Умард Солонгос Өмнөдийн жуулчны баазыг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Умард Солонгос Өмнөдийн жуулчны баазыг барьцаалжээ

Умард Солонгосын нутаг дэвсгэрт харьяалагддаг Геумганг ууланд байрлах хоёр Солонгосын хамтарсан жуулчны баазыг даваа гаригт Умардууд барьцаалж, тэнд ажилладаг Өмнөдүүдийг 72 цагийн дотор явахыг шаардсан байна. Уг жуулчны бааз нь хоёр Солонгосын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг төдийгүй Пхьеняны орлого олдог цөөн газруудын нэг юм. Өнгөрсөн 2008 онд уг бааз дээр Умардын цэрэг Өмнөдийн жуулчныг буудаж амийг нь хөнөөсний дараа хоёр талын хамтын ажиллагаа зогсонги байдалд орж, харилцаа нь хүйтэрч эхэлсэн. Харин дараа нь 2010 оны гуравдугаар сард Өмнөдийн байлдааны хөлөг онгоцыг Умардууд живүүлснээр хоёр улсын харилцаа дайн зарлах дээрээ тултал хурцадсан юм.

Умардууд Геумганг баазыг барьцаалахаас өмнө хэдэн сарын турш Өмнөдүүдэд хандаж жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийг аль эсвэл өөрийн эзэмшдэг хувиа өгөхийг шаардаж байжээ. Харин удаа дараагийн шаардлагын эцэст төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, баазыг барьцаалсан тухайгаа Умардууд дотоодынхоо мэдээллийн хэрэгслээр зарлажээ. Умардын мэдэгдэлд “Бид Өмнөдийг Геумганг дахь өөрийн эзэмшлийнхээ эрхийг бүгдийг нь хууль ёсоор манай талд шилжүүлэн өгнө гэдэгт итгэж байна. Харин баазад ажиллаж байгаа Өмнөдийн ажилтнуудыг 72 цагийн дотор баазыг чөлөөлж явахыг шаардаж байна” гэжээ.

Умардууд эхлээд хэлэлцээрийн замаар уг амралтын баазыг мэдэлдээ авах хүсэлтээ илэрхийлсэн ч Өмнөдийн талаас харгалзан үзээгүй тул ийнхүү хүч хэрэглэжээ. Уг бааз нь хоёр орны харилцаа таатай байх үе буюу 1988 оноос үйл ажиллагаагаа явуулж  эхэлсэн ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж