Эв нэгдэл ярих дуртай спортын холбоодууд өнөөдөр эмээлийн хоёр бүүрэг шиг болцгоосон. Тэдний нэг нь Үндэсний бөхийн холбоо. Өргөөгөө булаацалдсан бөхчүүдийн хэрүүл өнөөдөр ч үргэлжилсээр байна. Хэдийгээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ‘Эвлэрэхгүй бол цолыг нь хураана’ гэдгээ хоёр тал болон хэрэлдэж буй бөхчүүдэд анхааруулсан ч нэмэр болсонгүй. Бөхчүүдийн маргааны сэдэв нь үндэсний бөхийг хэрхэн хөгжүүлэх, допинг сэргээшээс яаж урьдчилсан сэргийлэх, бөхчүүдийн эрүүл мэнд болоод нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай огтоос биш юм. Бөхийн өргөөг түрээсэлж олдог нь мөнгө нь гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй. Сардаа 50-60 сая, жилдээ 500-600 сая төгрөгийн орлого яригддаг Бөхийн өргөөг аль бөх авах вэ гэсэн асуудал хөндөгдөөд удах болсон. Өөрөөр хэлбэл, Бөхийн холбоогоор дамжуулж Бөхийн өргөөг авах тэр бөхийн нэр хэний хэн бэ? гэх улмаас Бөхийн холбооноос зохион байгуулдаг төлөвлөгөөт барилдаанууд хойшлогдож, өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
Бөхийн холбооны хурал нь “Их Эе”. Сонсоход гоё нэр. Гэхдээ эвлэрдэггүй бөхчүүдийн хувьд энэ нэр бол үнэндээ ахадсан гэхэд буруудахгүй биз. Бөхчүүд ‘Их Эе’ хурлыг тавдугаар сарын 18-ны өдөр хуралдуулахаар төлөвлөсөн ч ‘болзоо’ нь талаар өнгөрсөн. Учир нь ‘Увс нуур’ буюу дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүд уг ‘Их Эе’-дээ ирээгүй юм. Тэгвэл өнөөдөр энэхүү маргаантай асуудлаар дахин хуралдах хүсэлтийг Бөхийн холбооны тэргүүлэгчид дараах хүмүүст тавьжээ.
Одоогоор бөхчүүдийн хэрүүл шүүх дээр яваа. Хоёр тамгатай, хоёр холбоотой, хоёр тэргүүнтэй энэ хэрүүл ‘Их Эе’-ээрээ эцэслэгдэхгүй нь. Бөхийн өргөө байсан цагт бөхчүүдийн хэрүүл дуусахгүй гэсэн үг.
Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнийн талаас Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат, гавьяат тамирчин, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, гавьяат тамирчин, улсын заан Ж.Ганболд, улсын начин, тод манлай уяач Ц.Дуламсүрэн болон Хөдөлмөрийн баатар, гавьяат уурхайчин Л.Чинбат, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нартай уулзах хүсэлтийг тавьжээ.
Одоогийн Бөхийн холбооны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд улсын арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, улсын гарьд Д.Рагчаа, И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, улсын заан Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Ц.Магалжав, улсын харцага Г.Элбэг, Т.Өсөх-Ирээдүй нарын бөхчүүд багтдаг байна. Бөхийн холбооны маргаантай асуудлаар хоёр талын уулзалтыг өнөөдөр 15:00 цагт “Нэгдэлчин” зочин буудлын “Өгөөдэй” танхимд зохион байгуулахаар төлөвлөжээ.