Монголын пара пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ “Рио 2016” олимпийн наадамд 88 кг-ын жинд 210 кг-ыг өргөн хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулж байсан билээ. Тэрбээр Риогийн наадамд Арабын нэгдсэн Эмират улс болон Бразилын тамирчдын хамт медалийн тавцанд зогссон.
Гавьяат тамирчин Э.Содномпилжээ паралимпийн наадмаас хойш олон улсын тэмцээнд тогтмол өндөр амжилтыг үзүүлсээр байгаа. Тэрбээр энэ оны эхэнд АНЭУ-ын Дубай хотод болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 107 кг-ын жинд өрсөлдөн 220 кг-аар аварга болсон юм.
Э.Содномпилжээгийн амжилт Финландын Ванта хотод өнгөрөгч долоо хоногт болсон пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шаталтын хэрэглэлгүй төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үргэлжилж, нэгэн түүхэн амжилтын эзэн болов. Тэрбээр 105 кг-ын жингийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож, 242.5 кг-ыг шахаж, түрүүллээ. Түүний жинд ОХУ, Иран, Украин, Швед, Финланд зэрэг 11 орны тамирчид өрсөлджээ.
Эрүүл тамирчидтай өрсөлдөж, түүхэн амжилтын эзэн болсон Э.Содномпилжээ тэргүүтэй баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ.