-Юуны өмнө босогчдын эсрэг галаа зогсоох болсон шийдвэрийн талаар асуумаар байна?
-Сирий минь ард иргэдийг ийм хэмжээнд хүртэл нь уурлуулж, асуудлыг хурцадмал байдалд шилжүүлсэн зарим террорист бүлэглэлийн нууц гишүүдэд хандаж хэдэн үг хэлмээр байна. Та бүхэн Сирийн хэзээ ч эзэгнэж чадахгүй. Учир нь эрх баригчид бид өөрсдөө ард түмний өмнө бууж өгсөнөөр ирээдүй гэрэлтэх болно. Гурван сарын хугацаанд амь үрэгдсэн хүн болгоны өмнөөс харуусал илэрхийлэх нь бидний, миний үүрэг. Гал зогсоох шийдвэрийг ганцхан би ч гаргаагүй. Эрх баригчид болон парламентын гишүүд бүгд санал нэгдэж, гал зогсоох шийдвэрийг гаргасан. Түүнээс биш НҮБ, НАТО, америкчууд энэ шийдвэрийг гаргаагүй. Эх орон цус, нулимсанд ханах тэр цагийг бид хойч үедээ харуулмааргүй байна.
-Таны энэ шийдвэр жинхэнэ эх оронч хүний хийх ёстой зүйл хэмээн зарим хүн магтаж байна. Харин зарим нь таныг эх орноосоо урвасан, тэр ч бүү хэл эх орноо орхин явах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна?
-Ард түмний минь түмэн зөв. Сирийн ирээдүй ард түмнээс, бас биднээс шалтгаална. Зүгээр гал зогсоогоод бууж өгөх биш. Буруу шийдвэр гаргасан бол түүнийгээ эргэн залруулдаг хүн л “Эх оронч” гэдэг нэрийг зүүх байх. Би одоо ч эх орноо орхин явахад бэлэн байна. Гэхдээ энэ бүхнийг зөв байранд нь оруулчихаад явмаар байна. Цагийн юм цагтаа. Цаг нь ирэхээр хүссэн, хүсээгүй би ард иргэдийнхээ үгийг сонсоод явна.
-Таныг өнгөрсөн бямба гарагт “Би улсынхаа аюулгүй байдалд санаа зовохгүй байна” гэж хэлснийг бүгд сонссон. Энэ таныг явсаны дараа гэсэн үг үү, явахаас өмнө гэсэн үг үү?
-Та миний явах, явахгүйд бүү санаа зов. Миний дөрвөн үе энэ улсын сайн сайхны төлөө амь биеэ зориулж ирсэн түүхтэй. Харин надаар тэр залгамж угсаа тасалдах бололтой. Би улсынхаа аюулгүй байдалд санаа зовохгүй байна гэдэг нь шинэ засаглал, шинэ улс төрийн тогтолцоо, шинэ арми гээд бүх зүйл шинэчлэгдэх мөчид манай улсын тусгаар тогтнол, улсын аюулгүй байдал хамгаас чухал сэдвийн нэг болно. Энэ цагт эх орноо гэсэн ард түмэн байхад би улсынхаа аюулгүй байдалд санаа зовохгүй байх сайн тал ажиглагдсан юм.
-Сирийн олон улсын харилцаа “Хувьсгалын хар шуурга”-аас өмнө хөгжиж, ахиц гарч байсан. Харин уг хувьсгалын дараа танай улсын нэр хүнд олон улсад унаж, хүний эрхийг хамгаалах байгууллагуудын анхаарлын төвд шилжсэн гэж хэлж болно. Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын нэгдсэн судалгаагаар танай улсад нийт 2000 гаруй жагсагч амь үрэгдсэн талаар мэдээлсэн?
-Тийм ээ. Бид үүнийг үгүйсгээгүй. Эдгээр хүмүүсийн өмнөөс харуусан гашуудаж байна. Гэхдээ тэд төрийн эсрэг хөрш учир шалтгаангүй жагсаал хийсэн. Тэр ч бүү хэл улс орныхоо зэвсгийн агуулах руу дайран орж, зэвсэг дээрэмдэн төрийн эсрэг боссон. Тэдний энэ алхам нь гэмт хэрэгт тооцогдож гал нээх тушаалыг холбогдох албан тушаалтнууд өгсөн нь үнэн. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагаас хэчнээн хүн амь үрэгдсэнийг яаж тоолж гаргасан нь хачирхалтай санагдаж байгаа.
-АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама танд хандаж улсаасаа гарч, бууж өгөх санал тавьсан?
-Түүний хэлсэн үгэнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа. Хаанаас гаралтай ямар хүн юу яариад байгаа талаар Сирид хүлээж авч байгаа нэг ч хүн байхгүй гэж бодож байна. Санал тавьсан гэх зүйл сонсогдож байсан. Чухамдаа тэр өөрийн улсын санхүүгийн асуудлыг зохицуулж чадахгүй байж бусдын хэрэгт хошуу дүрэх нь манай улсын зарим эрх баригчдын дургуйцлийг хүргэж байгааг уламжилмаар байна.
-Сири улсад энх тайван удахгүй ирнэ гэдэгт та итгэлтэй байна уу?
-Манай Сири улс тусгаар тогтнол, эх чөлөө, шударга ёсныхоо асуудлыг гадны оролцоогүй өөрсдөө шийдвэрлэх чадалтай, тусгаар тогтносон улс гэдгийг дэлхий дахинаа сануулмаар байна.
"Улс төрийн тойм" сонин