Намар болж байна. Яг энэ үед мөнгө олж болох хэд хэдэн ажил байна. Хамгийн эхэнд самрын наймаа. Самар л харагдвал мөнгөө барин дайрах манайханд хаанаас яаж түүсэн, цайруулахдаа ямар арга ашигласан зэрэг нь огт хамаагүй. Эрүүл ахуйн шаардлага энэ тэрийн талаар бодох ч хэрэггүй дээ, манайхан тоохгүй. Хамгийн гарлага багатай бизнес шүү. Гэхдээ цагдаад баригдчихвал самар түүхдээ ашигласан болгоныг нь улсын орлого болгодог юм гэсэн. Үүний араас халаасны хулгайн бизнес орно гэж байгаа. Гэхдээ жаахан эрсдэлтэй. Цагдаа нарт баригдчихвал баларна шүү. Хөдөөнөөс ирсэн хөөрхөн улаан хацартай хүүхдүүд халаасаа дарж яваад л мөнгөө алдана. Хамгийн сайн орлоготой байх газруудаар “Нарантуул” ОУХТөв, “Бөмбөгөр” худалдааны төв зэрэг орно. Бас автобус дотор ч иймэрхүү ажил хийдэг л юм шиг байна лээ. Дараагийн орлоготой байх бизнесээр сургуулийн хуваарь зарах бизнес орно. Энэ бол гайгүй мөнгө олох бизнес. Хавар их сургуулийн хуваарь авч чадаагүй хүүхдүүд зунжингаа ээж, аавыгаа шалаад намар нь мөнгө төлж сургуульд ордог моод дэлгэрээд багагүй хугацаа өнгөрч байна. Гэхдээ энэ бизнесийг хэр баргийн хүн хийж чадахгүй бөгөөд сайн танилтай хүн л хийдэг юм шиг байна лээ. Үүний араас сүүлийн үед нэлээд хүчээ авч байгаа бизнес бол утаагүй зуухны бизнес байна. Зуух л юм чинь утаа гарч таарна л даа. Гэхдээ дарга нар утаагүй гээд хэлчихвэл утаа гардаг эсэх нь нэг их хамаагүй болчихсон. Ингээд утаагүй зуухыг гэр хорооллын ард түмэнд “шахах” томоохон ажил одооноос эхэллээ. 459 мянган төгрөгний үнэтэй зуух хямдраад 250 мянган төгрөг болсон ч ард түмэн авч чадахгүй л байгаа. Тэгвэл саяхнаас дахин хямдруулаад 50 мянган төгрөг болгосон гэсэн. 459 мянгын зуух бараг 10 дахин хямдарна гэдэг чинь гайхамшиг биз дээ. Түүнийг хийж байгаа компани нь бараг л буяны байгууллага байх аа. Тун удахгүй утааны улирал эхэлнэ. Энэ үеэр уг зуухыг айл өрхүүдэд сайн “шахах” хэрэгтэй. Улс төрчид хүртэл энэ зуухаар сонгуулийн шоу хийж болохоор санагдсан. Энэ зуухнаас хэдийг худалдаж авчихаад л гэр хорооллынхонд аваачиж бэлэглэхгүй юу.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин