Урин дулаан цагт нийслэлд бүтээн байгуулалтын ажил ундардаг. Барилга байшин олноор баригдахын зэрэгцээ авто замуудыг өргөтгөх, засварлах ажил оволздог. Энэ жил хийгдэх зам засварын томоохон ажлын нэг нь Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын замын ажил юм. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын авто замыг хааж, Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барихаар төлөвлөсөн.
Бага үдийн 11.00 цагийн үед тус замаар зорчих хөдөлгөөн ихтэй, түгжрэл ид оргилдоо байв. Ганцхан Олимпийн зам гэлтгүй бусад зам ч ачаалалтай байгаа харагдлаа. Энэ замаар өдөртөө 16-30 мянга, цагт 2500-3000 машин зорчдог гэсэн тоо бий.
Гүүрэн гарц барихтай холбогдуулж нийслэлээс хэд хэдэн түр зам барьсан юм. Тухайлбал, таван байршилд нээсэн түр замын ажилд нийтдээ 780 сая төгрөг зарцуулжээ. Дахин нэмж хоёр түр зам нээхэд 580 орчим сая төгрөг шаардлагатай байгаа аж.
Шинээр гаргасан түр замууд:
- Гол зам нь Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 м зам
- Махатма Гандийн гудамжийг Хүннүгийн гудамжтай холбосон
- Хүннү хорооллоос урагш Удирдлагын академитай холбосон зам
- Баянмонгол хорооллын баруун талын Саруул хотхоны дундах замыг тусгаарлах зурвастай болгож байнгын цагдаа ажиллуулж эхэллээ.
- Нарны зам дээр 3-4 газарт баруун зүүн болон буцаж эргэх эргэлтүүдийг хийж, замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж байна.
Гүүрэн зам барихтай холбогдуулж авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж буй талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодрууллаа. Тэрбээр “Ирэх зургаадугаар сарын 5-наас эхлэн Замын цагдаагийн уулзвараас Олимпийн гудамж хүртэлх замыг 1.6 жилийн хугацаатайгаар хаахаар төлөвлөсөн” гэж яриагаа эхлүүллээ.
-Гүүрэн гарц барихтай холбогдуулж ямар замуудад өөрчлөлт оруулсан бэ?
-Гүүрэн гарцтай холбоотойгоор Замын цагдаагийн уулзвараас Хоме Плаза хүртэлх авто замыг хаасан байгаа. Мөн зарим туслах авто замуудыг нээж хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Хурд хорооллоос төв цэнгэлдэх хүрэх замыг нээсэн. Дараа нь Нийслэл хүрээ гудамжаас Удирдлагын академийн туслах замыг гаргаж өгсөн. Цаашлаад гүүрэн гарц барихтай холбогдуулж зургаадугаар сарын 5-наас эхлээд замын цагдаагийн уулзвараас Олимпын гудамж хүртэл хаахаар төлөвлөсөн. Тиймээс Натур төвийн уулзвар орчимд түр гүүрэн зам барих, хоёр нүхэн гарц хийхээр төлөвлөөд ажиллаж байна.
-Нийслэл хотын хэмжээнд урсгал засварууд эхэлсэн учраас зарим замуудыг хаасан шүү дээ? Тухайлбал, Яармагийн авто замыг есдүгээр сар хүртэл хаасан гэж байсан?
-Нийслэл хотын хэмжээнд дулааны шугам зам засварын урсгал засвараас үүдэн зарим замыг хаасан байгаа. Үүнд яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто зам, Яармагийн гүүрнээс Чингисийн өргөн чөлөө хүртэлх авто замыг түр хугацаагаар буюу ирэх есдүгээр сарын нэгэн хүртэл хаасан байгаа. Гэсэн хэдий ч сөрөг хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж байна.
-Гүүрэн зам барих үед иргэдээс дугаарын хязгаарлалтын талаар санал асуулга явуулж байсан. Дугаарын хязгаарлалт өмнөх шигээ хэвийн үргэлжилж байгаа юу?
-Гүүрэн гарц барихтай холбоотойгоор иргэдийг улсын дугаараар тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах санал авсан. Санал асуулгын нэгдсэн дүнгээр иргэд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцохыг дэмжээгүй. Ийм учраас хөдөлгөөн урьдын адилаар зуны бүсчлэлийн дагуу хөдөлгөөн үргэлжилж байгаа.
Гүүрэн замын ажил хэвийн үргэлжилж байна
Тус гүүрэн зам нь ирэх 2019 онд ашиглалтад орох төлөвтэй байна. Гүүрэн гарцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая ам.доллараар барихаар төлөвлөөд байгаа юм. Өнөөдрийн байдлаар Паркийн зүүн талын авто замын ойролцоо цэнхэр хашаа татсан байв. Ойролцоо очиход инженер шугам сүлжээний ажил ид өрнөж байлаа. Энэ асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас гүүрэн гарцын барилгын ажлын явцын талаар цөөн асуултад хариулт авлаа. Тэрбээр “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарцыг барьснаар төмөр зам, авто машинтай нэг түвшинд огтлолцдог хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой” гэв.
-Гүүрэн замын үйл явц ямар шатанд өрнөж байгаа вэ?
-Одоогийн байдлаар инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байгаа. Инженерийн шугам сүлжээний ажлуудад бохирын ажил, цахилгаан, анкорыг нүүлгэн шилжүүлэх ажил ид өрнөж байна. Нийтдээ Монгол, Хятад нийлсэн 150 гаруй ажилчин одоогоор ажиллаж байна. Ер нь ачааллын үед буюу зургаадугаар сарын сүүлээр 500 гаруй хүн ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-Иргэдийн дунд гүүрэн замын барилгын явц удаашралтай байна гэсэн шүүмжлэлүүд их яригдаж байгаа шүү дээ?
-Хашааны цаанаас харахад ажил өрнөөгүй мэт харагдаж байгаа ч инженерийн шугам сүлжээ Г хэлбэрийн шугам байршуулахын тулд 4-5 метрийн гүнд нүхээ ухаад, цутгалтын ажлаа хийгээд явж байна. Нийт 96 тулгуур баганаас одоогийн байдлаар 33 тулгуур баганы нүх ухсан. Энэ баганын нийт гүн нь 37-44 метрийн гүнтэй. Бид ирэх зургаадугаар сарын 5-наас Олимпийн гудмыг хаахаар төлөвлөсөн. Ер нь энэ оны арваннэгдүгээр сард гүүрнийхээ 96 тулгуур баганыг дамнуургатай тавиад дуусна гэсэн үг. Гүүрний урт нэг километр 180 метрийн урттай шүү дээ. Тэгэхээр Олимпын замыг 1.6 жилээр хаана. Харин Нарны замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Тиймээс бүтээн байгуулалтын ажил графикийн дагуу хугацаандаа хийгдэнэ.
Албаны хүмүүсийн хэлж байгаагаар шинээр ашиглалтад орсон шинэ замууд хөдөлгөөн багатай байгаа учир тэдгээр замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг иргэдэд уриалсан юм.
Э.Ариун