Монгол Улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын цаашдын хөгжил юунд тулгуурлаж, аль чиглэлд гадаадын хөрөнгө оруулалт татаж болох талаар “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт” салбар хуралдаан боллоо. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон бөгөөд салбарынхан тулгамдаж буй асуудлаа ярилцлаа.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргаж, гаднын хөрөнгө оруулалт татахад нэн түрүүнд дэлхийн хэрэглэгчдээс тавьж буй шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн экспортлохын тулд хамгийн наад зах нь эрүүл ахуйн шаардлагыг хангах ёстой. Гэтэл хөдөө орон нутагт хүн хүч дутагдалтай учраас малаа бүрэн хэмжээнд вакцинжуулж, малынхаа үржил шимийг хүртэж чадахгүй байна. Энэ талаар Төв аймгийн мянгат малчин н.Гомбо-Очир гуай ярьж байв. Тиймээс үүнд анхаарал хандуулж, цаашид эзгүйрч буй хөдөө орон нутагт чиглэсэн бодлого явуулах талд анхаарал хандуулахыг Засгийн газраас хүссэн юм.
Монгол Улсын Засгийн газраас хүнс экспортлогч орон болох зорилт тавьсны хүрээнд мах, сүүний бодлого гаргаж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль баталсан нь цаг үеэ олжээ. Тиймээс гаргасан бодлогоо ажил хэрэг болгох, төр хувийн хэвшлийн ажлын уялдааг сайжруулах нь чухал байгаа юм. Хуралдаанаас цаашид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд орон нутгийг түшиглэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх, малаа эрүүл болгох ажлыг эрчимжүүлэх, хүн хүчний хүрэлцээг сайжруулах, газар тариаланг түшиглэсэн хөдөө аж ахуйн бодлогыг дэмжих, аж ахуй нэгжүүд малчдад эн тэнцүү үйлчлэх нэг бодлого байх шаардлагатай хэмээн үзлээ. Сүү, сүү бүтээгдэхүүний хувьд зах зээл байгаа. Учир нь Монгол Улс цөцгий, зайрмаг зэрэг сүүнээс гарган авах бүтээгдэхүүний 70 орчим хувийг ОХУ-аас импортоор авдаг. Тиймээс одоо үйл ажиллагаагаа явуулж буй компаниудад зах зээл нь хангалттай гэж үзвэл хөрөнгө оруулж, хамтран ажиллах бололцоо бий юм.
Үүнээс гадна малчдыг зах зээлд оролцуулах ажил 1990 оноос хойш орхигдож ирснийг шүүмжиллээ. Тиймээс 30 хувь нь малчин, 30 хувь нь компани, 30 хувь нь орон нутаг, 30 хувь нь хөрөнгө оруулагч талд хүрэх бололцоотой аж үйлдвэрийг хөгжүүлж чадвал тэгш боломж, тэгш ашиг хүртэх гарц бий гэдгийг зарим эдийн засагчид онцоллоо.
Салбар хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Хөдөө, аж ахуйн салбар маш том салбар. Гэтэл өнөөдөр маш жижигхэн болсон байна шүү. Бүхэл бүтэн Монгол Улсыг тэжээгээд тэтгээд аваад явчих хэмжээний салбар. Дараа жилийн өдийд бид эдийн засгийн форум дээрээ яг энэ зовлонгоо яриад сууж байх вий. Нэн тэргүүнд шийдэх зүйл бол санхүүгийн асуудал. Өнөөдөр үйлдвэрлэл эрхэлж байгаа буюу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг малчдаас худалдаж авах хүнд нөхцөлтэй байдаг. Энэ нөхцөлд хүүтэй мөнгө санхүүжилтээр авч байгаа бол чадахгүй. Өнөөдөр урд хөршийнхөн орж ирээд л ноолуурыг хүүгүй мөнгөөр авна. Монголчууд хүүтэй мөнгөөр авна. Өрсөлдөх ямар ч чадваргүй.
Засгийн газар маш зоригтойгоор судалгаа хийсэн. Түүнийхээ үндэс дээр бонд гаргаж, дотоодын банкнуудад удаан хугацаагаар худалд. Ингэж энэ үйлдвэрүүдээ сэргээхгүй бол Монгол орны үндсэн онцлог болсон энэ салбар эзэнгүйдээд эхэлчихсэн. Тиймээс санхүүжилтийн маш тодорхой схемүүд бий. Үүнд санхүүжүүлэхгүй бол арилжааны зээлээр аж үйлдвэрийг авч явна гэж байхгүй. Маш тодорхой салбар. Маш тодорхой үр дүн гаргаасай гэж хүсч байна. Ирэх жил яг үүнийгээ яриад сууж баймааргүй байна. Битгий тэгээрээ. Зоригтой шийдвэр гаргаад явмаар байна аа. Бидэнд зориг л хэрэгтэй байна. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт зориг хэрэгтэй байна.
Ш.ЧИМЭГ