Харри, Меган нар хуримын албан ёсны зургаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Харри, Меган нар хуримын албан ёсны зургаа танилцууллаа

Харри, Меган нар хуримын албан ёсны зургаа танилцууллаа

Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар хуримынхаа албан ёсны гурван зургийг олон нийтэд танилцууллаа. Гэрэл зурагт хатан хаан Елизавета II, хунтайж Харригийн гэр бүлийнхэн болон түүний гэргий Меганы ээж багтсан байна. Зургийг алдарт гэрэл зурагчин Алекси Лубомирски авчээ.

Их Британийн шинэхэн хос баярт нь оролцсон бүх хүмүүст талархаж буйгаас гадна гэрэл зураг ихэд таалагдсаныг Бямба гаригт /2018.05.19/ Кенсингтоны ордны хэвлэл мэдээллийн албанаас уламжилжээ. 

Хосын сүйн гэрэл зургийг дарсан алдарт зурагчин, ноён Лубомирски нь Vogue, Harpers Bazaar гэх томоохон загварын сэтгүүлүүдэд олны танил Беонсэ, Жулиа Робертс, Николь Кидман, Скарлетт Иохансон зэрэг одуудтай хамтарч ажиллаж байсан туршлагатай ажээ. 

Тэрбээр ‘Хунтайж Харри болон түүний гэргий Сассэксийн гүнгийн ахайтан Меган нарын сэтгэл татам хайрын түүхийг гэрэл зурагт буулгах болсон нь миний хувьд гайхалтай хүндэтгэл. Энэ бол миний карьер, амьдралд хэзээ ч үл мартах цоо шинэ хуудсыг нээсэн үйл явдал’ хэмээн дурсжээ.

Бямба гаригийн үдэд Гэгээн Жоржийн сүмд ханхүү Харри, түүний гэргий Меган нарыг хуримлах үед Виндзорын шилтгээний гадаа тэдний баярыг хуваалцахаар мянга мянган хүмүүс цугласан байв. Хотын захиргааны мэдээлснээр 110,000 гаруй хүн оролцож, Виндзорын шилтгээн рүү чиглэлтэй галт тэрэгний буудалд 67,000 удаа галт тэрэг зогсч, зорчигчдыг зөөвөрлөжээ.

Дэлхий дахинд 11 сая хүн английн BBC, ITV сувгуудаар хуримын ёслолыг үзсэн гэсэн тоо баримт мөн гарчээ.

Меганы дун цагаан, мөр хагас цухуйсан энгэртэй  хуримын даашинзыг Францын Givenchy загварын ордны анхны эмэгтэй уран бүтээлч захирал, Британийн дизайнер хатагтай Клэре Вайгт Келлер урлажээ.

Таван метр урт цагаан торгон гивлүүрт хамтын нөхөрлөлийн 53 орныг төлөөлсөн цэцгэн хатгамлыг шигтгэжээ. Энэ нь Хатан хаан Мэригээс хатан хаан Элизабетэд уламжилж ирсэн толгойн титэмд дүрслэгдсэн байдаг бөгөөд хатан хаан үүнийг Меганы хуримд зориулан зүүлгэсэн билээ.

Хосын хуримын дараах хувийн хүлээн авалтад, Сассэксийн гүнгийн ахайтан Stella McCartney брэндийн битүү энгэртэй, дал нь ил гарсан сараана цэцгийн цагаан даашинзаар гоёжээ.

Даваа гаригт Британийн дизайнер хатагтай Стелла даашинзыг дүрсэлсэн хар зургийг хуваалцан “миний карьерыг хамгийн эгэл даруу болгосон мөч” хэмээн тайлбар өгчээ.

Хатан хааны гэр бүлийн гишүүн болсны хувьд Меганд албан ёсны вэб хуудас ажиллаж байгаа ажээ. Тус вэб хуудсанд Меганы оролцох буяны үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг багтаажээ.

Меган өөрийн албан ёсны хуудас дээр “Би эмэгтэй хүн гэдгээрээ мөн феминист үзлээрээ бахархдаг” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

 

Ө. Баярзул

Эх сурвалж: BBC

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж