-Өнгөрсөн долоо хоногт Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн өргөтгөсөн хурал боллоо. Сүүлд та Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон. Яагаад Ажлын хэсэгт орох болов?
–Оюутолгой төслийг дэлхийн жишигт хүрсэн, бидний хүсэн хүлээж байгаа шиг үр ашгаа өгсөн сайн төсөл хэрэгжээсэй гэсэн бодолтой явдаг. Эдийн засгийн тоймч байхдаа ч энэ асуудлыг анхнаас нь хөндөж ирсэн. Мөн 2010 онд С.Батболд Ерөнхий сайдын үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Монголдоо ашигтайгаар нөхцөлийг сайжруулах зарим өөрчлөлтүүдийг оруулж рояалтыг нь нэмэгдүүлэх зэрэг нааштай алхмуудыг хийх үед Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргын хувиар ажлын хэсэгтэй идэвхтэй хамтран ажиллаж байсан. Энэ удаад манай хэсэг гишүүдийн зүгээс ажлын хэсэгт орж ажиллахыг санал болгосон. Одоо Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын дэд ажлын хэсэг, Хөрөнгө оруулалтын болон бусад гэрээ, түүний хэрэгжилт, үр дүнг тооцох дэд ажлын хэсэгт тус тус орж ажиллаж байна.
-Таны зүгээс Оюутолгойн гэрээг сайжруулах зайлшгүй шаардлагуудыг юу гэж харж байна вэ?
-Зайлшгүй өөрчилж сайжруулах дөрвөн гэрээ бий. Өөрөөр хэлбэл дээрх гэрээнүүдийг эрх зүйн хувьд чадамжтай болгох хэрэгтэй байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Техникийн гэрээ, Дубайн гэрээ. Мөн далд уурхайн техник ажлын зураг төсөвтэй холбоотой мэдээлэл хангалттай биш байгааг ч анхааралдаа авч ажиллах ёстой гэж харж байна. Манай улсын хувьд өмнө нь Оросуудтай хамтарч “Эрдэнэт” үйлдвэрийг барих төслийг амжилттай хэрэгжүүлснийг хүн бүхэн мэднэ. Монголын эдийн засгийн “Саалийн үнээ” гэж хэлүүлтлээ төсөв бүрдүүлэхэд олон жилийн турш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн үйлдвэрийг дагаад өнөөдөр Монгол Улсын гурван том хотын нэг Эрдэнэт хот бий болсон. Үүн шиг өмнийн говьд Эрдэнэт, Дарханаас дутахааргүй хот бий болоосой гэж харж байна. Өнөөдөр бодит байдал тэнд бүх юм нүүдлийн шувуу шиг байна. Оюутолгой төсөл хэрэгжиж буй Өмнөговьд, иргэд нь амьдрах орон сууцтай, хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний газартай, эрчим хүч, дэд бүтэц нь хөгжсөн тийм л хот болох ёстой. Гэтэл энэ бүгд алга. Тиймээс тэнд суурин амьдрал, хөгжил байх ёстой гэдэг шаардлагыг бид тавьж байгаа. Ганц жишээ, Оюутолгой компанийн хажууханд “Энержи Ресурс” компанийг харъя л даа. Тэнд Улаанбаатар хотоос дутахааргүй үйлчилгээ, соёлыг бий болгосон байна. Тэнд залуучууд нь орон сууцанд амьдарч байна. Үүнийгээ дагаад хүүхдийн сургууль цэцэрлэг, дэд бүтцийг байгуулж байна. Монголын компани ингэж хөгжиж чадаж байхад улс үндэстэн дамнасан том корпорациуд хөрөнгө оруулан хэрэгжүүлж байгаа Оюу Толгой төсөл үүнээс ч илүү гайхамшгийг бүтээж чадна. Энэ мэт Оюутолгойн төслийг дагаад дэлхийн соёл орж ирэх ёстой гэдэг шаардлагыг бид тавьж байгаа.
-Өнгөрсөн долоо хоногт та болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын хамт Оюутолгой компанийн төв оффист очиж уулзсан гэсэн. Энэ үеэр юу яригдсан бэ?
-Оюутолгой компанийн удирдлагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа бидэнд танилцуулсан. Тухайлбал, боловсролын чиглэлд, хүний нөөцөө хөгжүүлэх чиглэлээр хийсэн хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг хүргэсэн. Энэ нь мэдээж дэвшилттэй, сайн хэрэг. Гэхдээ үүнийг илүү сайжруулах хэрэгтэй. Нарийн мэргэжлээр төгссөн залуучууд Оюутолгой компани болон бусад гадаад, дотоодын томоохон төслүүд дээр ажиллах хэмжээний ур чадварыг эзэмших боломж бий. Мөн тэднийг ажлын байраар хангах, гүний уурхайдаа гадаад мэргэжилтнүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллуулах боломжоор хангах тал дээр ч Монгол төр Оюу Толгой ХХК-тай гэрээ хийхдээ анхаарах ёстой. Яагаад гэвэл Оюутолгой төсөл бол Монголын төсөл. БСШУЯ-ны зүгээс Засгийн газрын бодлоготой уялдуулан боловсон хүчнээ бэлтгэх тал дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй байна. Тиймээс миний бие Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын дэд ажлын хэсэг, Хөрөнгө оруулалтын болон бусад гэрээ, түүний хэрэгжилт, үр дүнг тооцох дэд ажлын хэсэгт орж ажиллаж байна..
-Ажлын хэсэг дүгнэлтээ гаргахад нэг сарын хугацаа үлдсэн байна. УИХ-ын даргын зүгээс гишүүдийг нэлээдгүй шахаж ажиллаж байгаа гэж байсан?
-Үлдсэн нэг сар богино хугацаа. Гэхдээ үндсэн Ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг маш сайн ажиллаж байгаа. Дэд ажлын хэсгүүд Оюутолгойд очиж ажиллаж байна.
-Оюутолгой компанийн удирдлагууд Ажлын хэсэгт шаардлагатай баримт, материалыг гаргаж өгөх талд хэр нээлттэй хандаж байгаа вэ?
-Тодорхой хэмжээгээр хангаж байгаа. Гэхдээ илүү их мэдээлэл бидэнд хэрэгтэй байна. Тухайлбал, цалин хөлстэй холбоотой мэдээлэл байгууллагын нууцад хамаарна. Тиймээс байгууллагынхаа хуульчтай ярилцаж тохиролцсоны үр дүнд бидэнд гаргаж өгөх эсэх асуудал нь яригдана. Ажлын хэсгийн зүгээс төслийг хянан, шалгах үүргийнхээ хүрээнд мэдээллийг авах үүрэгтэй учраас үлдсэн хугацаанд холбогдох мэдээ, материалаар илүү сайн хангаж өгөх байх гэж найдаж байна.
Та Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд Оюутолгойн гэрээтэй холбоотой гомдол, санал хэр ирж байв?
-Энэ хугацаанд гэрээтэй холбоотой гомдол, санал огт ирээгүй.
-Гэрээг шалгаснаар Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг дахин шинээр байгуулах нөхцөл бүрдэнэ гэж зарим гишүүд үзэж байна. Ажлын хэсэг гэрээг шинэчлэх хэмжээнд дүгнэлт гаргах эсэхэд олон нийтийн зүгээс эргэлзэж байна л даа?
-Нийгэмд хүлээлт болж буй том төслийн “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” биш, харин нуухыг нь аваад улам сайжруулах, тунгалаг болгох шаардлагатай гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва ч бидэнд хэлж байгаа. Оюутолгойн төслийн үр өгөөжийг Монгол хүн бүр хүртдэг байх, орж, гарч буй орлого, зарлагаас эхлээд бүх үйл ажиллагаа нь шилэн, ил тод баймаар байна. Оюутолгойн орлого Монголын банкаар дамждаг байх зэрэг Монголд Улсад үйлчилдэг хууль дүрэм Оюутолгой компанид ч үйлчилдэг байх ёстой. Ажлын хэсэг төслийг сайжруулахын төлөө чамбай ажиллаж байна.
-Ажлын хэсгийн дараагийн өргөтгөсөн хурлын тов гарсан уу?
-Одоогоор тов гараагүй байна. Дэд ажлын хэсгүүд хариуцаж авсан тухайн чиглэлийнхээ дагуу ажиллаж байна.