Манчестер хотын багууд хүчтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Манчестер хотын багууд хүчтэй байна

Английн “Премьер лиг”-ийн хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтод “МанЮ” талбайдаа “Тоттенхэм”-ийг хүлээн авч, 3:0 харьцаатай хожлоо. Улирлын нээлтийн тоглолтоо хийж буй “Тоттенхэм”-ийн бүрэлдэхүүнд гол “найруулагч” Лука Модрич оролцоогүй юм. Тэрбээр “Челси” рүү зарагдахаар болжээ. Тоглолтын эхний үе гоолгүй тэнцсэн ч хоёрдугаар үеийн 61 дэх минутад  “Улаан чөтгөрүүд”-ийн залуу тоглогчдын хослол амжилттай болж Данни Уэлбек, Том Клеверлигийн хөндлөн дамжуулалтыг мөргөж гоолдсоноор талбайн эзэд тэргүүлж эхэлсэн юм. Улмаар тоглолтын 76 дахь минутад Андерсон, 87 дахь минутад Рүүни гоол оруулснаар өнгөрсөн жилийн аваргууд итгэл төгс ялалт байгууллаа. Харин Лондон хотын баг 1989 оноос хойш “МанЮ”-г “Олд Траффорд” цэнгэлдэхэд хожоогүй хар цувралаа үргэлжлүүллээ.

Мөн улирлын нээлтийн тоглолтоо сайн эхлүүлсэн “Болтон”, “Манчестер Сити” багууд энэ тойрогт учраа таарч, 3:2 харьцаатай “Сити”-чүүд өрсөлдөгчөө талбайд нь хожжээ. Шинэ улирлын эхлэлийг Манчестер хотын хоёр баг болон “Волвес”-чууд сайн тавьж зургаан оноотой тэргүүлж байна. Мөн мэргэн буучийн жагсаалтыг “Сити”-гийн Эдин Жеко, Серхио Агуэро, Давид Сильва нар хоёр гоолтойгоор тэргүүлж байна.

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж