Ц.Нямдорж ОХУ-ын Санкт Петербург, Москва хотноо ажиллав

Хуучирсан мэдээ: 2018.05.23-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж ОХУ-ын Санкт Петербург, Москва хотноо ажиллав

Ц.Нямдорж ОХУ-ын Санкт Петербург, Москва хотноо ажиллав

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ОХУ-ын Санкт Петербург, Москва хотноо 2018 оны 05 дугаар сарын 14-18-ны хооронд ажиллав.

Петербургийн олон улсын хууль зүйн VIII форумын хөтөлбөрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дагалдан яваа хүмүүсийн хамтаар 2018 оны оны 5 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан нэгдсэн хурал, салбар хуралдаан болон соёлын арга хэмжээнүүдэд оролцов. Энэхүү форум нь 2011 оноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгч болон Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн форумд 90 гаруй  тухайлбал, Австрали, Австри, Аргентин, Алжир, Их Британи, Итали, Испани, Монгол, БНСолонгос Улс, БНХАУ, Франц, Финлянд, Япон зэрэг улсаас хүрэлцэн ирсэн 4500 орчим зочин, гадаад улсын 105 төлөөлөгч Хууль зүйн сайд, дэд сайд, Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн, Дээд шүүхийн шүүгч нар оролцдог.

Нэгдсэн чуулган “Хуульч мэргэжлийн ирээдүйн хандлага, төлөв” гэсэн сэдвээр болж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нээж үг хэлсэн ба Олон улсын эрх зүй, шүүх болон арбитрийн практик, Соёл, боловсрол, спортын эрх зүй, хувийн эрх зүй,  эрчим хүч, экологи, ухаалаг цахим технологи зэрэг чиглэлээр хууль зүйн салбарт тулгамдаж буй асуудлыг хөндсөн 104 салбар хуралдаан, хэлэлцүүлэг, уулзалт, яриа хэлэлцээр, илтгэл зохион байгуулагдав.

Энэ удаагийн Петербургийн олон улсын хууль зүйн VIII форумын хувийн эрх зүй дэх шагналтнаар Ноттингемийн их сургуулийн аж ахуйн эрх зүйн профессор Оршойя Тот “Онол ба практик дахь Lex Mercatoria” бүтээлээр шалгарч шагнуулав.

Форумын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж XI Олон улсын залуучуудын хууль зүйн форумд оролцож оролцогч нарт мэндчилгээ дэвшүүлж амжилт хүсэв.

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ц.Нямдорж өөрийн сурч төгссөн ОХУ-ын Санкт Петербургийн улсын их сургуульд зочилж тус сургуулийн ректор Н.М.Крапачёвтой уулзаж тус сургуульд суралцах Монгол оюутнуудын тоог нэмэх, төгсөгчдийн холбоо хооронд харилцаа тогтоох, эрдэм шинжилгээ судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар ярилцаж тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсан болно.

Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Бүгд Найрамдах Беларусь Улсын Хууль зүйн сайд О.Л.Слижевскийтэй хоёр талын уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Тус уулзалтаар хоёр улсын Засгийн газар хооронд 2014 оноос эхлэн ажилласан хоёр талын гэрээний төслүүдийг 2016 онд эцэслэн Засгийн газрын хуралдаанаар энэ оны 4 дүгээр сард хэлэлцүүлсэн “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний талаар санал солилцов.

Эдгээр гэрээг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөж гарын үсэг зурахад бэлэн болсон талаар ярилцаж ирэх 6 дугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Бүгд Найрамдах Беларусь Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурахаар харилцан тохиролцлоо.

Мөн уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Бүгд Найрамдах Беларусь Улсын Хууль зүйн сайд Олег Леонидович Слижевскийг ойрын хугацаанд Монгол Улсад айлчлахыг урьж, энэхүү айлчлалын үеэр өмнө нь байгуулахаар тохиролцсон яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулах талаар санал тавьсныг Олег Леонидович нааштай хүлээн авч, айлчлалын товыг ажлын шугамаар тохиролцохоор болов.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж ОХУ-ын Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч А.В.Коноваловтой хоёр талын уулзалт хийж, өнөөгийн хамтын ажиллагааны үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон ОХУ-ын Хууль зүйн яам хооронд 2019-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурах, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн урилгаар ОХУ-ын Хууль зүйн сайд А.В.Коновалов энэ оны сүүлчээр эсхүл 2019 оны эхээр Монгол Улсад айлчлал хийхээр тохиролцов.

Москва хотноо 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцевтай хоёр талын уулзалт хийж хоёр тал дотоод хэргийн салбарт хамтын ажиллагаа, хар тамхины хууль бус эргэлт, хил дамнасан автомашины хулгайтай тэмцэх, интерполын шугамаар хамтын ажиллагаа зохих түвшинд байгааг тэмдэглэв. Тус уулзалтад Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцов. ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев 2018-2019 оны хичээлийн жилд  Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар суралцах Монголын талын суралцагч нарын  46 квот хуваарьласныг мэдэгдэж албан бичиг гардуулан өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн яам болон ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын хил орчмын бүсийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн хуралдааныг 2018 оны намар Монгол Улсад хийхээр тогтов.

Улмаар Москва хотын Дотоод хэргийн ерөнхий газар зочилж орлогч дарга, хошууч генерал С.В.Плахихтай хоёр талын уулзалт хийж, оросын талаас Москва хотын эрүүгийн нөхцөл байдлыг танилцуулсан ба Улаанбаатар хотын Цагдаагийн газар болон Москва хотын Дотоод хэргийн ерөнхий газар хооронд хамтын ажиллагааны эхлэлийг тавих, Москва хотын нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлын хангах туршлага судлах талаар санал солилцож Шуурхай удирдлагын төв, жижүүрийн удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцав.

Эх сурвалж: МУОХУСЭСЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж