Уулын спортын мастер Жагдалын Бямбасүрэн тавдугаар сарын 16-ны өдөр дэлхийн ноён оргил Эверестийн оргилд гарсан мэдээллийг ирүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2018.05.22/ Түвд, Хятадын хилийн заагт орших дэлхийн дөрөв дэх өндөр уул Лхоце хайрханы оргилыг эзэлсэн мэдээлэл ирлээ.
Монголын уулчдаас 2013 онд ОУХМ Л.Баярсайхан найм хоногийн зайтай дэлхийн 14 дэх оргил Шишапангма (8027 м), зургаа дахь оргил Чи Оюу-д (8188 м) дараалан авирч уулын спортын түүхэнд нэгэн амжилтын эхлэлийг тавьж байсан билээ. Тэгвэл энэхүү амжилтыг “Хайрхан аялагч” клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Эверест, Лхоце оргилд зургаан өдрийн зайтай гарснаар ахиулж чадлаа.
Непалын талаас Эверестэд гарч үндсэн отогтоо буугаад хоёр хоног амран Лхоце оргилыг эзэлсэн Ж.Бямбасүрэнгийн энэ удаагийн авиралт өндөрлөж байна. Тэрбээр тавдугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк хуудастаа “Найзуудаа өнөө шөнө үндсэн отгоос хөдөлж маргааш Эверест 2-р отогт түр амраад, Эверест 3-р отогт очиж хонох юм байна. 21-нд Лхоце 4-р отогт хүрч түр амраад, шөнөдөө оргилын авиралт эхлүүлж 22-нд Лхоце Хайрханд гарах төлөвлөгөөтэй байна. Ядралт ихтэй байгаа ч оролдоод үзэх бодол байна. 23-нд баяртай мэдээтэй FB-р уулзъя. 22-с хойш цаг агаар муудах юм байна. Бараг сүүлийн боломж бололтой. Оргилд гарсан багууд бууж эхэлсэн, удахгүй үндсэн отог хүн цөөрөх шинжтэй байна.” гэсэн байна.
Мэдээллийг эргэн хүргэнэ.