Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв. Тэрбээр “Татварын багц хуулийг шинэчлэх төслийг Засгийн газар дэмжлээ. Одоо УИХ-д өргөн барина. Энэ шинэчлэл нь хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, татварын асуудлаар олон маргаан гардаг. Тэр бүх маргааныг судалж үзээд эргэлзээтэй заалтуудад өөрчлөлт оруулсан. Хоёрдугаарт, Аж ахуй нэгжлийн орлогын албан татвар бүрдүүлэлтийн 85 хувийг 398 аж ахуй нэгж нуруундаа үүрдэг. Үлдсэн 15 хувийг 110 мянган аж ахуй нэгж бүрдүүлдэг. Иймд татварын бааз суурийг нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл 50 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгж нэг хувийн татвар төлөх, 1,5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгж 10 хувийн татвар төлөөд төлсөн татварынхаа 90 хувийг нь буцааж авах, гурван тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгжээс 10 хувийн татвар авах, зургаан тэрбум төгрөгөөс дээш орлоготой аж ахуй нэгжээс 25 хувийн татвар авах зэрэг өөрчлөлтийг тусгасан. Дээрх хуулийн заалт нь ашигт малтмал, согтууруулах ундаа, тамхины бизнес эрхэлдэг аж ахуй нэгжид хамаарахгүй.
Үүнээс гадна 50 сая төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгж жилд нэг удаа тайлан гаргах, 50 саяаас дээш 1,5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуй нэгж жилд хоёр удаа тайлан гаргах, 1,5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой аж ахуй нэгж жилд дөрвөн удаа тайлан гаргах талаар хуулийн төсөлд тусгасан” гэв.
Татварын багц хуулийн нэг том шинэчлэл нь прокурор дээрх ачааллыг багасгажээ. Шинэ батлагдсан Зөрчлийн тухай хуулиар аж ахуй нэгж татварын асуудалд орвол прокурор хэрэг үүсгэх эрх зүйн орчинтой байсныг зохицуулж тухайн аж ахуй нэгж харьяа татварын байцаагчтайгаа учраа олох боломжийг олгосон байна. Хуулийн үйлчлэх хугацааг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс гэж төлөвлөж байгаа аж.