“Хүүхдийн хоолыг идүүлэлгүй уулгаж байна”

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн хоолыг идүүлэлгүй уулгаж байна”

“Хүүхдийн хоолыг идүүлэлгүй уулгаж байна”

Нийслэлийн 5-6 настай хүүхдийн 76.1 хувь нь шүдний цооролтой байна. Энэ нь хүүхдийн шүдэнд анхаарах цаг болсныг харуулж байна. Шүдний цоорол нь зүрх судас, бөөр, хоолойны ангина зэрэг өвчний суурь болдог.  Шүдийг хэрхэн эрүүл байлгах болон амны хөндийн эрүүл ахуйн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын амны хөндийн эрүүл ахуйн мэргэжилтэн Т.Жаргалаас  тодрууллаа. Шүдний цоорлыг хүүхэд эцэг, эхээсээ авч байгаа бөгөөд шүдний гажиг ихэсч байгаа нь хүүхдийн хоолыг миксердэж, идүүлэх биш уулгаж байгаатай холбоотой ажээ.


хүүхэд Шүдний цоорлыг эцэг, эхээсээ авч байна

-Хүүхдүүдийн дунд шүдний цоорол их байгаа нь юутай холбоотой вэ?

-Шүдний цоорол нь халдварладаг болохыг эрдэмтэд баталсан. Хүүхэд энэ халдварыг эцэг, эхээсээ, томчуудаас авч байна. Хүүхэд эхээс төрөөд шүд цоорлын халдвар авсан л бол өнөөх нян шүд ургахад нь наалдаж шүд цоорох шалтгаан болдог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд угжаар сүүг нь өгөхдөө халуун, хүйтнийг нь амаараа шалгаж үзэхгүй байх, хүүхдийн нүүрний ойролцоо хамаагүй үнсэхгүй байх хэрэгтэй.

-Хүүхдийн шүдийг хэрхэн зөв угаалгах вэ?

-Мэндэлсэн цагаас нь эхлэн хүүхдийн амны хөндийг арчлах хэрэгтэй. Шүд ургахаар нь л амыг нь угаана гэж ойлгож болохгүй. Шүдийг нь ургахаас өмнө долоовор хуруундаа маарль ороож байгаад хүүхдийнхээ амны хөндийг, өнгөрийг  цэвэрлэх хэрэгтэй.  

-Шүд нь ургасны дараа хэрхэн зөв угаалгах вэ?

-Шүд нь ургахаар сойзоор угааж сургана. Насанд нь тохирсон сойз хэрэглэх нь зохимжтой. Угаахдаа шүдний бүх гадаргад хүрч угаах хэрэгтэй. Шүд нь бүрэн ургаагүй байх үед дээр дурдсан шиг маарлиар өнгөрийг нь арилгаж байх хэрэгтэй.

-Хоол идэх бүрийнхээ дараа шүдээ угаах нь зөв үү. Мөн чихрийг хэрхэн идэх нь зохимжтой вэ?

-Шүдийг өдөрт хоёр удаа угаах хэрэгтэй гэдэг. Шүд угаахыг заавал оо хэрэглэж угаахаар төсөөлж болохгүй. Өглөө, оройд заавал оо хэрэглэнэ, бусад үед өнгөрийг нь сайн арилгах хэрэгтэй. Мөн өдөрт хүний шүлс таван удаа ялгардаг. Ингэхдээ шүлс нь амны хөндийг цэвэрлэж байдаг. Тиймээс өдөрт таван удаа юм идэхэд аюул бага. Харин зургаан удаа юм идсэн бол заавал шүдээ угаах нь зөв.

Танд таван чихэр байхад бүгдийг нь зэрэг идвэл цоорол үүсэх нэг тохиолдол үүснэ. Харин цуваргаж идвэл цоорол үүсэх магадлал тав болно. Тиймээс  чихэр идэхдээ үүнийг бодолцох нь чухал.   

Үүдэн шүдний зулгаах, арааны зажлах үүргийг биелүүлэх хэрэгтэй

-Цоорлоос гадна шүдний гажиг их болжээ. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Тиймээ, шүдний гажигтай, шүдний аппараттай хүүхэд их байдаг болсон. Энэ нь хүүхдээ бор хоолонд оруулснаас хойш амны булчинг хөгжүүлэхгүй байгаатай холбоотой. Амны булчинг хөгжүүлэхийн тулд зажлууртай зүйл өгөх ёстой байдаг юм. Сүүл хөхүүлж, мах зулгаалгах нь амны хөндийн булчинг хөгжүүлж, бүх шүдний үүргийг гүйцэтгүүлдэг. Сүүлийн үед хүмүүс мах болон хүүхдийн хоолонд орж байгаа зүйлийг миксерддэг болсон. Ингэснээр хоолыг идэх биш уудаг болсон. Зажлах үйл хийхгүй болохоор эрүүний яс тэлэхгүй, шүд ургах зайгүй болж, энд тэндээс гарч ирснээр гажиг үүсгээд байгаа.  Тиймээс хүүхдийн насанд тохирсон, аль болох зажлууртай хоол өгч, үүдэн шүдний зулгаах, арааны зажлах үүргийг биелүүлэх хэрэгтэй байна.

-Гажиг үүссэн тохиолдолд аппарат хэрэглэхээс өөр засах арга бий юү?

-Хэрэв таны хүүхдийн шүд насандаа ургахгүй байвал шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч ямар эмчилгээ тохиромжтойг зөвлөнө. Гажиг үүсэх гэж байгааг эрт илрүүлж чадвал шөнө зүүж унтдаг аппарат бий. Ингэснээр арай хямд үнээр шүдний гажгаас сэргийлэх боломжтой. Нас ахих тусам аппаратын үнэ болон зүүх, засал хийх хугацаа нэмэгддэг.

-Эрүүл, бат бөх шүдтэй байхын тулд хэрхэх вэ?

 -Зөв угаалт, хоол хүнсний зөв хэрэглээ чухал. Ааруул, цагаан идээ зэрэг уламжлал хүнс тогтмол хэрэглэх хэрэгтэй.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж