Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан хэрэгжүүлж буй Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургуулийг чадавхжуулах сургалт 2018 оны 05 сарын 14-ний өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Ерөнхий боловсролын 117 дугаар сургууль нь 63 багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, сургуулийн эмч, 22 үйлчилгээний ажилтан албан хаагч, нийт 87 хүний бүрэлдэхүүнтэй. Бага ангийн 24 бүлгийн 869 хүүхэд, дунд ангийн 16 бүлгийн 462 хүүхэд, ахлах ангийн 11 бүлгийн 159 хүүхэд, нийт 1490 хүүхэд суралцаж байна. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 50, асрамжийн газарт амьдардаг 20 хүүхэд суралцаж байна.
Сургалтын нээлтийн арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцэгээ, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил хамгааллын газрын мэргэжилтэн А.Бадамцэцэг, Монголын сурагчдын холбооны Тэргүүн О.Сэлэнгэ, 117 дугаар сургуулийн захирал н.Галбадрах, Чингэлтэй дүүрийн ГБХЗХХ-ийн Хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн нар оролцлоо. Сургалтын арга хэмжээнд 5-12 дугаар анги тус бүрээс таван хүүхэд нийт 165 сурагч хүүхдүүд, 1-12 дугаар ангийн хүүхдүүдийн 139 эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, үйлчилгээний албан хаагч 60 хүн, нийт Чингэлтэй дүүргийн хэмжээнд 341 хүн оролцлоо. Сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид, албан хаагчид болох 60 хүнд хүүхэд хамгааллын бодлогыг хүлээн зөвшөөрч андгай өргөх, “Хүүхэд хамгааллын бодлого” сэдэвт хэлэлцүүлэг зохион явуулагдаж, цаашид сэтгэлзүйчтэй болох асуудлыг сургалтанд оролцсон эцэг, эхчүүд дэмжлээ.
Эх сурвалж: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР