“Төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх үндсэн цалинг нэмэгдүүлэх арга зам, гарц шийдэл” хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Тус хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3,3 дугаар зүйлийг үндэслэн Засгийн газар, төрийн үйлчилгээний албан хаагчдын төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлэг хийж, үндсэн цалинг нэмэх, бодит үр дүнд хүрэхэд зорилгоор зохион байгуулав .
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “ Цалингаа нэмүүлье гэхээр өмнөөс өр ярьдаг. Өрийг хэн бий болгов, юунд зарцуулав гэдэгт ард түмэн анхаарал тавих цаг нь ирсэн. Засгийн газар бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг хойш нь тавьж цалин хөлсний асуудалд анхаарал хандуулах шаардлагыг тавьж байна. Төсөвт байгууллагад ажиллагсдын цалин хөлсний нэмэгдэл 2008 онд 65 хувь, 2010 онд 30 хувь, 2012 онд 42 хувь, 2014 онд 15 хувь. Төрийн албан хаагчдын цалин 2014 оноос хойш огт нэмэгдээгүй байхад улсын дундаж цалин24.6 хувь буюу 203 мянган төгрөгөөр өссөн байна. Тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлнэ гэж тусгасан. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2017 оны аравдугаар сарын 28ны өдөр хэлэлцээрийн талууд нэмэлт хэлэлцээр байгуулж, 2018 оны хоёрдугаар улиралд багтаан төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээр байгуулна гэж тохиролцсон. Засгийн газрыг тус нэмэлт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж МҮЭ-ийн холбооноос санал, шаардлагыг хүргүүлж, хэлэлцээг хоёр ч удаа эхлүүлсэн боловч тодорхой тохиролцоонд хүрээгүй тул МҮЭ-ийн холбооноос гишүүн байгууллагуудынхаа хамтаар ажил хаялтыг ес дахь өдрөө хийж байна” гэв.
Тэд хэлэлцүүлгийн үеэр асуудлын шийдлийг ярилцаж, хэлэлцүүлэгт сууж төрийн албан хаагчийн асуудлыг сонсооч хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ХНХ-ын сайд С.Чинзориг нарт урилга хүргүүлсэн боловч Засгийн газрын хуралдаантай давхцан учир тэднийг орж ирэх хүртэл тарахгүй гэдгээ мэдэгдэж байв. Энэ үеэр нэгэн ахмад багш индэрт гарч “Биднийг ес хоног хүйтэн цемент дээр сууж байхад ирээгүй хүмүүс дотор халуун суудал дээр сууж байхад орж ирэхгүй” хэмээн ихэд бухимдан хэлж байв. Ингээд удтал тэднийг хүлээлгэсний эцэст БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ХНХ-ын сайд С.Чинзориг нар Засгийн хуралдаанаас орж ирсэн юм.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэдэнд хандан хэлэхдээ “Цалинг нэмэгдүүлэх чиглэлээр 2019 оны төсөвт 33.2 тэрбум төгрөгийг суутгаж өгөөч гэдэг саналыг байнгын хорооны хурлаар гишүүнийхээ хувиас саналаа гаргаж дэмжүүлснийхээ төлөө би өнөөдөр Засгийн газраас зэмлэл хүлээгээд байна. Танхимын зарчимтай атал салбарынхаа асуудлыг ганцаараа ярьж дангаараа 33 тэрбум төгрөг нэмэх гэлээ гэж зэмлүүлээд л би багш нарынхаа төлөө ажиллаж байгаа. Та нар хэрэв итгэхгүй байгаа бол байнгын хорооны хурлаар хэлсэн үгийг бичлэгээс нь авч үзээрэй. Сангийн сайд намайг ганцаарчилсан тоглолт хийж, салбарынхаа асуудлыг ганцаараа битгий яриад бай гэж хүртэл хэлсэн.. Дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар ХНХ-ын сайд С.Чинзориг бид хоёр Ц.Нямдорж сайдтай муудалцаж гарч ирлээ. “Жагсч байгаа хүмүүсийн үгийг та нар зөв сонсч, ойлголцож ажиллая гэж яагаад боддоггүй юм бэ. Засгийн асуудал” гэж хэлээд л бид хоёр загнууллаа.
Монгол Улсын 35 мянган багш нарын үндсэн цалинг найман хувиар нэмэгдүүлэхэд дангаараа 55 тэрбум төгрөг. 16 хувиар нэмэгдүүлэхэд 110 тэрбум төгрөг. 25 хувиар нэмэгдүүлэхэд зөвхөн улсын төсөвт 165 тэрбум төгрөг суугдаж байгаа юм. Гэтэл бүхэлдээ 50 хувиар нэмэгдүүлье гэдэг та нарын шаардлагыг аваад үзвэл улсын төсөвт үндсэндээ 1.3 их наяд төгрөг хэрэгтэй болно. Та нар судалгаа ярилаа гэж уурлах хэрэггүй. Бодит байдлаа л хэллээ. Ганцхан багшийн цалингийн асуудал биш. Эмч нарын цалинтай багш нарын цалинг харьцуулмааргүй байна. Яагаад гэвэл эмч нар давхар орлого олох харьцангуй боломжтой. Багш нарын амралт эхлэхээс өмнө багш нарын асуудлыг шийдмээр байна гэдгийг С.Чинзориг сайд бид хоёр хурал болгон дээр хэлдэг” гэдгээ учирлалаа.