Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монголын эдийн засгийн чуулган “Хүчээ нэгтгэе” уриан дор амжилттай болж өндөрлөсөн. Салбар хуралдаануудаар өмч хувьчлал, засаглалыг сайжруулах, томоохон төслүүдээ хөдөлгөх, төрийн оролцоог хумих саналууд гарсан. Ингээд эдийн засгийн чуулганаар хэлэлцсэн асуудлаар Засгийн газар шийдвэрээ гаргалаа.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гурван төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах төслийг Засгийн газарт өргөн барьсан. Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Ингэхдээ төрийн өмчийн эрчим хүчний компаниудыг хувьчлах тэр дундаа ДЦС III, ДЦС IV гэх мэт станцуудын 30-40 хувийг хувьчлах асуудлыг түр хугацаанд хойшлуулахаар боллоо. Хоёрдугаарт, төрийн өмчийн авто зам, завсар ашиглалтын 20 компанийг хувьчилна. Төр эдгээр компанийн тоног төхөөрөмж, урсгал зардлыг гаргаад, цалин хөлсөөр хангаад байх шаардлагагүй гэж үзсэн. Гуравдугаарт, Хөрөнгийн бирж, МИАТ, Төрийн банк зэрэг компанийг үе шаттайгаар хувьчилна. Төрийн банкийг хувьчлахдаа тодорхой хэсэгт IPO гаргана, үлдсэн хэсгийг хувьцаа болгож ард иргэдэд арилжаална” гэв.
Мөн Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталлаа. Гурван тулгуурт хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталснаар эдийн засгийн өсөлт 15 хувьд хүрнэ. Гурван тулгуурт хөгжлийн бодлого бодитой хэрэгжих юм. Үүнийг ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд яамдаар хэлэлцүүлэн гаргасан гэлээ.
Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн зураг төсөл боловсруулах, барьж ашиглах, шилжүүлэх буюу концессын гэрээгээр хийх шийдвэр гаргасан байна.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Төмөр зам барих ТЭЗҮ гарсан уу?
-Төмөр замын асуудлыг бид олон жил ярьсан. Одоо хүртэл гацаатай байна. Бид нүүрсээ дэлхийн зах зээлд гаргахаар ярьж байна. Ингэхийн тулд төмөр зам барих шаардлагатай. Төмөр зам баригдсанаар стратегийн ач холбогдолтой. ‘Тавантолгой-Гашуун сухайт’-ын чиглэлийн зам үргэлжилнэ.
-АН-ын бүлэг Засгийн газрын гишүүнийг огцруулах шаардлагыг тавьсан. Үүнд хэзээ хариу өгөх вэ?
-АН-ын бүлэг зарим сайд нарыг огцруулах шаардлагыг тавьсан. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд Засгийн газар шийдвэр гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай холбоотой асуудал шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй.