У.Хүрэлсүх: Эдийн засгийн форум зорьсон үр дүндээ хүрлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засгийн форум-2018

У.Хүрэлсүх: Эдийн засгийн форум зорьсон үр дүндээ хүрлээ

У.Хүрэлсүх: Эдийн засгийн форум зорьсон үр дүндээ хүрлээ

‘Хүчээ нэгтгэе’ уриатай зохион байгуулагдсан ‘Монголын эдийн засгийн чуулган-2018’-ын төгсгөлд төрийн болон бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүний дараа чуулганыг хааж, Монгол Улсын Ерөнхий сайд үг хэлсэн юм.

Тэрбээр ‘Эрхэм хүндэт бизнес эрхлэгч, зочид төлөөлөгчдөө ‘Хүчээ нэгтгэе’ уриатай чуулганд оролцогчид төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, улс орны олон асуудлыг ярилцаж, зөвшилцлөө. Төр, хувийн хэвшлийн бодит шийдэл бол иргэдээ сонсох. Бид хүчээ нэгтгэж, хамтарч ажиллаж чадлаа. Төрийн ордонд улс орноо цаашид яаж тогтвортой, эрчимтэй хөгжүүлэх вэ гэдэг үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Чуулганы салбар хуралдаан тус бүрээр Монгол Улсын хөгжлийн загвар, санхүүгийн зах зээл, томоохон төслүүдээс эхлээд, бодлогын тогтвортой байдал зэрэг олон асуудлаар нухацтай хэлэлцэж, үр дүнтэй чуулган болж өндөрлөлөө. Эдийн засгийн форум зорьсон үр дүндээ хүрсэн гэж бодож байна.

Үндэсний хөрөнгө оруулагчдыг бүх талаар дэмжих, санхүү болон татварын зөөлөн бодлогоор хангах зэрэг зорилтуудыг Засгийн газар тавин ажиллаж байна. УИХ-аас батлан гаргасан эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталснаар Засгийн газарт үүрэг өгснөөс хойш 18 сарын хугацаанд ажилласан байна. Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагатай хамтарч ажилласны үр дүнд эдийн засаг сэргэж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа улсын эдийн засаг хүндэрч олон асуудалтай тулгарч байсныг та бүхэн санаж байгаа. Гадаад өр төлбөрийг төлөөгүй нөхцөлд Монгол Улсын нэр хүнд буурч шинээр зээл авах боломжгүй нөхцөлд хүрээд байсныг санаж байгаа. Засгийн газар олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллан өрөө дарах даалгаврыг амжилттай биелүүлж байгаа.  Гадаадын өрийн дарамт буурч, төсвийн орлого давж, гадаадын валютын нөөц нэмэгдсэн байна. Монголчууд бид нэгдэж, нийлж, хамтын хүчээр бэрхшээлийг чаддаг гэдгийг энэ бүгдээс харж болохоор байна.

Өнгөрсөн сард шалгаруулсан 2017 оны топ аж ахуй нэгжүүд төсвийн татварын орлогын 50 гаруй хувийг бүрдүүлж, 76 мянган хүнийг ажлын байраар хангасан байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийн бас нэг хүчин зүйл байлаа. Аж ахуй нэгжийн өрхийн орлого өдөртөө иргэдийн орлого болохгүй. Зарим улстөрчид иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна гэж шүүмжилж байгаа. Томоохон аж ахуй нэгжийн үйл ажиллагаа идэвхжсэнээр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэх, борлуулалт өндөр болох нь аж ахуй нэгжийн улсын төсөвт төлөх татвар нэмэгдэж байгаа гэсэн үг. Энэ төсөвт төвлөрүүлдэг мөнгөөр цалин, тэтгэвэр зэргийг нэмэх боломж бүрддэг. Тиймээс эдийн засгийн өсөлт аж ахуй нэгжээр дамжуулах замаар үр өгөөж нь иргэддээ хүрдэг жамтай. Тиймээс цаашид Засгийн газар цалин нэмэх бодлого баримталж, иргэддээ хүртээмжтэй байлгахыг зорьж ажиллана.

Монгол Улсын цаашдын дүр зураг ямар байх вэ гэдэг уул уурхайн салбарын бодлого, энэ салбарт ямар төслийг хөдөлгөж чадахаас хамаарахаар байна. Хэдийгээр бид эдийн засгийг төрөлжүүлэх олон тулгуурт бодлого хэрэгжүүлж байгаа ч уул уурхайн салбарын өсөлт ирэх 5-10 жил хэвээр хадгалагдахаар байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт том төслүүдийг хөдөлгөх зорилт, хөтөлбөрүүдийг Засгийн газрын түвшинд ярьсаар ирсэн. Нийт ард иргэдийн олон жил хүлээж байгаа Тавантолгой төслийг хэрхэн эргэлтэд оруулах вэ гэдэг хүлээлт бий. Тиймээс Засгийн газраас Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбараа МАН-ын бүлэгт танилцуулж, эрчимжүүлэх, шуурхай арга хэмжээ авахаар тогтлоо. Ард иргэдийн амьдралд шууд хамааралтай энэ төсөл болон бусад төслүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар ажиллана.

Монголын эдийн засгийн форум 2018 чуулганыг зохион байгуулсан, нийт оролцогчид та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.  Бид хамтын хүчээр эдийн засгийн чуулганаа үйл ажиллагааг амжилттай өндөрлүүллээ. Цаашид ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах, Монгол Улсаа хөгжүүлэх үйлсэд бүх нийтээрээ хамтран, хүчээ нэгтгэцгээе. 

Ийнхүү Ерөнхий сайд үг хэлснээр хоёр өдөр үргэлжилсэн “Монголын эдийн засгийн чуулган 2018” өндөрлөлөө. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж