Х.Баттулга: ШХАБ-тай хамтын ажиллагаагаа ахисан түвшинд гаргана

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засгийн форум-2018

Х.Баттулга: ШХАБ-тай хамтын ажиллагаагаа ахисан түвшинд гаргана

Х.Баттулга: ШХАБ-тай хамтын ажиллагаагаа ахисан түвшинд гаргана

“Монголын эдийн засгийн чуулган 2018” хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ өдрийн хуралдааныг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ. Ерөнхийлөгчийн зүгээс эдийн засаг, геополитикийн бодлогоо бид их гүрнүүдийн бодлогод тулгуурлах, эдийн засгийн өсөлт 5,1 хувиар өссөн гэж цээжээ дэлдээд буй Засгийн газрын оролцооноос илүү гаднын хүчин зүйлээс шалтгаалсан шүү гэдгийг тодотгов. Мөн өдийг хүртэл хоёр хөрштэйгөө тэнцвэргүй, их гүрнүүдийн бодлогод нийцүүлэх шаардлага бий болсныг хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Монголын эдийн засгийн найм дахь удаагийн чуулганаар хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхэд бидэнд нухацтай бодох нэлээн хэдэн зүйл байна. Бодит үнэн, гашуун үнэнийг ярихаас өөр арга байсангүй. Монголчууд бидний хөгжлийн талаар элдвийг төсөөлөн цэцэрхэх, өөр хоорондоо шөргөөцөлдөн цэцэрхэх болон янз бүрийн гоё нэртэй төсөл дэврүүн төсөл санаачлах зэргээс үл хамааран Монголын эдийн засагт бодитоор нөлөөлж, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг зүйл бол их гүрнүүдийн геополитикийн бодлого болон хүчний хуваарилалт, таталцал, түлхэлцэл юм. 

БНХАУ, ОХУ-тай найрсаг харилцаатай сонинд нэгэн судлаач Монголын эдийн засгийн талаар бичихдээ “Уг нь Монголын уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт нь хамгийн чөлөөт, либерал гэж болохоор юм” гэж дүгнэсэн. Түүнээс гадна Монголын Засгийн газрууд томоохон гэрээ хэлэлцээ хийх бүртээ эрдэс баялгийн хуулиа хөрөнгө оруулагчдын таалалд нийцүүлэн өөрчилж, улам либерал болгохоос буцдаггүй хэмээн дүгнэжээ. Энэ байдал бидэнд одоо болтол дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаагийн шалтгааныг засаглалын тогтворгүй байдал, их гүрнүүдийн геополитикоос хайх учиртайг судлаачид нэгэн дуугаар хэлж, ярьж байна. Бид гадаадын хөрөнгө оруулалт ээлтэй орнуудын жагсаалтад багтаж чаддаггүй, монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөллөсөн их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй юм бол бидэнд хөрөнгө оруулалт хийгдэхгүй нь тодорхой болжээ. 2017 оны байдлаар БНХАУ гэхэд Казакстан улсад 42,8 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт, 50 тэрбум ам.долларын зээл олгожээ. Хөрөнгө оруулалтын нэн таатай хуультай бидний хувьд Казакстанаас дутахгүй хөрөнгө оруулалт татах боломжтой байсан. Бүс нутгийн интеграцид нэгдэн орох замаар хөрш гүрнүүдтэй ашиг сонирхлоо нэгтгэхгүйгээр Монголын хөгжлийн талаар элдэв сайхан төсөөлөл, төсөл тодорхойгүй төлөвт орно. Монголын эдийн засаг гадаад хүчин зүйлээс дэндүү хамааралтай, дотоод хүчин зүйлээ ашиглаж чаддаггүй үлбэгэр нөхцөлд бид 28 жил тийчилж байгаагийн мөн чанарыг ойлгохгүйгээр цааш явж чадахгүй нь ээ. Өнөөдөр дэлхийн хүчний харилцаа  Монголд таатай, таагүй янз бүрийн хүчин нөлөөлж байна. Эдийн засаг 5,1 хувиар өссөн гэдэг тоо Хойд Солонгосын нүүрсний хэрэглээ, олон улсын хориг арга хэмжээнд өртсөнөөр Монголын нүүрсэнд таатай нөлөө үзүүлснийх юм. Монголын Засгийн газрын нөлөө байхгүй гэдгийг тодотгож хэлмээр байна. Бүх цаг үед дотоод хүчин зүйлээс илүү гадаад хүчин зүйл нөлөөлж байсныг өнгөрсөн цаг хугацаа харуулсаар байна.  

Мөнхийн хоёр хөршийн эдийн засаг ойрын жилүүдэд 30 их наяд ам.доллар болж тэлэхээр судалгаа гарсан байна. Хоёр хөрштэйгөө бодлогоо уялдуулж, гурав дахь хөршүүдийн оролцоог бий болгож, төвлөрөхгүйгээр өдий хүртэл урсгалаараа явж ирсэн эдийн засгийн замнал маань биднийг мухар гудамжинд аваачжээ. Шийдлийг холоос хайх хэрэггүй. 2010 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ёстой юм. Энэ үзэл баримтлалд үндэсний эрх ашиг, бүс нутгийн энх тайвныг эрхэмлэж, тэнцвэртэй харьцах, өндөр хөгжилтэй гуравдагч хүчнүүдтэй хамтын ажиллагаагаа хэрэгжүүлнэ гэснийг хэрэгжүүлбэл бидэнд олон асуудал шийдэгдэх юм. Тиймээс Монгол Улсын ойрын хугацаанд Казакстан, Беларус, ОХУ, Армян, Киргиз зэрэг таван улсыг холбосон Евро Азийн эдийн засгийн холбооны Гаалийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах учиртай юм. Хэлэлцээр хийснээр тун удахгүй эдгээр улстай импортын гаалийн татваргүйгээр худалдаа хийх боломж нээгдэнэ гэж харж байна. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай хамтын ажиллагааг энэ жилдээ багтаан ахисан түвшинд аваачиж, илүү идэвхтэй хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай нөхцөл үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болно.

Гадаад худалдааны таатай нөхцөлийг бий болгож байж бид хөрөнгө оруулалт татах асуудлыг ярих нь зөв юм. Монголын боловсруулах үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах таатай нөхцөл үүссэн гэдгийг онцолж байна.

Засгийн газар татварын шинэчлэл хийх талаар санаачлагатай ажиллаж байгаа ч татварын орлого нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой бодлого хэрэгжүүлэхгүй байна. Экспортын 96 хувийг 10 нэр төрлийн бүтээгдэхүүн эзэлж байна. Бид ядаж хагас боловсруулж, бага зэрэг нэмүү өртөг шингээхэд л тодорхой хугацаанд 30 орчим тэрбум ам.долларын эдийн засагтай болж, хуримтлал үүсэх судалгааг бид хийсэн. Нэгэнт тохирсон гурван улсын Эдийн засгийн коридорыг санаачлагатай ажиллахад Оюутолгойгоос дутахааргүй орлого олох судалгаа байна. ОХУ-тай транзит тээврийн гэрээ зурахад бэлэн болсон. Хятад, Оросыг холбосон цаашлаад Европ, Хятадыг холбосон транзит тээврийг хөгжүүлснээр түүхий эдийн мөчлөг давсан үхээнц эдийн засгаас ангижирна гэж бодож явдаг юм. Хөдөө аж ахуй салбарыг хөгжүүлснээс үй олон ажлын байр нэмэгдүүлэх боломжтой ч дорвитой хөдлөхгүй байна. Өнөөдөр бидэнд мөнгө, мэдлэг, чадвар гэхээс илүү улс төрийн чин эрмэлзэл, зориг дутсаар байна. Хэрэгтэй, шаардлагатай гэж тооцсон удирдагчийн чин хүсэл эрмэлзэл дутмаг, эрс шийдэмгий, зоригтой, шаардлагатай гэсэн зүйлээ хэрэгжүүлэх чадвартай улстөрч л аз хийморьтой байж, улс орноо амжилтад хөтөлдөг. Өнөөдөр Монгол Улсад дутагдаж байгаа зүйл ердөө л энэ. Эрх баригчдад ердөө бүтэн жил хагасын хугацаа үлдлээ, одоо шийдэх, бүтээх цаг байна уу, үгүй юу. Энэ чуулган найман жил зохион байгуулагдаж, ханатлаа ярьж, дүр эсгэж, үр дүнгүй тардгаа болимоор байгаа юм. Зоригтой, бодитой шийдлүүдийг ярьж, бэрхшээлийг даван туулах арга замыг яримаар байна. Бодит эдийн засгийн онолын тодорхойлолт, цэцэн цэлмэг дүгнэлт  гэхээс илүү улс төрийн эр зориг, эрс шийдэмгий байдлаас илүүтэй хамаарч байна. Монголд номтой цэцэн олон болж, зоригтой шийдэл хийдэг хүмүүс нь ховор болжээ. Энэ улс орон, ард түмний төлөө нуруугаа бөгтийлгөж, сэтгэлээ чилээж чадахгүй л бол цаашид сонгогчид, ард түмэн дэмжээд байхааргүй тийм заагт ирсэн байгааг чуулганд оролцогчид ухамсарлах чадвар байгаа гэдэгт найдаж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж