Халамж үйлчилгээний хэлтэст зөрчил илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Халамж үйлчилгээний хэлтэст зөрчил илэрчээ

Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн Хүний хөгжлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Халамжийн сангийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхэд ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Энэ талаар аймгийн Засаг даргын зөвлөл өнгөрсөн зургадугаар сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцээд, ХХҮХ-ийн дарга О.Энхтунгалагт үүрэг даалгавар өгчээ. Үүнд албан тушаалаа буруугаар ашигласан ажилтнуудад хариуцлага тооцох, ажилгүй иргэдийн судалгааг нэрсээр нь гаргах, ажилд зуучлах хүний тоо буурч байгаад хяналт тавих зэрэг багтсан байна. Үүнтэй холбогдуулаад тус аймгийн ХХҮХ-ээс олон хүн ажлаасаа халагдсан тухай “цуурхал” тархчээ. Энэхүү мэдээллийн мөрөөр хэлтсийн дарга О.Энхтунгалагаас тодруулахад, “Манай програмист инженер Энхтөр хот руу шилжих гээд өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Халамжийн сангийн мэргэжилтэн, нягтлан бодогч Б.Очбаярыг алдаа зөрчил гаргасны улмаас ажлаас нь чөлөөлсөн. Одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. Өөр ажлаас халагдсан хүн байхгүй. Манайд сул орон тоо хэд бий, үүнтэй холбож ажлаас олон хүн халагдсан тухай ярьсан байхыг үгүйсгэхгүй” гэв.

Албан тушаалаа хууль бусаар ашигласан Халамжийн сангийн мэргэжилтэн нягтлан бодогч Б.Очбаяр нь Хүний хөгжлийн сангаас олгогдох 21 мянган төгрөгийг буруу олгосноос болж ажлаасаа халагджээ. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн хүний хөгжлийн сангаас иргэн бүрт 21 мянган төгрөгийг сар бүр олгохоор хуульчилсан. Тэгвэл энэхүү сар бүр олгогдох мөнгө, тухайн сардаа олгогдоогүй, харицлага алдсан мэргэжилтний буруутай үйлдлээс болоод цөөнгүй хүн мөнгөө бөөнөөр нь урьдчилаад авчихсан зөрчил илэрсэн байна. Үүнээс гадна 2010 оны байдлаар тус аймгийн ХХҮХэлтсийн зөрчил гаргасан гурван ч мэргэжилтэн цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа ажээ. Эдгээр хүмүүс нь ихэвчлэн төрөл бүрийн сургалтад суугаагүй хүнийг суусан болгож, хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэдэг байдлаар шалгагдаж байгаа юм байна.

 
“Хэнтийн мэдээ” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж