Багш нарын цалин, урамшуулалд 33 тэрбум төгрөг тусгагджээ

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Багш нарын цалин, урамшуулалд 33 тэрбум төгрөг тусгагджээ

Багш нарын цалин, урамшуулалд 33 тэрбум төгрөг тусгагджээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Уг төсөл батлагдвал Дархан-Уул, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт цэцэрлэг нэмж байгуулан, нийт 350 орчим хүүхдийн цэцэрлэгт хамруулах боломж бүрдэх ба Ховд, Дархан-Уул аймагт Засаг даргын Тамгын газрын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах боломж нэмэгдэх юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тус тогтоолын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.

Үүний дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулав. Тус тогтоолын төслийн хавсралтад зээлийн хүүг бууруулах санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрхзүйн орчныг боловсронгүй болгож, хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох үнэлгээнд оролцдог байх, багш, эмч нарын цалин хөлсний менежментийг боловсронгуй болгох замаар үе шаттайгаар цалин хөлсийг нэмэгдүүлэх, МСҮТ-ийн оюутнуудад 70 мянган төгрөг олгох зэрэг зарчмын саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Хөрөнгө мөнгөтэй холбоотой заалтуудад хэчнээн хэмжээний хөрөнгө шаардаж байгаа вэ. 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй таарч байгаа юм уу. Миний тооцооллоор  нэлээн их тэрбум төгрөг нэмэгдэхээр байна. Мөн МСҮТ-ийн оюутнуудад 70 мянган төгрөг олгохоор болж байна. Жилд хэчнээн хэмжээний төсөв мөнгө  шаардлагатай байна вэ. Өнөөдөр МСҮТ-үүд салбарын чиглэлээрээ тухайн байгууллагын чиг үүрэг дор ажиллавал илүү үр өгөөжтэй юм. Одоо бол ХНХЯ-д харьяалагдаж байгаа. Энэ нь төгсөгч нарт үр өгөөж муутай байна.

АЖЛЫН ХЭСЭГ:

Жижиг, дунд үйлдвэрийг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжихэд  90 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд 100 тэрбум нэмж тусгагдсан. Багш нарын цалин, урамшууллыг нэмэхэд 33 тэрбум төгрөг тусгагдсан.  МСҮТ-ийн оюутнуудад 70 мянган төгрөг олгоход жилд дунджаар 28-30 тэрбум төгрөгийг төсөвт нэмэх тооцоолол гарсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хөрөнгийн хэмжээ  8.5 их наяд  төгрөг.

Эдийн засаг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир

Сангийн яам тулгаж дандаа орж ирдэг. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг маш муу бэлдэж орж ирсэн. Сайд нь өөр зүйл ярьдаг. Үүнээс болж чуулган, байнгын хороонд бөөн хэрүүл болдог.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

МСҮТ-ийн оюутнуудад 70 мянган төгрөгийг шалгуур тогтоож олгоход дунджаар 17-20 тэрбум орчим төгрөг төсөвт суулгавал боломжтой шдээ. МСҮТ-ийн 70 мянган төгрөгийг сэргээх асуудлыг заавал оруулж ирэх ёстой. Чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхоор дэмжигдсэн санал. МСҮТ-ийн оюутнууд “Оюутны хөгжлийн зээл’-д ч хамрагддаггүй.  Их тоо тавьчхаад асуудлыг унагаах зорилготой байж болохгүй.

Ингээд Ажлын хэсгээс бэлтгэсэн  саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж