"ЗГ томоохон төслүүдээ хөдөлгөснөөр мөнгөний бодлогын хүү буурна"

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

"ЗГ томоохон төслүүдээ хөдөлгөснөөр мөнгөний бодлогын хүү буурна"

"ЗГ томоохон төслүүдээ хөдөлгөснөөр мөнгөний бодлогын хүү буурна"

Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвөөс  Монголбанкнаас 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, түүний үр дүнгийн талаар хийсэн судалгааг өнөөдөр /2018.05.22/ танилцууллаа. Өөрөөр хэлбэл, Монголбанк бараг анх удаа хараат бус шинжилгээний байгууллагаар өөрийн мөнгөний бодлогод үнэлэлт дүгнэлт хийлгүүлсэн гэсэн үг. Өмнө нь өөрөө үйл ажиллагаагаа төлөвлөж улмаар УИХ-аар батлуулж тайлангаа гаргадаг байсан бол энэ удаад гаднын байгууллагын хийсэн мөнгөний бодлогын бодит төлөвийн үнэлгээтэй танилцлаа. Тус судалгааг Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Г.Бумчимэг танилцуулав.

“2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлого нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэж байсан. Өөрөөр хэлбэл, 2017 онд мөнгөний бодлогын төлөв сул байсан.

-Бодит хүү буурсан. Бодлогын хүүг гурван нэгж хувиар бууруулсан. Инфляци өссөн.

-Төгрөгийн ханш 2016 онд огцом суларч, 2017 оны туршид сул байсан.

Цаашид төгрөгийн ханш суларч, инфляци өссөнөөр төгрөгийн ханш хэт үнэлэгдэж, ханшаар дамжин мөнгөний бодлогын төлөвийг хатууруулж, эдийн засгийн өсөлтийг сааруулахаар байна” гэдгийг тэрбээр дүгнэлтдээ дурдлаа.

Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Г.Бумчимэг:  

2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогыг үнэлэхдээ олон улсад хэрэглэгддэг стандарт арга, техникийг ашигласан. Мөнгөний бодлого  ханш талаасаа эдийн засгийг дэмжих нөлөө үзүүлсэн гэж харагдаж байна. Өнгөрсөн оны мөнгөний бодлогыг боловсруулахад эдийн засаг хүндхэн байсан. Мөн өсөлт нэлээд уначихсан ийм үе байсан. Улмаар ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн эрсдэл буурахын зэрэгцээ нүүрсний экспорт өссөн нь эдийн засаг тэлэх нөлөө үзүүлсэн. Эрсдэл буурснаар Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ бууруулсан. Өнгөрсөн хугацаанд бодит ханш чангарч байна. 2017 онд нэрлэсэн ханш 2.3 хувиар чангарсан. Мөн гадаад валютын урсгал ихсэж байгаа боловч гадаад өр өссөн. 2020 оноос их дүнтэй гадаад төлбөрүүд хүлээгдэж байгаа нь богино хугацаанд ханш чангарах, дунд хугацаанд суларч болох эрсдэлийг харуулж байна.

Мөнгөний бодлого цаашид яах вэ-

Инфляци эрчимтэй өсч байна. Эдийн засгийн эрсдэл буурч байгаа нь бодлогыг хүүг бууруулах хүлээлт бий болгосон. Бодлогын хүүг дахин бууруулах эсэхийг шууд хэлэхэд боломжгүй. 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлого тухайн ондоо нөлөө үзүүлэхээс илүүтэй  1-2 жилийн дараа үр нөлөө өгдөг.

-Бодлогын хүү буурснаар зээлийн хүү буурах уу?-

Өнөөдөр бодлогын хүүг бууруулснаар маргааш нь зээлийн хүү буурна гэж харж болохгүй. Энэ хооронд нөлөөг дамжуулах хугацаа гэж бий. Ялангуяа манайх шиг жижиг зах зээлтэй орны хувьд дээрх нөлөө тун бага. Харин өндөр хөгжилтэй орнуудын тухайд, бодлогын хүүгээ дагаад санхүүгийн зах зээл нь өөрчлөлтөд ордог.

Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:

Валютын ханш нь зах зээлийн нэг үнэ юм.  Өнгөрсөн оны эцсээс  валютын ханш 20-оод төгрөгөөр чангарсан төлөвтэй байна.  2016 оны арванхоёрдугаар сараас эхлэн бодлогын хүүг тодорхой хувиар буулгасан. Бодлогын хүүг бууруулахад харгалзан үзсэн  гол хүчин зүйл нь инфляцийн төлөв байдал. Цаашид мөнгөний бодлогын хүү буурах эсэх нь мөн л инфляцийн түвшин, төлбөрийн тэнцэл, эдийн засгийн нөхцөл байдалтай  уялдана. УИХ-аас томилогдсон Мөнгөний бодлогын хороо ирэх зургаадугаар сарын 15-нд  анхны  хурлаа хийнэ. Үүнтэй холбогдуулан Мөнгөний бодлогын газар эдийн засгийн төсөөллөө шинэчлэх ажлууд хийгдэж байна.  Мөнгөний бодлогын хүү 10 хувьтай байгаа нь маш доогуур түвшин.

-Яагаад мөнгөний бодлогын хүү инфляцитай уялддаг вэ-

Эдийн засгийн төлөв байдал, идэвхжилийг илтгэдэг хамгийн сайн үзүүлэлт нь инфляци гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хэт хурдтай буюу ялангуяа эрэлтийн өндөр идэвхжилийг нийлүүлэлтийн  тал хангаж чадахгүй байх нь эдийн засгийн халалтыг   бий болгодог. Халалт бий болсон нь инфляцийн өсөлтөөр илэрдэг. Тиймээс бодлогын хүү  инфляцын ирээдүйн түвшинтэй уялддаг.

Эдийн засагч  Ж.Дэлгэрсайхан:

Бодлогын хүүг бууруулж  улмаар эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд инфляцийн түвшнийг анхаарах шаардлагатай. Харамсалтай нь манайд инфляци эдийн засгийн сэргэлтээс үл хамааран нэмэгддэг тал бий. Засгийн газрын зүгээс томоохон төслүүдийг хөдөлгөж эдийн засгийн суурийг сайжруулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх алхмыг хийж чадвал Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, эдийн засгаа дэмжих орон зай бий болно гэж харж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж