Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн Токио хотод үргэлжилж байна. Зуны тэмцээний дээд зиндаанд түрүүлэх магадлалтай бөхийн нэгээр Ичиножёо А.Ичинноров нэрлэгдэж байсан ч тэрбээр дөрвөн унаатай болсноор тэргүүлэгчийн дөрөвдүгээр эгнээ рүү шилжсэн. Өчигдөр /2018.05.21/ ес дэх өдрийн барилдаанд сэкивакэ Ичиножёо озэки (арслан) Гоэйдо нар оноолт таараад байсан билээ. Тэгвэл Гоэйдо мөрний бэртлийн улмаас башёг орхиж, Ичиножёо (5-4) даваагаа ахиуллаа.
Башё эхлэхээс өмнө озэки Такаясү, ёкозүна Кисэносато нар мөн бэртлийн улмаас башёг өнжсөн. Тэгвэл өчигдрөөс эхлэн озэки Гоэйдог барилдааныг үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Ингэснээр энэ башёд озэки цолтон үлдсэнгүй.
Зуны тэмцээнийг Гүржийн бөх Точиношин есөн даваатай тэргүүлж байгаа бол их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарын гурван бөх найман даваа, нэг унаатай үргэлжлүүлж байна.
Өнөөдрийн 10 дахь барилдаанд Хакүхо Эндотой, Какүрюү Котошогикүтэй оноолт таарчээ. Мөн башёг нэг ч унаагүй тэргүүлж байгаа Гүржийн Точиношин Чиёотайрюүтэй барилдана.