй том амжилт.  Сэтгэлд  тань  хамгийн тод үлдсэн шалгаруулалт хэддүгээр  шат байв?

-Сэтгэлд хамгийн тод үлдсэн шат бол “Battle” үе байсан. Ё.Билэгт ах бид хоёр оноолт таарахаасаа өмнө хоёр биеэ танихгүй байж байгаад, бэлтгэлийн үеэр найзууд шиг л дотно болсон. Ё.Билэгт ахыг хасагдах үе хамгийн хэцүү санагдаж байлаа. Хэдэн сарын турш хамтдаа бэлтгэл хийн инээлдэж, хөөрөлдөж байсан хүн  маргаашаас нь бэлтгэлдээ ирэхгүй байх муухай юм билээ. Багийн оролцогчид хасагдсаар улам цөөхүүлээ болох  тусам гунигтай л болчихдог  юм шиг.

 -Сүүлийн хоёр шатанд  таны  стиль их содон харагдаж байсан шүү.

-Сүүлийн хоёр   шатанд Ука шүүгч  маань  миний стилийг тодорхойлсон. Надад Ука шүүгчийн сонгосон хувцаснууд   нь их хурц тод өнгөтэй  санагдаж байсныг нуугаад яах вэ.  Би өөртөө тод өнгийн хувцсыг зохидоггүй гэж боддог. Тийм ч учраас ихэвчлэн бараандуу хувцас өмсдөг. Өөрийгөө чернилийн ягаан өмд өмсөөд дуулна гэж ерөөсөө боддоггүй байсан шүү. Бас л эвгүй юм билээ. Харин хагас шигшээ шатанд өмссөн улаан хослол таалагдсан.

Өөрт чинь тод өнгийн хувцас өмсөх эвгүй санагдсан байж болох юм. Гэхдээ үзээд сууж байсан үзэгч хүний нүдээр харахад сайхан харагдаж байна лээ.

-Баярлалаа.

-Нэгдүгээр шатнаас хойш одоог хүртэл фейсбүүк чатаар холбогдож дэмжиж байгаа илэрхийлэх хүмүүс олон байна уу?

-Хасагдахаас өмнө “Дараагийн шатандаа амжилттай оролцоорой”,  “Гоё дуулдаг шүү” ,“Хувцаслалт чинь таалагддаг” гэхчлэн урмын үг их бичдэг байсан.  Хасагдахад хүртэл “Миний хувьд чи ялагч байсан  шүү, одоо шууд өөрийн уран бүтээлээ хийгээрэй” гэхчлэн урмын үг зөндөө ирсэн шүү. Урмын сайхан үгс унших гоё санаддаг юм билээ. Тэдгээр хүмүүстээ энэ  завшааныг ашиглаад баярлалаа гэдгээ хэлье.

-Ихэвчлэн  охидоос чат  ирж байна  уу?

-Тийм. Хамгийн сонин нь  сүүлийн үед эрэгтэй хүмүүсээс найзлах хүсэлт их  ирээд байгаа. /инээв/

-Охидоос ирж байгаа чат дундаас хамгийн онцгой юм уу, сонин санагдсан чат бий юу?  

-За байз. Нэг охин найзын хүсэлт явуулсан гэсэн. Би тэр хүсэлтийг нь аваагүй юм шиг байгаа юм. Тэгсэн чинь “Найзын хүсэлт аваач” гэснээ сүүлдээ “Өнөө орой хамт караокед дуулах уу” гэсэн чат бичсэн байсан. 

-Нууц биш бол найз бүсгүйтэй юу ?

-Байхгүй.

-Нуулгүй хэлэхэд шоуны үеэр Г.Маргад   уруул дээр чинь үнсэж байсан бичлэгийг харсан үзэгчид та хоёрыг үерхдэг гэж бодсон?

-Г.Маргад бид хоёр маш сайн найзууд. Г.Маргад надад төгсгөлийн шатны үеэр “Чи бид хоёрын хэн нь ч хагас шигшээд тэнцсэн би баярлана” гэж хэлж байсан. Манай хүн сэтгэлийн хөөрөл, эмоци ихтэй. Тэгээд намайг хагас шигшээ шатанд  тэнцсэн болохоор сэтгэл нь хөөрөөд үнссэн байх гэж  бодсон. /инээв/

-Өөрт чинь ямар охин таалагддаг вэ?

-Хэний ч харсан нүд тусахаар содон зэрлэг хувцасласан, биеэ зөв авч явдаг, гоё үнэртэй охид таалагддаг. Харин ааш зангийн хувьд хүн бүрт нүүр өгөөд байдаггүй, жоохон ааштай охид таалагддаг шүү.

-Оролцогчид дундаас хэнтэй нь  хамгийн дотно  нөхөрлөдөг  вэ?

-Сүүл рүүгээ тунаад үлдсэн болохоор ч тэр юм уу Г.Маргад, Б.Баярсайхан ах, Э.Буянгэрэл, Ц.Энгүүн бид хэд л илүү дотно нөхөрлөдөг.  

-Анх тэмцээнд орохдоо энэ шат хүртэл явна гэж төсөөлж байв уу?

-Төсөөлж байгаагүй юм байна. Их мундаг залуустай нэг багт орсон болохоор жоохон итгэл муутай байсан. Яг тухай бүрийн   шатдаа л гайгүй сайн дуулчих юмсан гэсэн бодож байснаас биш  заавал би тэнцэх ёстой  гэж шуналдаагүй.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна даа?

-Ойрын төлөвлөгөө гэвэл Солонгос улс руу  аав ээж рүүгээ  явж магадгүй. Тэнд хэдэн сар амарч байгаад, ирээд  өөрийнхөө бие даасан уран бүтээлийг хийх бодолтой байгаа.

-Ярилцсанд баярлалаа.Удахгүй таны шинэхэн уран бүтээлээр уншигчидтайгаа  эргэн уулзъя.   

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж