Н.Ганчимэгийн түүх
#MeToo, #TimesUp хөдөлгөөнүүд Монгол Улсад ч гэсэн өрнөөд чамгүй хугацаа өнгөрчээ. Эмэгтэйчүүд (бас эрчүүд) нэгэнт даамжраад байсан жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн дарамтын уг шалтгаан болсон жендэрийн тэгш бус байдлыг таслан зогсоохоор ажиллаж, тэмцсэн оролдлогууд ч нэлээн их бий.
Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албаны дарга, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөгч Н.Ганчимэг энэ замыг түүчээлж яваа хүмүүсийн нэг билээ.
Тавдугаар сарын 23-нд олны хүртээл болох “Өөрчлөлтийг хамтдаа” баримтат нэвтрүүлгийн долоон дүрийн нэг гэдгээрээ Н.Ганчимэг мөдхөн та бүхний танил болох болов уу. Уг бүтээлд амьдарч буй нийгэм, орчноо илүү тэгш оролцоотой, хүртээмжтэй болгохоор санаа нэгдэн шамдаж буй LEAD Mongolia хөтөлбөрийн оролцогч долоон залуугийн түүхийг өгүүлэх юм.
Энэ дашрамд хэлэхэд LEAD Mongolia хөтөлбөр гэдэг нь нийгэмд хийсэн ажил, санаачилгаараа тэргүүлж, бусдын амьдралд нэмэр, түлхэц болж яваа залуусын хувь хүний хөгжил, манлайлах чадварыг нь дотоод, гадаадын сургалтаар олгох зорилго бүхий АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр World Learning олон улсын төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй хөтөлбөр юм. Н.Ганчимэгийн цаг, сэтгэлээ зориулан буй хүйсийн хүчирхийллийн эсрэг нөлөөллийн ажил нь энэхүү хөтөлбөрийн “амьдарч буй нийгмээ тэгш оролцоотой болгох манлайлагчдыг чадавхжуулах” гэсэн зорилготой яв цав нийцэж буй.
“Өрх гэрийн дотоод асуудал нь төрийн оролцох хэрэг биш” гэж үзэх нүүдэлчин соёлын онцлогоор жендэрийн тэгш байдал болон, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал Монголын нийгэмд хаалттай сэдэв байсаар иржээ. 2016 оныг хүртэл Монгол Улсын Эрүүгийн хуулиар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэггүй байснаас дүгнэхэд төр хүчирхийллийг ноцтойд авч үздэггүй байсан гэж хэлж болохоор. Хууль батлагдсан ч гэсэн хэрэгжүүлэлтийг хянах, гүйцэтгэх албан тушаалтнууд уг сэдвээр бүрэн сургагдаж бэлтгэгдээгүй төдийгүй гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчлийн асуудал гэдэг өнцгөөс харах сэтгэлгээ хараахан бүрэлдээгүй л байна.
“Эмэгтэйчүүдийн хувьд энэ асуудлаа нээлттэй ярихад нь тулгарах бэрхшээл их. Хүмүүс юу гэж хэлэх бол, нэр төр нь сэвтчих болов уу гэдгээс эмэгтэйчүүд маань их эмээдэг” гэж Н.Ганчимэг бидэнд өгүүлнэ. Хүчирхийллийг зогсоохын тулд бид сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна. Хүмүүс асуудлыг хөндөхдөө хохирогчийг буруутгадагаа болих хэрэгтэй. Эмэгтэйчүүд ч мөн илүү зоригтойгоор тулгарсан асуудлаа ярьж чаддаг болох нь чухал. Энэ өөрчлөлтөд хүмүүсийн мэдээллийн эх суваг болсон хэвлэл мэдээллийнхэн чухал үүрэгтэй. Гэхдээ бодит байдал дээр жендэрт суурилсан хүчирхийллийн эрх зүйн үр дагаврын талаар хэвлэл мэдээллийнхэн ч хангалттай хөндөхгүй байна. Н.Ганчимэгийн хэлж байгаагаар хэвлэл, мэдээллийнхэнд харин ч хохирогч эмэгтэйчүүдийг буруутгах хандлага давамгайлдаг аж. 2017 онд Н.Ганчимэг өөрийн багийн хамт Монголын хэвлэл мэдээллийнхэн гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, жендэрийн тэгш бус байдлыг хэрхэн мэдээлж, сурвалжилсан байдал дээр судалгаа хийж үзжээ.
“Хэвлэл мэдээлэл нь хүчирхийлэл болоод жендэрийн тэгш байдлын асуудлаар нэг талыг барилгүй нийтэлж чадахгүй байна. Хүйсээр нь ялгаварлах хэвшмэл ойлголт оршсон хэвээр” гэж Ганчимэг бидэнд хэлсэн юм. Судалгааныхаа хүрээнд Н.Ганчимэг жендэрт суурилсан хүчирхийллийн талаар хэвлэлд гарсан мэдээ, нийтлэлд дүгнэлт хийсэн байна. Түүнээс харахад нийт мэдээллийн эх сурвалжийн 70 гаруй хувь нь эрэгтэй, нийтэлсэн зурагны 70 хувь нь эрчүүдийнх, харин хохирогчдын 91 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Түүнчлэн дээрх мэдээллүүдэд эрчүүдийг бизнесмен, улс төрч төрхөөр харин эмэгтэйчүүдийг гоо үзэсгэлэнт эмэгтэй, эсвэл гэрийн эзэгтэйн төрхөөр дүрслэх нь давамгай байсан гэнэ. Мөн тухайн мэдээлэл нь голдуу нөхцөл байдлыг дэвэргэсэн, гарчгаараа хүний анхаарал татах гэсэн төлөвтэй байжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл жендэрийн асуудлыг яаж хөндөж байгаа нь нийгэм даяарх хандлагыг өөрчлөхөд чухал нөлөөтэй гэдэгт Ганчимэг итгэдэг. Хэрвээ хэвлэлийнхэн жендэрт суурилсан хүчирхийллийг хохирогчийг буруутгах төлвөөр харуулсаар байх аваас уг асуудал бодлогын болоод нийгмийн түвшинд шийдэгдэхгүй нь мэдээжийн хэрэг юм. Гэхдээ Н.Ганчимэг асуудлыг өөдрөгөөр харах аж. #MeToo, #TimesUp хөдөлгөөнүүд нь дэлхий даяар өрнөж буй нь эерэг дохио бөгөөд энэ өөрчлөлт монгол бүсгүйчүүдийг ч хамарч байна. 2017 оны 11 дүгээр сард өрнөсөн “Нүдээ нээ” хөдөлгөөн нь хүчирхийлэл, бэлгийн дарамтын хохирогчдын эрхийг хамгаалах зорилготой байлаа. Энэ тухай одоо олон нийт илүү их ярьдаг болжээ.
“Энэ бүхэн сайн эхлэлийн шинж. Эмэгтэйчүүд дуугаа нэгтгэснийхээ хүчийг мэдэрч эхэлсний ач тус. Эмэгтэйчүүд айх нь багасчээ” гэж Ганчимэг хэлсэн юм. Түүний өөдрөг, итгэлтэй байгаа нь LEAD Mongolia хөтөлбөртэй ч холбоотой. Түүний шинэ хамт олон бол Монголын нийгмийн салбар бүрт сайныг авчрах итгэл найдварууд аж. “Бид хэрвээ нэгдээд, хүсээд, зорьж чадвал маш том зүйлийг бүтээх боломжтой гэдгийг олж харсан” гэж тэрээр хэлж байлаа.
Амжилттай ардчиллын салшгүй нэг хэсэг нь жендэрийн тэгш эрх, тэгш хамруулсан оролцоо гэдгийг Н.Ганчимэг мэднэ. Жендэрийн тэгш эрх бий болсноор хамгийн зөв шийдвэр гарна гэдэгт тэр итгэдэг. Түүний зорьсон үйл хэрэг биелэхийн цагт сая бидний бүтээхийг хүсдэг хүмүүнлэг, хүний эрхийг дээдэлсэн, тэгш нийгэм буй болох юм.
Н.Ганчимэгийн дэлгэрэнгүй түүхийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийх “Өөрчлөлтийг хамтдаа” баримтат нэвтрүүлгээс үзээрэй. Нэвтрүүлэг LEAD Mongolia хөтөлбөрийн Facebook болон Youtube хуудсанд тавигдах болно.
Тус бүтээлд “World Learning”-ийн санаачилсан “Transforming Agency Access Power – TAAP” буюу нийгэмд хүний эрх мэдэл, хүртээмж, оролцоог тэлэх аргачлалыг LEAD Mongolia хөтөлбөр үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж ажиллаж буйг тус хөтөлбөрийн долоон оролцогчийн түүхээр дамжуулж харуулсан юм. TAAP аргачлал нь эрх мэдлээс тусгаарлагдсан, гадуурхагдсан хүмүүсийг төслийн бүхий л үе шатанд тэгш хамруулж, хүн бүрийн дуу хоолой, ур чадвар, туршлагыг харгалзан үзэхийг чухалчилдаг. LEAD Mongolia хөтөлбөр нь World Learning ТББ-ын TAAP аргачлалыг нэвтрүүлсэн анхны хөтөлбөр бөгөөд тэгш хүртээмжтэй оролцоог хангасан төсөл хэрэгжүүлэх ур чадварыг оролцогчдодоо эзэмшүүлэхэд онцгойлон анхаардаг. Энэхүү бүтээлд LEAD Mongolia хөтөлбөрийн 7 оролцогч хөтөлбөрт хамрагдсан туршлага хийгээд нийгэмд тэгш хамруулах талаарх үзэл бодлоо хуваалцсан байна. TAAP аргачлал хэрхэн хөрсөнд бууж, биеллээ олсныг, Монголд тэгш хүртээмжтэй, оролцоот нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулж яваа залуусын түүхийг та үзээрэй.
Эх сурвалж: LEAD Mongolia