Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
-Засгийн газар Тавантолгой төслийг цогцоор нь хөдөлгөх саналаа намынхаа бүлэгт танилцууллаа. Тавантолгой төслийн 30 хувьд IPO гаргаж, нийтдээ 4.7 тэрбум ам.доллар босгох замаар төслөө хөдөлгөх боломжтой гэж үзсэн байна?
-Юуны түрүүнд Тавантолгой нээлттэй компани байх ёстой. Монгол Улсын хуулиар иргэдэд олгосон хувьцааны нөлөөллөөр нээлттэй болохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Олон улсын зах зээлд IPO –ээс иргэдийн эзэмшиж буй хувьцааг амь оруулж олон улсын хувьцаа эзэмшигчидтэй, Монгол Улсын иргэд хувьцаа эзэмшсэн нээлттэй компани байх нь зүйтэй гэж би хувьдаа үзэж байна.
-Нээлттэй компани болсноор ямар давуу тал бий болох вэ?
-Дэлхийн эдийн засгийн жишгээс харахад, нээлттэй компанийн засаглал, ил тод байдал, үр ашиг, эх үүсвэрт төвлөрүүлж чадах чадамж гэсэн бүх үзүүлэлтүүд нь нэмэгддэг. Тийм учраас Тавантолгой төслийг хурдан хөдөлгөх хэрэгтэй. Ингэхдээ нээлттэй хэлбэрээр зохион байгуулах нь зөв.
-“Монголын эдийн засгийн форум-2018” чуулган хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганаас санхүүгийн секторт үр дүн гараасай гэсэн хүлээлт байна.Та энэ удаагийн форумаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Эдийн засгийн чуулганы үр дүн өнөө орой дуусаад гарах байх. Тэндээс гарах санал зөвлөмжийг төр, хувийн хэвшил үйл ажиллагаандаа тусгах байх гэж бодож байна. Миний хувьд чуулганаас хүлээлт тавьж буй гол үр дүн бол хөрөнгө оруулалт, эрхзүйн орчин болон засаглалын чадамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэж байгаа нь нэлээд олзуурхууштай. Өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын гол шалтгаан нь улс төрийн тогтворгүй байдал болоод үүнээс гарч буй засаглалын тогтворгүй, байдалтай холбоотой гэж үзэж байна. Тийм учраас шинэ Засгийн газрын зүгээс засаглалыг сайжруулах асуудлаар хүчтэй дуугарч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ зөв хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Өнөөдөр хэлэлцэж буй Монгол Улсын хөгжлийн загвар нь цаашид олон зүйлд чиг баримжаа болох болов уу. Монгол Улс өмнө нь хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй байсан боловч түүнийгээ хэрэгжүүлэх, урт хугацаанд хөгжүүлэх хөгжлийн загвар хэрэгжүүлэх төлөвлөгөө бидэнд байгаагүй. Энэ удаагийн хэлэлцүүлгээс салбар салбарыг хэрхэн хөгжүүлэх үү гэдэгт чиг баримжаагаа олж авах байх.
-Тоон үзүүлэлтүүдээс харахад, эдийн засаг өсөлттэй гарч байгаа ч үр дүн нь иргэн, айл өрхөд огт мэдрэгдэхгүй байна. Яагаад ард түмний амьдрал сайжрахгүй байна вэ. Уг нь ДНБ өсөхийн хэрээр ард түмний амьдрал өсөн дэвжиж байх ёстой. Харин манай нөхцөлд одоохондоо яг л урвуу хамааралтай байх шиг?
-Өнгөрсөн хугацаанд эдийн засаг өсөлттэй гарч байгаа ч энэ нь нийт иргэдэд хүрч чадахгүй байгаа нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна. Эдийн засагч өсч, өрхийн орлого нэмэгдсэн ч гэсэн өрхийн орлогын түвшин буцаад дөнгөж 2014 оны түвшинд очиж байна. Цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаа нь үнэн боловч жигд биш байна. Тодорхой салбаруудын цалин хөлсний өсөлтийн нөлөөллөөр дундаж цалингийн өсөлт өндөр харагдаж байгаа. Цаашид эдийн засгийн өсөлт дахин 2-3 улирал дараалан өсөлттэй гарах юм бол харьцангүй жигд хуваарилагдаж эхэлнэ. Хоёрдугаарт, бусад салбараа дэмжих ямар бодлого хэрэгжүүлж чадах вэ гэдэг асуудлыг шийдэж чадвал эдийн засгийн өсөлт нийт иргэдэд хүртээмжтэй болно. Одоогоор зөвхөн уул уурхай болон түүнээс дамжсан худалдаа, үйлчилгээ, тээврийн салбарын дан нөлөөлөл нь нийт иргэдэд хүрч чадахгүй байна гэсэн үг.