Хүүхдийн эрүүл мэнд хохироосон хяналтгүй реклам

Хуучирсан мэдээ: 2018.05.23-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эрүүл мэнд хохироосон хяналтгүй реклам

Хүүхдийн эрүүл мэнд хохироосон хяналтгүй реклам

Цаг агаар дулаарахаар хүмүүсийн шингэн зүйл уух дуршил нэмэгддэг. Энэ үед иргэд ямар төрлийн шингэн зүйл сонгож хэрэглэдгийг сонирхлоо.


Хүүхэд ундаа, чихэрлэг зүйл авахуулах гээд байдаг

Иргэн О.Алтангэрэл

-Сахар ихдээд чихэрлэг ундаа хэрэглэхээ больсон. Өмнө нь гаазтай ундаа их хэрэглэдэг байлаа. Одоо өөрөө ч,  хүүхдүүддээ ч аль болох чихэр багатай ундаа хэрэглүүлэхийг хичээдэг болсон. Ундааны оронд жимс шахаж, шингэлээд хүүхдүүддээ өгч байгаа.  Хүүхэдтэйгээ гадуур явахаар ундаа, чихэрлэг зүйл авахуулах гээд байдаг. Энэ үед жүүс авч өгдөг. Аль болох хүүхдээ гадуур дагуулж явахгүйг хичээдэг. ТҮЦ-ээс аль болох юм авалгүй, дэлгүүрээс авдаг.

“Сэлэнгэ”, “Тэрэлж” зэрэг үндэсний үйлдвэрийн ундаа хэрэглэдэг

Иргэн Д.Нямбаатар

-Хүүхдүүд маань тусдаа гарсан болохоор манайд чихэрлэг зүйлийн хэрэглээ бага байдаг. Ундаа авахдаа “Сэлэнгэ”, “Тэрэлж” зэрэг үндэсний үйлдвэрийн ундаа хэрэглэдэг. Ач, зээ нар маань гэлтгүй хүүхдүүд чихэрлэг ундаанд дуртай байдаг. Тэдэнд аль болох гаазгүй, чихэр багатайг нь сонгодог.

Ундаа уухгүй болохоор үгүйлэгдээд байдаг

сурагч Б.Батдэлгэр

-Кока колаг тогтмол хэрэглэдэг. Кокаин агуулсан байдаг болохоор тэр үү уухгүй болохоор үгүйлэгдээд байдаг юм. Уусны дараа сэргэх шиг болдог. Ер нь манай ангийнхан, найзууд дандаа л кока кола уудаг. ТҮЦ болон аль өөрт ойр байгаа газраас авдаг. Манай гэрийнхэн ч кола тогтмол хэрэглэдэг.

Эрүүл бус хүнсний 80.9 хувийг чихэрлэг ундаа эзэлж байна

Дээрх сурагчтай адил хүүхэд дэлгүүрт ороод ус биш ундаа авахыг илүүд үздэг. Энэ нь өөрсдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэйг тэд мэддэг эсэх нь сонирхолтой. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) сургуулийн орчинд худалдаалж буй хоол, хүнсний чанар, аюулгүй байдалд судалгаа хийжээ. Судалгаагаар сурагчдын эрүүл бус хүнсний хэрэглээний 80.9 хувийг чихэрлэг ундаа эзэлж байна. Ундаа хэрэглэдэг сурагчдын 56.8 хувь нь хийжүүлсэн ундаа сонгодог ажээ.

Ундааны 100 граммд агуулагдах сахарын хэмжээ 10 граммаас хэтрээгүй байх ёстой

Харин тухайн ундаан дахь сахарын хэмжээг сурагчид төдийгүй эцэг, эхчүүд тэр бүр анзаардаггүй гэнэ. НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяраас энэ талаар тодрууллаа.

-Монгол хүн өдөрт хэдэн грамм сахар хэрэглэвэл зохимжтой вэ. Мөн ундаан дахь сахарын стандарт ямар байх ёстой вэ?

-Хүний наснаас шалтгаалаад өдөрт хэрэглэх сахарын хэмжээ өөр байдаг. Насанд хүрсэн хүн өөрт 30 грамм сахар хэрэглэж болно. Ундааны хувьд, 100 грамм ундаанд агуулагдах сахарын хэмжээ 10 граммаас хэтрэхгүй байх ёстой. Сахар болон тухайн бүтээгдэхүүнд орсон зүйлийн тэмдэглэгээ бүтээгдэхүүн бүрийн лого дахь хүснэгтэд байрладаг. Тэнд байрлах тэмдэглэгээнд ороогүй далд сахарын агууламжтай бүтээгдэхүүн ч бий.

-Чихэрлэг ундаа хэрэглэснээр үүсэх хор хөнөөлийг тодотгохгүй юү?

-Олон орны эрдэмтдийн судалгаагаар чихрийг хэтрүүлэн хэрэглэснээр чихрийн шижингээр өвчлөх эрсдэл 80 хувь нэмэгддэг. Мөн хүүхэд өдөр бүр 500 мл түүнээс дээш ундаа хэрэглэх нь астма болон уушгины архаг бөглөрөл үүсгэх эрсдэлтэй. Мөн илүүдэл жин, таргалалт үүсгэдэг. Тухайлбал, 2010 онд тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд таргалалт 6.6 хувьтай байсан бол 2017 онд 12 хувь болж, хоёр дахин нэмэгдсэн байгаа.    

-Хүүхэд чихэрлэг ундаа авахыг илүүд үздэг. Яаж чихэрлэг ундаа биш ус, чихэр багатай зүйл хэрэглэдэг болгох вэ?

-Хүүхэд аливаа харсан зүйлдээ дүн шинжилгээ хийх чадваргүй байдаг. Энэ утгаараа реклам, зар сурталчилгаанаас мэдэж авсан зүйлд тулгуурлан сонголтоо хийж байна. Гэтэл сургуулийн гадна орчин дахь зар сурталчилгааны 92 хувь нь эрүүл бус хүнсний сурталчилгаа байна. Сонголтод эдгээр зүйлс нөөлж байгаа. Ундааны оронд сүү, сүүн бүтээгдэхүүн  сонгохыг зөвлөе. Өсвөр насныхан, жирэмсэн, хөхүүл эмэгтэй болон аль ч насныхны кальцийн эх үүсвэр нь сүү, сүүн бүтээгдэхүүн.

Хуванцар савтай ус, ундааг дөрвөн цаг наранд байлгахад савтайгаа урвалд ордог

Мэргэжилтний яриа болон судалгаагаар сургуулийн орчин эрүүл бус хүнсний рекламаар дүүрсэн нь хүүхдийн сонголтод, эрүүл мэндэд шууд нөлөөлж байна. Тиймээс энэ асуудлыг боловсрол болон эрүүл мэндийн салбар анхааралдаа авах цаг нь болжээ. Мөн эцэг, эхчүүд ямар хүнс авч болохгүй, эрүүл мэндэд ямар хөнөөлтэйг хүүхдэдээ сайн ойлгуулж хэлэх хэрэгтэй байна. Тухайлбал, ТҮЦ-нд наранд халсан ус, ундаа бүтээгдэхүүн борлуулдаг. Хуванцар савтай ус, ундааг дөрвөн цаг наранд байлгахад л савтайгаа урвалд орж, хар тугалга болон химийн олон хорт бодис үүсч олон төрлийн өвчний үүсвэр болдог ажээ.

Түүнчлэн эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүний татварыг нэмэх замаар хэрэглээг танаж,  эрүүл хүнсийг дэмжих шаардлагатай байна. Мөн эрүүл мэндэд хор нөлөөтэй ундааны реклам, сурталчилгаа ямар ч хяналтгүй байгаад мэргэжилтнүүд санаа зовниж байна.

Татварыг 10 хувь нэмснээр хэрэглээ 10.2 литрээр буурна

Чихэрлэг ундааны хэрэглээг татварын аргаар бууруулах нь төсөвт нэмэртэй, эрүүл мэндэд тустай зохицуулалт гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг. Монголын Эрүүл мэндийг дэмжих санд жилд 17 тэрбум гаруй төгрөг төвлөрдөг юм. Хэрэв чихэрлэг ундааны онцгой албан татварыг хамгийн багадаа 10 хувь нэмэхэд уг санд төсвийнх нь 258 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө нэмэгдэж, энэ хэмжээгээр хүний амь аврах, эмчилгээнд хамруулах хүний тоо нэмэгдэх юм. Түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгаагаар татварыг 10 хувиар нэмснээр монгол хүний нэг жилийн ундааны хэрэглээ 10.2 литрээр, нэг өдрийн хэрэглээ 27.7 мл-ээр буурах юм байна. Мөн хэрэглээ ийм хэмжээгээр багассанаар өдөр бүр ундаа хэрэглэдэг хүний жин гурван жилийн дараа 0.2-0.6 килограммаар буурах юм.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж