С.Баярыг “цаазалсан” өдрүүд

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засгийн форум-2018

С.Баярыг “цаазалсан” өдрүүд

С.Баярыг “цаазалсан” өдрүүд

Гарчигаа ингэж өгсөн нь хүмүүсийн анхаарлыг татах гэсэндээ бус С.Баярыг хорьсон, интернетийнхэн бүр  ил цагаан “цаазалсан” энэ өдрүүдэд Монголд юу болов оо гэдгийг хөндөх гэсэн санаатай.  Мөн Монгол Улсын 25 ба 28 дахь Ерөнхий сайдаа хорьсон эл хугацаанд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх бас юу амжуулав гэдгийг сонирхуулах маягтай юм.

Хятадад албан ёсны айлчлал хийж ирэнгүүтээ Тавантолгойг хөдөлгөхөөр бүлэгтээ танилцуулга хийсэн, С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаас эгүүлэн татсан, эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах болсон зэрэг нь бүгд санамсаргүй давхцал байсан гэхэд өрөөсгөл.

Ямартаа ч Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж буй, Ж.Эрдэнэбатын засгийн үед дундаа нэг тасарсан Эдийн засгийн чуулга уулзалтыг ажиглахад хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхний итгэл нэгэнт алдарсныг эндээс харж болохоор. Өмнө нь манай төр засагт итгэж ирдэг байсан, эдийн засгийн чуулга уулзалтад үр дүнг хүлээдэг байсан хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн энэ удаад онцын ач холбогдол өгөөгүй нь  ярьдаг, хөндөгддөг өнөөх л асуудлууд нь яг хэвэндээ байгаатай ч холбоотой биз.

Үндсэндээ найман жил цуглаж суугаад чуулсан ч эдийн засгийн чуулга уулзалтын үр дүнг яриад ч хэрэггүй. Ялангуяа Засгийн газрын тоглоомын дүрэм нь тодорхой биш, бодлого нь ойлгомжгүй, хуульт ёс алдагдаж байгаа тухай, хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай, хувийн хэвшлийнхнээ дэмжих тухай, төрийн дарамтыг арилгах тухай найман жилийн өмнө ярьж байсан асуудлаа ахин, дахин ярьж, хэлэхээс залхаа ч биз. Яг үнэндээ өнөөдөр ч У.Хүрэлсүхийн засгийн бодлого тодорхойгүй, тоглоомын дүрэм нь бүр ойлгомжгүй, хөрөнгө оруулалтыг хамгаалах, таатай орчин бүрдүүлдэг асуудал бүр тэг. Тэрч бүү хэл хязгаарлах, хөөх, цаазлах тухай яриа идэвхжсэн, гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдаа айлгасан, ичээсэн ийм л үйл явдал Монголд өрнөж байна.

Ийм тааламжгүй, айдастай, эрсдэлтэй нөхцөлд эдийн засгийн чуулга уулзалтыг мянга зохион байгуулж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд индэр дээрээс гоё мэдэгдэл, сайхан илтгэл тавиад ач холбогдолгүй, амжилтгүй гэсэн үг. Товчхондоо, Монгол хөрөнгө оруулагчдынхаа ч, хувийн хэвшлийнхнийхээ ч, хоёр хөршийнхөө ч илтгэлийг алдчихсан.

Хөрөнгө оруулалт татах, бодлого ярих, бүр цаашлаад гадаад харилцаандаа анхаарахын тулд хууль, шүүх төр засаггүй хамтрах хэрэгтэй. Нэг дарга нь хөрөнгө оруулалт дуудаж, нөгөө дарга нь хөрөнгө оруулагчдаа үргээгээд байж болмооргүй байна. Энэ нь юу вэ гэвэл Монгол цаашдаа нэг толгойтой, нэг амтай болох ёстой гэсэн үг. Эдийн засгийн чуулган уулзалтад илтгэл тавьсан төрийн институциуд нь зөрчилтэй, уялдаа холбоогүй, адаглаад л итгэлд нь дурдагдсан статистик нь хүртэл зөрүүтэй.

Чухамдаа чуулга уулзалтад хамгийн сонирхолтой, хамгийн зөв асуудлыг хөндсөн Б.Баабарын илтгэлд дурдагдсан “Хэрэв Оюутолгой зогсвол эмч, багш нар цалингаа нэмүүлэх биш, цалингүй болно” гэсэн  үгийг ойлгосон, ухамсарласан улстөрч байгаа болов уу даа.  Зөвхөн эмч, багш нарынх ч биш С.Баярыг барьж аваачаад хорьчихсон хууль, прокурор, шүүгч, АТГ-ынхан ч адилхан цалингүй болно.

Энэ удаагийн чуулга уулзалтаар хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхнийг сурагласан, хөндсөн сэдвийн нэг нь Оюутолгой байв. Оюутолгойг цаашдаа яах вэ гэсэн эргэлзээ эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчдод, энэ сэдвийг онцолж хэлсэн нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, нийтлэлч Б.Баабар нар  байв. Төрийн томчууд цугларч, илтгэл тавьсан эдийн засгийн чуулга уулзалтаар Оюутолгойн гэрээ  хөндөхгүй байхын аргагүй,  хөрөнгө оруулагчдын хувьд хүлээлт үүсгэсэн том асуудал л даа.

С.Баярыг “цаазалсан” энэ өдрүүдэд Оюутолгойг гэрээг эргэн харах, Тавантолгойг хөдөлгөх хоёр акц зэрэг хөндөгдөж байгаа нь жирийн нэг үзэгдэл биш. Нэг гэрээг хийсэн гэх нийтдээ зургаан хүнийг яллагдагчаар татаж, хорьсон атлаа нөгөө гэрээг нь хөдөлгөнө гэдэг яавч эдийн засгийн ашиг сонирхолтой байж таарахгүй байна. Тэр тусмаа урд хөршид айлчлахдаа 4.6 тэрбумын гэрээ байгуулсан гэж бялууртлаа магтуулсан У.Хүрэлсүх гэнэт хойд хөрш рүүгээ мордох ажлаа ямар ч тайлбаргүйгээр  гэнэт хойшлуулсан нь хүртэл шүү.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж