Б.Золжаргал: Өөрийгөө олон зүйлд соримоор байна

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Б.Золжаргал: Өөрийгөө олон зүйлд соримоор байна

Б.Золжаргал: Өөрийгөө олон зүйлд соримоор байна

“Утасны анд” энэ удаа УДЭТ-ын залуу жүжигчин Б.Золжаргалтай холбогдлоо. Тэрээр “Гэгээн муза-14” наадмын “Хүүхдийн жүжиг”-ийн төрөлд “Царцаа Намжил” жүжгийн царцаа Намжилын дүрээр “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртсэн юм.


-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе?

-Танд болон “Зууны мэдээ” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.

-Муза гардсанд тань баяр хүргэе. Сэтгэл чинь нэлээд догдолж байх шиг харагдсан?

-Өөрийгөө энэ нэр хүндтэй, эрхэм шагналыг авна гэж бодоогүй. Үнэхээр баярлаж, догдолсон. Залуу уран бүтээлчийн хувьд улам ихийг хийгээрэй гэсэн ташуур боллоо гэж бодож байна. Би оюутан байхдаа “Гэгээн муза” наадмыг нууцаар үзэж байсан. Шагнал авч буй ах эгч нарыг хараад өөрөө Муза авсан мэт баярладаг байж билээ.

-“Царцаа Намжил” жүжиг үзэгчдээс их өндөр үнэлгээ авсан. Дүрээрээ хүүхдүүдэд юу ойлгуулахыг хүссэн бэ?

-”Царцаа Намжил” үлгэрийг хүүхдүүд сайн мэддэг. Хүүхэлдэйн кино нь хүртэл байдаг. Монголчууд эртнээс хүүхдээ үлгэрээр дамжуулан үнэнч шударга, хөдөлмөрч болгож хүмүүжүүлдэг байж. Үүнийг л хүүхдүүд болон эцэг эхчүүдэд ойлгуулахыг хүссэн.

-Үлгэрээс нь сэдэвлэсэн учир их сонирхолтой байх даа?

-Нэгэн хүү эрдэм сурахаар бурхны оронд очоод юу ч сураагүй тул тамын орон руу унаж буйгаар жүжиг эхэлдэг. Үүнээс цааш олон хөгжилтэй, сургамжтай үйл явдал өрнөнө. Эцэст нь Намжил хүү эрдэм мэдлэг хүний амьдралд ямар хэрэгтэй болохыг ойлгодог.

-Жүжиглэхээс гадна өөрөө дуулдаг байхаа?

-Театрын жүжигчин Шинээ, Тодоо нартайгаа хамтран уран бүтээл хийж байна. Жүжигчнээр ажиллахаас гадна олон сайхан дуу гаргахсан гэсэн мөрөөдөл бий. Залуу хүний хувьд өөрийгөө олон зүйлд сорьж, суралцмаар байна.

-”Драмын 4”-ийн үргэлжлэл гэж ойлгож болох уу?

-Ах нар маань сонсогчдод хүрсэн олон уран бүтээл хийсэн. Бид гурвын хувьд үлгэр жишээ авч, суралцахыг хүсдэг. Ах нарынхаа араас “Драмын 3” болж залгамж халааг нь үргэлжлүүлэхсэн гэж хүсдэг.

-Таны гэргий хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг. Хэрхэн танилцаж байв?

-Анх 2016 онд танилцсан. Манай хүн тоглолт үзээд надад баяр хүргэж байсан юм. Бид удахгүй шинэ хүнээ өлгийдөж авна.

-Гайхалтай мэдээ байна. Танай гэр бүлд аз жаргал хүсье?

-Баярлалаа. Намайг үргэлж ойлгож, дэмждэг ханьдаа “баярлалаа” гэж дамжуулъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж