Газар хөдлөлтийн асуудлаарх олон улсын хуралд оролцоод иржээ

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийн асуудлаарх олон улсын хуралд оролцоод иржээ

Газар хөдлөлтийн асуудлаарх олон улсын хуралд оролцоод иржээ

БНХАУ-ын Чэнду хотноо тавдугаар сарын 14-16-ны хооронд “Вэнчуаны газар хөдлөлтийн 10 жилийн дурсгал”-д зориулсан олон улсын хурал болжээ. Уг олон улсын хурлыг “Эх газрын газар хөдлөлт-олон улсын IV хурал” болон “Азийн сейсмологийн XII чуулган”-уудыг нэгтгэн зохион байгуулсан нь олон орны судлаачдыг нэг дор цуглуулж, мэдлэг туршлагаа солилцох өргөн боломжийг бүрдүүлж өгчээ.

Энэ хуралд Монгол Улсын ШУА-ын ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, профессор С.Дэмбэрэл, тус хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбат, тус салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор А.Мөнхсайхан, Б.Буянтогтох, М.Дэмбэрэлдулам, Л.Тунгалаг, С.Тогтохбаяр, Л.Дагзинмаа нар оролцож судалгааны ажлын үр дүнгээрээ 4 аман илтгэл, 7 ханын илтгэл хэлэлцүүлсэн байна.

Тус хуралд 14 орны 1000 гаруй төлөөлөгчид оролцож, газар хөдлөлтийн өмнөх болон дараах геофизик орны өөрчлөлт, газар хөдлөлтийн геодинамик процесс, газар хөдлөлтийн аюулыг үнэлэх, урьдчилан сэргийлэх; хүчтэй газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн инженерчлэл, гамшгийн үед авах арга хэмжээ болон агаар сансрын зураглал хийх зэрэг сэдвээр 3 өдрийн турш 780 гаруй аман болон ханын илтгэл хэлэлцүүлжээ.

Энэ үеэр БНХАУ-ын Засгийн газраас санаачлан зохион байгуулж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны хүрээнд “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах хамтын ажиллагаа” сэдэвт дээд хэмжээний уулзалт болсон байна. Тус уулзалтаар газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн аюултай тэмцэх чадавхийг бэхжүүлэх механизмыг бий болгох, хамтран ажиллах талаар Монгол Улс дэмжин оролцохоо илэрхийлэн, хэлэлцээрт хүрсэн баримт бичигт гарын үсэг зуржээ. Тус хэлэлцээрт манай улсаас гадна Армени, БНХАУ, Казакстан, БНСУ, Мьянмар, Непал, Пакистан, ОХУ, Сингапур, Танзань, Үзбекстан улсууд, мөн Азийн Сейсмологийн холбоо болон Африкийн Сейсмологийн холбоод оролцсон байна.

Эх сурвалж: Шинжлэх ухааны академи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж