Улстөрч, бизнес эрхлэгч Кёкүшюүзан Д.Батбаяр улс төрд ороод хамаг хөрөнгөө гөвсөн талаар нэгэн хэвлэлд өгсөн яриандаа дурджээ. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Даваа овогтой Батбаяр гэдэг эрхэм оффшор дансны асуудалд холбогдсон ч тэр хүн нь Кёкүшюүзан Д.Батбаяр биш гэж өөрийгөө хамгаалсан мэдэгдэл хийж байсан билээ. Ингээд Ардчилсан намын нэрийн өмнөөс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр зэхэж байсан ч бүтэлгүйтсэн юм. Харин тэрбээр саяхан нэгэн хэвлэлд “Би улс төрд орохоосоо өмнө бизнесийн амжилттай, хөрөнгөтэй ч байлаа. Барилдаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 200 дахин их орлоготой гэж бичигдэж явсан бөх шүү дээ. Зодог тайлж нутагтаа ирээд УИХ-ын гишүүн болсныг бүгд мэднэ. Тэр үеэс л тэнгэрт дүүлж явсан бүргэдийн бензин дууссан даа. Кёкүшюүзан гэдэг өглөөний мандах наранд уулнаа нисч яваа бүргэд гэсэн утгатай үг шүү дээ. Өнөөх бүргэд чинь улс төрд ороод нам газардсан. Улс төрийг бизнес гэж харж, хийдэг хүмүүс байдаг л байх. Харин би байгаагаа гөвсэн. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 2008-2012 оны хооронд маш их мөнгө цацсан. Сонгинохайрхан дүүрэгт ч их ажилласан даа. Хамгийн хэцүү юм юу гээч, ямар ч мөнгөгүй байхад хүмүүс чамайг мөнгөтэй гэж харах тун хэцүү. Анхнаасаа мөнгөгүй байсан бол яах вэ, бас мөнгөтэй байхад мөнгөгүй гэж харах ч байж болно. Харин юу ч үгүй байхад мөнгөтэй гэж бусад бодох хамгийн хэцүү юм билээ. Тэгээд би сүүлийн сонгуулиар нэр дэвшихгүй гэдгээ хэлээд бизнесийн ажилдаа орсон. Улс төрд орсон хүн гарч чаддаггүй гэж ярилцдаг. Харин би бүтээн байгуулах, баялаг бүтээх илүү хэрэгтэй байна гэж үзээд бизнес рүү орсон” хэмээн ярьжээ.
Ийнхүү улс төрөөс зодог тайлахаар зориг шулуудсан Кёкүшюүзан Д.Батбаяр одоо хэд хэдэн чиглэлийн бизнес эрхэлж байгаа аж.
Т.НОМИН