"Хөгжлийн загвараа тодорхойлохдоо шинжлэх ухаанч байдлаар хандах ёстой"

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засгийн форум-2018

"Хөгжлийн загвараа тодорхойлохдоо шинжлэх ухаанч байдлаар хандах ёстой"

"Хөгжлийн загвараа тодорхойлохдоо шинжлэх ухаанч байдлаар хандах ёстой"

Монголын эдийн засгийн чуулган – 2018”-ын хоёр дахь өдрийн хүндэт зочны илтгэлийг Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат тавилаа. Тэрбээр “Амжилтын төлөөх хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний илтгэлд, Улсын эдийн засаг, нийгэм тогтвортой хөгжихөд төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нягт түншлэх шаардлагатай бөгөөд энэ нь цор ганц бодит арга гэдгийг онцолсон юм. Монгол Улс хөгжихөд хөрөнгө оруулагчдад тогтвортой, хамгаалалттай байх бодлого чухал гэв.

Арнауд Суарат:

-Дэлхийд ховор зэс, алтны уурхайг ажиллуулж байгаадаа бид бахархалтай байдаг. Оюутолгой бол Монголын хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогч, ажиллагсдын 94 хувь нь молголчууд байдаг. Оюутолгой компани аль хэдийн дэлхийн хэмжээний компани болсон. Рио Тинто төдийгүй дэлхийн хэмжээнд аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангаж ажиллаж байна. 2010 оноос хойш Оюутолгой компани 7.5 тэрбум ам.долларыг дотоодын ханган нийлүүлэгчид, ажилчдын цалин хөлс, татвар хураамжид зарцуулжээ. Зэсийн дэлхийн зах зээл дээр үнэ 2020 он хүртэл эерэг харагдаж байгаа учраас Монголын зэс шинэ технологи, олон нээлтүүдийн нэг хэсэг байх болно. Дэлхий нийтээрээ Оюутолгой хэрхэн хөгжиж байгааг ажиглаж байна. Энэ бол Монгол оронд ажлын байр, бизнесийн шинэ боломж, орон нутгийн хөгжлийг авчрах дараагийн хөрөнгө оруулалтуудын хувьд үлгэр авах жишиг төсөл юм. Оюутолгойн гүний уурхай бол яах аргагүй адармаатай, нарийн түвэгтэй төсөл. Үүнд Рио Тинто компанийн хөрөнгө оруулалт, технологи шаардлагатайг бид ойлгож байгаа. Бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байгаа ч та бүхний итгэл, тэвчээр, дэмжлэг нэн шаардлагатай. Тиймээс дэлхийн томоохон уурхайг бүтээн байгуулах ажлаа үргэлжлүүлэхийг бидэнд даатгаач гэж хэлье. Газрын баялгаа ашиглаж эдийн засгаа улам хөгжүүлж, цэцэглэн хөгжих маш том боломж Монголын өмнө байна. Рио Тинто компани урт хугацааны түнш байж, амжилт, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллахыг хүсч байна. Амжилт нь мэргэжлийн экспертиз, тууштай жигд ажиллагаа, орлогын зөв менежментээс ихээхэн хамаарна. Бид хамтдаа амжилтад хүрэх үү, эсвэл хамтдаа алдаж эндэх үү, өөр зам бидэнд үгүй. Монгол орны хөгжлийг хамтдаа урашлуулахын төлөө хүчээ нэгтгэцгээ.

Мөн Төрийн ордны их танхимд “Монгол Улсын хөгжлийн загвар” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хуралдааныг Ерөнхий сайд асан Р.Амаржаргал удирдсан бөгөөд Монгол Улсын хөгжлийн загвар ямар байх талаарх мэргэжилтнүүдийн саналыг сонслоо.

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал:

-Хөгжлийн загварын талаар ярихад олон чиглэл рүү ороод байна. Гэхдээ илтгэгч нарын ярьснаас үзэхэд одоо байгаа баримт бичгээ бид хөгжлийн загвар гэж ойлгох нь зөв бололтой. Гурван тулгуурт бодлого дээр тулгуурласан үйл ажиллагаа нь манай хөгжлийн өнөөгийн шатанд загвар болж явах ёстой. Үүнийгээ хэрэгжүүлэх асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгаа юм. Сүүлийн 27 жилийн хугацаанд урт хугацааны гурван үндсэн баримт бичиг боловсруулж, баталсан. Түүнийгээ дагаад салбар хоорондын 500 гаруй бодлогын баримт бичиг боловсруулсан. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа бичиг баримт нь 160 л байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

-Бид хүссэнээрээ хөгжиж чадсан уу гэвэл үгүй. Хөгжиж чадаагүйн гол буруутан нь улстөрчид. Улс төрийн намууд манлайлахгүй, иргэдэд хөгжлийн зам чигээ ойлгуулахгүй байна. Тиймээс гурван сая хүн амын 60 хувь нь буруу замаар будаа тээж явна. Алдагдсан боломж маш их байна. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд бид 12 Засгийн газрын нүүр үзжээ. Улс орны хөгжлийг гурван гол үзүүлэлтээр хэмждэг. Хүний хөгжил, засаглал, өрсөлдөх чадвар. Энэ гурваар бид дандаа хойгуур байрт бичигддэг. Улс төрийн тогтвортой байдал бий болох юм бол бодлогын тогтвортой байдал бий болно. Иймд сонгуулийн хууль болон улс төрийн намын тухай хуулиудыг шинэчлэх. УИХ 2030 он хүртэл тогтвортой байдлын үзэл баримтлалаа тодорхой болгох, тогтвортой хөгжлийн институт хэрэгтэй байна. Үндэсний хөгжлийн газраа чадавхижуулж,  эрх мэдлийн хуваарилалт хийж өгөх шаардлагатай байна.

ШУА-ийн дэд захирал Т.Дорж:

-Засаглал, улс төрийн тогтворгүй байдлыг их ярьж байна. Энэ нь бидний хөгжлийг урагшлуулахгүй, хойш нь татаж байна. Шинжлэх ухааны байгууллагуудыг хөгжлийн бодлого боловсруулахдаа огт оролцуулдаггүй. Тиймээс ч дутуу, дулимаг шийдвэр гарч байна. Бүсчилсэн хөгжлийн бичиг баримтуудаас өнөөдөр хэрэгжээд явсан нь үгүй л байна.  Энэ их хүчийг яаж ашиглах вэ гэдгийг бодох ёстой. Шинжлэх ухааны байгууллагуудын оролцоог хөгжлийн бодлого боловсруулахдаа оролцуулах, шаардлагатай байна. Нүүдлийн соёл иргэншлийн шилдэг өв уламжлалыг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулах ёстой. Бид ингэж байж л хөгжинө. Эдийн засгийн чанарын өсөлтийг хангах зохистой бүтэц бүхий эдийн засаг бий болгох, олон төрлийн цаас бэлтгэх бус ажил хэрэг болгох нь нэн чухал асуудал болоод байна.

Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, эдийн засагч С.Дэмбэрэл:

-Бидэнд хамгийн их бохирдсон зүйлээ угаах шаардлага тулгарч байна. Юуны түрүүнд хуулийн засаглал, төрийн алба, уул уурхайн засаглал гурав бохирдсон байна. Засаглал институцийн чанарын талаар ярилцах хэрэгтэй. Үлдэж буй цаг хугацаандаа УИХ хуулийн засаглалыг сэргээхэд тодорхой хууль санаачилж хэлэлцэх нь зөв болов уу. Бид өнөөдөр Монгол Улсад дундаж анги хэд байгааг мэдэхгүй байна. Гэтэл 2030 он хүртэл чинээлэг, дундаж ангийг бий болгоё гэсэн байна. Юуны өмнө дундаж ангийг зөв тодорхойлох шаардлагатай байна. Ядуурал нийт хүн амын 30 хувийг хамарсан байна. Бид энэ тоог 2030 онд тэг болгох ёстой энэ мэтчилэн тооцоо, судалгаатай бодлогын зүйлсээ хиймээр байна.

Эдийн засгийн чуулганы салбар хуралдаанууд үргэлжилж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж