"10,3  тэрбум төгрөгийн орлого алдсан”

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

"10,3  тэрбум төгрөгийн орлого алдсан”

"10,3  тэрбум төгрөгийн орлого алдсан”

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгах ажлын хэсэг тайлангаа танилцуулав.

Тайланг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулсан бөгөөд Тэрбээр “2018 оны гуравдугаар сарын 31-ны байдлаар Нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн үлдэгдэл болох 694,1 тэрбум төгрөгийн 335,3 тэрбум төгрөг нь хадгаламж хэлбэрээр, 358,8 тэрбум төгрөг нь харилцах хэлбэрээр байршиж байна. Банкуудад хадгаламж хэлбэрээр байршиж буй мөнгөн дүнгээс 287,3 тэрбум төгрөг нь 15-аас дээш хувийн, 19 тэрбум төгрөг нь 10,6-11 хувийн, хөнгөлөлтэй тэтгэврийн эх үүсвэрт 29 тэрбум төгрөг 9 хувийн хүүтэй байршиж байна. Харилцах дансанд байршуулж буй хөрөнгөөс 100 гаруй тэрбум төгрөгийг хадгаламжид байршуулах боломжтой байсан. Гэтэл ингээгүйн улмаас 2018 он гарсаар өнөөдрийг хүртэл 10,3  тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүгийн бодит орлогоо алдаж байна” гэв.

Ийнхүү ажлын хэсгийн тайланг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан:

-Зарим улс оронд чөлөөт мөнгөн үлдэгдлийг  орон сууцны урьдчилгаа болгон ашиглах туршлага байна. Манайд ийм боломж байна уу?

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Ажлын хэсгийн ажилласан асуудлаас өөр зүйл асууж байна. Таны хэлсэн санааг өмнө нь С.Эрдэнэ гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг судалж байсан. Орон сууцны зээл бол удаан хугацааных энэ сангийн үлдэгдэл бол байнга байгаад байдаг үлдэгдэл биш. Ялангуяа Тэтгэврийн сан бол алдагдалтай 600-700 орчим тэрбум төгрөгийн татаастай байдаг. Дээр нь эв санааны нэгдэл дээр суурилсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлсөн Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал нь нэгдсэн санд төвлөрч байдаг. Бид энэ мөнгийг аль болох арвижуулах эрхэм зорилготой. Гэтэл чөлөөт үлдэгдлээр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ гэхээр 5-6 хувийн л ашиг олох тооцоолол бий.

Ингээд хуралдааны үеэр хадгаламжид байршуулах ёстой чөлөөт үлдэгдлийг харилцах дансанд байршуулсан гэх шүүмжлэл гарахад УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Засгийн газар бонд авна гэвэл чөлөөт үлдэгдэл хадгаламжид байлгахаас илүү харилцах дансанд байлгах нь тохиромжтой гэсэн бодол байна” гэж байр сууриа илэрхийлэв.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр горимын санал гаргаж “ажлын хэсгийн шалгасан тайланг тогтоолын төсөл болгож байнгын хороогоор хэлэлцүүлмээр байна. Энэ тайланг нэг удаа сонсоод өнгөрч болохгүй” гэсэн юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж