Английн Премьер Лигийн Вест Хэм Юнайтед клуб дасгалжуулагч Д.Мойсыг ажлаас нь чөлөөлж, Чили мэргэжилтэн М.Пеллегринитэй гурван жилийн гэрээ байгууллаа. Ингэснээр Вест Хэм Юнайтед клуб английн премьер лигийн багуудаас энэ улиралд хамгийн түрүүнд дасгалжуулагчаа сольж байна. М.Пеллегрини дасгалжуулагчийн карьераа 1988 оноос эхлүүлж Өмнөд Америкийн лигүүдэд ажиллаж байгаад 2004 оноос Испаний лигт Вильярреал, Реал Мадрид, Малага багуудыг удирдаж байгаад 2013-2016 онд Английн Манчестер Сити клубыг удирдаж байсан. Хамгийн сүүлд тэрээр Хятадын Хэбэй Чайна Фортуна багийг удирдаж байжээ. Тэрээр Манчестер Сити клубыг удирдан 2014 онд премьер лигийн аваргын цом, 2014, 2016 онд хуучнаар карлинг кап тэмцээний цомыг хүртэж байсан.
Мөн Английн шигшээ багийн дасгалжуулагч Г.Саутгейт шигшээ багийнхаа ахлагчаар Тоттенхэм Хотспур клубын 24 настай довтлогч Х.Кейнийг томиллоо. Ингэснээр Х.Кейн Английн хөлбөмбөгийн шигшээ багийн хамгийн залуу ахлагч болж байна. Г.Саутгейтэд шигшээ багийн ахлагчаар томилох хэд хэдэн тоглогчид байсан. Тэдэн дундаас Ливерпүүл клубын ахлагч Ж.Хендерсон, Тоттенхэм Хотспур клубын Э.Дайр нар байсан боловч Х.Кейнд илүү итгэл үзүүлж байгаа бололтой.
Аргентины шигшээ багийн хаалгач С.Ромеро бэртлийн улмаас дэлхийн аваргад оролцож чадахгүй боллоо. 31 настай С.Ромеро шигшээ багийнхаа төлөө 94 тоглолтонд оролцож байсан бөгөөд 2014 оны ДАШТ-нд гарааны хаалгачаар гарч, Германы эсрэг хийсэн шигшээ тоглолтонд хаалгаа манаж байсан. Тэрээр өвдгөндөө бэртэл авч шигшээ багийнхаа хамтаар Оросыг зорьж чадахгүй болсон бөгөөд түүний оронд Ривер Платэ багийн хаалгач Ф.Арманиг дуудаад байна.
Аргентины шигшээ багийн дасгалжуулагч Х.Сампаоли шигшээ багийн бүрэлдэхүүндээ Интер Милан клубын 25 настай довтлогч М.Икардиг багтаасангүй. М.Икарди энэ улиралд клубынхээ төлөө гайхалтай тоглолт үзүүлж 29 гоол оруулаад байсан. Гэвч түүнийг шигшээ багтаа дуудсангүй.
Германы Боруссиа Дортмунд клуб Францын Ницца клубт ажиллаж байсан Швейцар мэргэжилтэн Л.Фаврыг дасгалжуулагчаараа томиллоо. Л.Фавртай хоёр жилийн гэрээ байгуулсан байна.
Францын ПСЖ клубын экс дасгалжуулагч У.Эмери Английн Арсенал клубтэй тохиролцож байгаа ажээ. Тэрээр Арсенал клубын албан ёсны цахим хуудсанд “Арсенал хэмээх гэр бүлийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байна” гэсэн зурагт хуудас гарсан байна. Ямартаа ч А.Венгерийн эрин дуусаж Арсеналын шинэ эринийг У.Эмери эхлүүлэх гэж байна.
Б.БЯМБАБАЯР