УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нар сайдын суудлаа өгснөөс хойш хөмсөг зангидан, хатуухан үгсийг намын нөхөд рүүгээ чулуудах болсон. “Гомдогсод”, МАН доторх сөрөг хүчин гэх мэт олон нэр хоч дагуулсан тэдэнд ганцаарчилсан тоглолт хийхгүй байхыг бүлгийн зүгээс сануулсан байдаг. Харин ч эсрэгээсээ сөрөг хүчин нь ажлаа муу хийж байхад МАН доторх “цөстэй” зоригтой нь шахаж шаардаад явах ёстой гэж өмөөрөх нэгэн ч бий. Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдвөл “би дэмжиж кноп дарна” гэж эргэлзэхгүйгээр хариулсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийн ахлагчаар та сонгогдсон. Гэтэл таныг улстөржих зорилгоор энэ шалгалтыг зохион байгуулж байна гэж хардлага байгаа. Та ямар хариулт өгөх вэ?
-Энд улстөржсөн зүйл байхгүй. Нийгмийн даатгал гэдэг чинь Монгол Улсын бүх иргэдтэй холбоотой, дундаа үүсгэсэн нийтийн сан хөмрөг. Хуулиар байнгын хороон дээр тайлангаа тавиад байнгын хороо санал дүгнэлт гаргах хуулийн зохицуулалттай. Өмнө нь миний ажиллаж байсан үед ололт амжилт гарсан. Орлогын хувь хэмжээ зөв зохистой шийдвэр гаргаснаар 75 хувь нэмэгдэж, гүйцэтгэлээр 90,1 тэрбум төгрөгийн ашиг олсон. Ололт амжилттай байсан ажлыг нураагаад ирэхээр хэн баяртай байх вэ дээ. Энэ асуудаар өнөөдөр ч улстөржиж болохгүй цаашид ч улстөржих сэдэв биш. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын албан бичгээр өгсөн хүсэлтийн дагуу Ардчилсан намын ажлын албаны даргыг хүртэл ажлын хэсэгт оруулсан. Харин ч Ардын нам Засгийн эрх барьж байгаа учраас алдаа дутагдлыг нь нууна гэсэн дотоод улстөрөөр асуудалд хандаагүй.
-Ингэхэд ажлын хэсэг тайлангаа гаргасан уу. Ямар нэгэн ноцтой тоо баримт байна уу?
-Эрүүл мэндийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас авсан санхүүгийн мэдээлэл дээр ажлын хэсэг дүн шинжилгээ хийгээд тайлангаа гаргасан. Тайлангаас гадна нэлээд зузаан материал бий. Өнөөдөр Нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн үлдэгдэл 285 тэрбум төгрөгийг 15 хувийн хүүтэй хадгалуулж байж хүүгийн орлого олох ёстой. Гэтэл банкны харилцах дансанд 5,4-хөн хувийн хүүтэй байлгаснаар хүүгийн орлогоо алдаж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 10,3 тэрбум төгрөгийн хүүгийн алдагдал хүлээж байна. Гадаа гарахад эмч, багш нар жагсаал хийж, үсээ хусуулж байна. Улсын хэмжээнд нийт 10 мянган сувилагч байдаг. Тэдний цалин дунджаар 500 мянган төгрөг гэж бодоход хүүгийн орлогоос алдсан мөнгө чинь нэг сарын цалин байхгүй юу. Ийм нөөц боломж байхад ашиглаж чадахгүй юм. Ийм байдлаар ажиллаад байвал алдагдалд орно. Алдагдал хүлээгээд ирэхээр улсын төсвөөс нөхдөг. Жишээ нь тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх гэж улсын төсвөөс дунджаар 600 тэрбум төгрөг гаргадаг. Миний яриад байгаа гол асуудал энэ. Хэрэв чөлөөт үлдэгдлийг хадгаламжид байршуулаад орлого олоод байсан бол алдагдал багасна. Мөнгө хэмнэхийн хэрээр эмч, багш нарын цалинг нэмэх эх үүсвэрээ олдог юм байгаа биз дээ.
Үүнээс гадна ажлын хэсгийн дүгнэлтэд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг яагаад татаж авсан бэ гэж тусгасан. Тэр хуулийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед манай яам боловсруулаад, Засгийн газар дэмжээд, УИХ-д өргөн бариад хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Гэтэл хуулийн төслийг татаад авчихсан.
-Таны ярьж байгааг ойлгож байна аа. Гэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Засгийн газар бонд авах шаардлага гарсан үед чөлөөт үлдэгдлийг хадгаламжид биш харилцах дансанд байлгах нь тохиромжтой” гэсэн шүү дээ. Магадгүй С.Чинзориг сайдын энэ шийдвэр өөрөө ашиг сонирхолтой байж мэдэх юм?
-Ашиг сонирхолтой гэж юм бол Хас банкийг ямар нэг байдлаар надтай наагаад, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгож болно. Би нэг ч төгрөг Хас банканд байршуулаагүй. Харин С.Чинзориг сайдын тухайд хувь эзэмшдэг банк ч юм уу ямар нэг ашиг сонирхол байхгүй. Ашиг сонирхолтой гэж шууд харах боломжгүй.
Гэхдээ л санаатайгаар их хэмжээний мөнгийг харилцах дансанд байлгаж байна гэж би үзэж байгаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл чөлөөт үлдэгдлийг ашигтай нөхцөлөөр байршуулах ёстой. Дээр нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл тайлангаа хүргүүлэхдээ цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан байсан. Тэр тайланд ч асуудал байна.
-Мэргэжлийн Засгийн газарт та энэ салбарын сайдаар ажиллаж байсан. Гэтэл өнгөрсөн оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэгт багтсан гэхээр танд ямар нэг нууж, хаах, янзлах асуудал байсан уу. Би зөвхөн хардах эрхээ л эдэлж байна?
-Ямар ч тийм зүйл байхгүй. Надад нууж хаах санаа сэдэл хэзээ ч төрөхгүй. Юу нуух вэ дээ. Бүх зүйл ил тод шдээ. Дээр нь Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдэл байнгын хороогоор анх удаа орж ирж байгаа юм биш. Өмнө нь олон удаа яригдсан. Б.Баттөмөр гишүүн Засгийн газарт асуулга тавиад, бид чуулган дээр нээлттэйгээр хэлэлцэж байсан. Би энэ салбарын сайд байхдаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг арын өрөөндөө хийж байгаагүй. Дандаа Төрийн ордны “В” зааланд нээлттэй, камер, микрофонтой хийж, протокол хөтлүүлдэг байсан. Ил тод нээлттэй байлгаж байсан. Юу нууж хаах вэ дээ. Надад нуух юм байхгүй. Тухайн үеийн арилжааны банкнуудаас санал болгож байгаа хадгаламжийн хүүг вэйб сайтад байршуулдаг байсан. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр арилжааны банкнуудыг өрсөлдүүлж байгаагийн нэг хэлбэр.
-Танай намын, тодруулбал, танай засгийг огцруулж гарч ирсэн Ардын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 44,6 хувьтай гарсан. Эдийн засгийн өсөлт 5.1 хувьтай гарсан. Магадгүй энэ нь танай засгийн эхлүүлсэн ажлын, бодлогын шийдвэрүүдийн үр дүн мөн үү. У.Хүрэлсүхийн засаг зөвхөн ‘ургац’-ыг нь хурааж байгаа гэх хүмүүс байна л даа?
-Өнгөрсөн 2017 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэсэн. Бүх яамдын үйл ажиллагааг дүгнэхэд миний ахалж байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 94,9 хувиар нэгдүгээр байранд орсон. Бас хэдэн сая төгрөгөөр шагнуулсан, тэр ч яах вэ шинэ сайд нь авна биз. Энэ амжилт бол нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн менежмент, тэтгэвэр тогтоох, тэтгэвэр олгох гэх мэт 56 нэр төрлийн зөрчлийг арилгасантай холбоотой. Дээрх бүх асуудалд 300 гаруй байцаагч холбогдоод байсан.
Таван нөхөр тойрч суугаад дураараа журам өөрчилдөг байсныг зогсоож, УИХ-аар хууль болгоод гаргах зорилготой Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг өргөн барьсан. Гэтэл хэлэлцүүлгийн шатанд байхад татаад авчихсан. Хуулийн төсөл боловсруулах ажлыг ганцхан Н.Номтойбаяр хийчихдэггүй юм. Энэ хуулийн төслийг боловсруулахын тулд “албан тасалгааны өрөөнөөс амьдралын асуудал шийдэхгүй, айл өрхүүдээр явж судал” гэж мэргэжилтнүүддээ хэлээд, долоо хоногийн аян өрнүүлж байсан. За тэгээд удирдлага зохион байгуулалт, мэдлэг боловсролтой салбарын олон хүн оролцсон төсөл дөө.
-Ардын засаг багагүй өр тавьсан, энэ тэндээс их хэмжээний зээл авах болсон. Гэхдээ бүтээн байгуулалт алга. Хийж байгаа ажил алга. Бодлого нь алга. Ийм л шүүмжлэлийг иргэд хэлэх боллоо. Үнэндээ МАН засгийн эрх аваад яг хоёр жил боллоо. Бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байхад юу ч хийсэнгүй л дээ?
–Надад ажиглагдаж байгаагаар энэ Засгийн газрын удирдлага зохион байгуулалт алдагдсан. Засгийн газрын тэргүүн нь УИХ-аас томилогдохдоо ч мордохын хазгайгаар томилогдож байсан. Танхимын сайд нь улстөрийн шантааж хийж, албан тушаалтай болдог. Яг үнэндээ мэргэжлийн Засгийн газар байгуулах үндсэн заалт алдагдсан гэж би үзэж байна. Мэргэжлийн бус ч гэсэн салбартаа санаачилгатай, зоригтой, шийдэмгий ганц нэг хүн байна. Зүгээр нэг гиюүрсэн, сайдын ямба эдэлсэн, гадагш дотогш явсан хүн ч байна. Эцсийн дүндээ удирдлага зохион байгуулалт алдагдсаны шинж.
Жишээ нь, Ерөнхийлөгчийн зүгээс гурван хүний нэр цохож сайд болголоо гэнэ. Сонсоод байхад Ерөнхийлөгч дуудаг, Ерөнхий сайд нь ч хурал дээрээ дууддаг гэх юм. Бүлгийн хурал дээр ч Засгийн газрын сайд нар нь бие биеэ эрж хайсан байдалтай л байдаг. Ийм кабинетын зарчим гэж хаана ч байхгүй.
Энэ Засгийн газрыг хэдэн хүн удирдаад байгаа юм бэ. У.Хүрэлсүх нь Ерөнхий сайд юм уу, Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайд юм уу эсвэл Ц.Нямдорж Ерөнхий сайд юм уу. Танхим дотроо хүртэл бичил фракцуудад хуваагдчихсан. Нийлээд нэг юм хийе гэсэн бодол хүн болгонд бий. Бодлоор биелдэг юм биш. Бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Яг үнэндээ Засгийн газар үлбэгэр байна. Дээр нь нэг зүйлийг онцлоод хэлэхэд энэ Засгийн газрын үйл ажиллагааны биелэлтийг намын бүлэг дээр танилцуулсан. Тэр нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийсэн ажил юм. Энд нэг зүйлийн хэмжээ хязгаар, хил заагийг тогтоогоод авчих нь зүйтэй. Юу вэ гэхээр Ч.Сайханбилэгийн Засгийн газраас бид тамга хүлээж авахад нийгэм, эдийн засгийн байдал ямар байсныг одоо ямар болгоод байгааг хар л даа. Үе үеийн Засгийн газраас манай Засгийн газрын гарааны эхлэл тэнгэр газар шиг зөрүүтэй. Бид тамга хүлээж авахад ямар ч мэдээ, мэдээлэлгүй, шинэ Засгийн газрын бүтэц зохион байгуулалттай байсан. Шинэ баг бүрэлдэхүүнээрээ харанхуй ангал руу ханцуй шамлаад орсон. У.Хүрэлсүхийн Засгийн газар тамга авахад бүх ажил маш тодорхой байсан. Орооцолдсон утасны үзүүрийг олоод, ойлгомжтой болгочихсон үед тэд ажил авсан. Энэ утгаар нь харвал тэдэнд атаархмаар байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад долоон сар болсон, дүгнэж эхлэх цаг нь болсон. Маш их ажил амжуулах урт хугацаа өнгөрлөө.
-Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчтэй нэг баг болчихсон, УИХ-д суудалтай 65 бүлэг нь Засгийн газраа ч мэдэж, хянадаг асуудал нь байхгүй болчихсон юм биш үү. Засагтай хариуцлага ярьж, хяналт тавьж байгаа хүн байна уу?
-Ардчилсан нам манай 33-тай нийлж байгаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулахад хамтарсан байдлаар оролцсон. Тэгэхэд би чуулганы үүдэнд хэвлэлийн хурал хийгээд “Өнөөдөр УИХ сөрөг хүчингүй боллоо. Парламент хяналтгүй болсон учраас сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхэд би гар бие оролцоно” гэж мэдэгдсэн. Цөөнх хяналт тавина гэхээр л хэрүүл хийхийн нэр биш. Яг өнөөдөр Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй нэг тал болсон гэхэд баримт алга. Надад сураг сонссон ч юм алга.
-Баримт байхгүй ч хардах эрхтэй биз дээ?
-Сураг сонсоогүй юм чинь юундаа хардах вэ дээ. Би чинь хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан хүний хувьд аливаа асуудалд баримттай, ултай суурьтай хандахыг хичээдэг. Н.Алтанхуягийн үед ноцтой асуудал оруулж ирээд л Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах ажлын хэсгийг ахлаад явж байсан.
-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг сөрөг намаас хөндөх боллоо. Бүр хоёр сайдыг нэр цохож, засгаас хөөх шаардлага хүргүүлсэн. Бас Цэцэд хандахаа мэдэгдчихлээ. Танай бүлэг энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ. Ялангуяа өмнөх засагт сайд хийж явсан таны байр суурийг сонсмоор байна?
-Албан ёсоор хөндөгдөөд яриа хэлэлцэл болсон юм алга. Гэхдээ бухимдалтай гишүүд байгаа. Чуулган завсарлахад бид тойрогтоо ажилласан. Тухайн үед сонгуулийн амлалт, Засгийн газраа тогтвортой байлгана, ажилгүйдлийг бууруулна гэсэн яасан бэ гэж иргэд асууж байсан. Мэдээж ажилгүйдлийг нэг шөнийн дотор бууруулахгүй ч цаашид буурна гэсэн итгэл төрөхгүй байна гэж шүүмжилсэн. Монгол сайхан болно гэсэн итгэл үнэмшил хаана ч алга.
-Хэрэв энэ Засгийн газрыг огцруулах асуудал чуулган дээр орж ирвэл та дэмжих үү, үгүй юу?
–Яг өнөөдрийн байдлаар энэ Засгийн газарт дүн тавих юм бол унагаахын төлөө кноп дарна.
-Засгийн газар Эрдэнэс-Тавантолгойг хөдөлгөх шийдвэр гаргалаа. Энэ том төслийг ямар байдлаар явуулах ёстой вэ?
–Энэ долоо хоногт бүлгийн хурал үндсэн танхимдаа болоогүй. Нийтийн сонсголын танхимд болж, хошигноод хэлэх юм бол арван жилийн хүүхдүүд шиг л байсан. Бүлгийн хурал ямар ч зохион байгуулалтгүй болсон.
Ийм чухал асуудлыг бүлгийн танхимд камер, микрофонтой, протокол хөтлүүлж байж хийх ёстой. Хамгийн гол нь Ерөнхий сайд өөрөө орж ирээгүй. Тавантолгой бол жижиг сажиг асуудал биш шүү дээ.
Макро эдийн засгийн хамгийн том хоёр толгойн нэг. Тэр утгаараа Ерөнхий сайд нь өөрөө орж ирээд, кабинетын бүрэлдэхүүнээрээ сууж байгаад танилцуулах ёстой байсан. Энэ том төслийг хөдөлгөх ажил нь зөвхөн Д.Сумъяабазарын ажил биш. Дэд бүтэц, байгаль экологи, боловсон хүчин гээд ярих юм бол бүх яаманд хамаарах асуудал шүү. Бүх сайд нар сууж байгаад танилцуулсан бол албан ёсных мөн бишийг зааглана. Иймэрхүү байдлаас үүдээд мэдээлэл авсан гэж хэлэхэд хэцүү байна. Яг үнэндээ Эрдэнэс-Тавантолгойг хөдөлгөх төслийн танилцуулга надад ирээгүй байна. Бүлгийн хурал дээр танилцуулга тараасан ч цаана нь юу байгаа нь ойлгомжгүй байна.
-Энэ төслийг улстөрчид арав гаруй жил хэрүүлийн алим болгосон. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Тавантолгойг хөдөлгөнө гэж амалсан. Танай нам УИХ-д үнэмлэхүй олонх байгаа дээрээ хөдөлгөж чадах болов уу. Эдийн засагт асар их хүлээлт байна?
-Дандаа харлуулаад байх нь хаашаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд “Өөрсдөө санаачилга гаргаад улс төрийн хэрүүл тойрсон асуудлаа шийдээд явах цаг нь болсон” гэж хэлж байна лээ. Би бол үүнтэй 100 хувь санал нэг байна. Зоригтой, цаг үеэ олсон маш чухал шийдвэр. Өнгөрсөн 10 жил бид энэ төслийг тойроод хэрэлдсэн. Ингэснээр хэн хожсон бэ гэвэл ОХУ хожиж байна. ОХУ-д маш том зах зээлийг бий болгож өгсөн. 2030 он гэхэд Хятад нүүрсний бодлогоо өөрчилнө. Тэр үед бүгд байгалийн хийг ашиглаж эхэлнэ. Байгалийн хий бол нүүрстэй өрсөлдөх гол хэрэглээ юм. Ийм чухал асуудлыг бид тамын хар тогоо шиг бие биеэ татаж унагаагаад, бие биеэ хардаад, эсвэл надад ямар хамаатай юм бэ гэдэг байдлаар хандах юм бол үнс болно шүү. Одоо мөнгө олж байгаа дээр нь хөдөлгөх хэрэгтэй. Хэдий хүртэл хоёр толгойгоо тойроод хэрэлдэж суух вэ дээ. Харин ямар арга замаар вэ гэдэг чинь зарчмын асуудал. Би Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдтай уулзаад энэ төслийг Ерөнхий сайд танилцуулах ёстой. Ерөнхий сайд гол асуудлаа өөрөө зангидаад явах нь зүйтэй. Дээр нь бүлгийн гишүүдэд тарааж өгсөн материал хангалтгүй байна гэдгээ хэлсэн. Надад бол Эрдэнэс-Тавантолгойтой холбоотой ямар нэг ашиг сонирхол байхгүй. Би 1072 ширхэг хувьцаатай гэдгээрээ л ашиг сонирхолтой болчихгүй бол өөр ашиг сонирхол байхгүй. Би уул уурхайн салбарт хагас хугас оролцож явсан хүний хувьд санаа тавьж ажиллана. Энэ 76 дотор эдийн засгийн ойлголттой, өөрийн биеэр бизнес хийж явсан цөөхөн хэдэн гишүүн бий. Тэр хэдэн хүмүүс нь суугаад, Монгол Улсад ашигтай хувилбарыг гаргах ирье л дээ.
-Эрдэнэс-Тавантолгойн 30 хувьд IPO гаргана гэж Засгийн газар тодотгоод байгаа. Тэгвэл үлдсэн 70 хувьд яаж хөрөнгө оруулах юм бэ. Хэнтэй хамтрах юм бол. Та эрх баригч намын бүлгийн гишүүний хувьд мэдэж байгаа байх?
-Надад яг ийм арга замаар явах ёстой гэдгийг харах судлах, дүгнэлт гаргах суурь материал нь алга. Тэр материалтай танилцах хэрэгтэй байна. IPO гэж яриад байгаа асуудлаа оффшорын хуультай уялдуулж харахгүй бол асуудал үүсч магадгүй л юм байна лээ.
-Ямар асуудал?
–Хөрөнгийн бирж дээр IPO гаргана гэхээр үндэсний аюулгүй байдалтайгаа холбож харах хэрэгтэй. Хөрөнгийн зах зээл дээр гарлаа гэхэд гол худалдан авагч нь Хятадын зах зээл шдээ. Хятад бүгдийг нь авчихвал яах вэ. Хэрэв тийм нөхцөл байдал үүсвэл хэлэлцээр хийх эрх мэдэл тодорхой хэмжээнд алдагдана. IPO гэдэг нь өнөөдрийн зөв шийдэл мөн үү. Энэ чинь эрсдэлээ бусадтай хуваалцах л асуудал юм. Олон улсын хэмжээнд эрсдэлээ хуваалцах шаардлага байна уу. Аз болоход нүүрсний үнэ өсөх хандлагатай байгаа энэ үеийг ашиглах ёстой.
-IPO гаргахгүйгээр манайх өөрсдөө хөрөнгө гаргана гэхээр боломж байгаа юм уу?
-Олон төрлийн санхүүгийн менежмент байна. Жишээ нь мөнгө босгохын тулд гэрээ байгуулж болно, гэрээнийхээ урьдчилгааг авч болно. Ирээдүйд нүүрсээрээ төлөх, эсвэл банк санхүүгийн аргаар шийдэж болно гэх мэт. Энэ бол миний байр суурь биш шүү. Би зөвхөн байж болох хувилбаруудаас дурдаж байна. Дээрх бүх аргаас зөв хувилбарыг улс орны эдийн засагт ашигтай байдлаар хараад сууя гэхээр материал нь алга. Дараа нь өгөх юм байлгүй.