Болгарын Софи хотод энэ 5 дугаар сарын 12-нд болсон “Азийн фестиваль”-д “Монгол костюмс” компанийн 10 уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй урлагийн хэсэг амжилттай оролцож, Монголын түүх, соёл урлаг, соёлын биет бус өв болох уртын дуу, морин хуур, хөөмий, уран нугаралт, монгол үндэстний хувцасны түүхийг харуулсан загварын тоглолтыг олон нийтэд үзүүлэв. Мөн өнөөгийн Монгол орон, эртний хадан дээрх зургуудын тухай үзэсгэлэн гаргав.
Фестивалийн үеэр “Монголын асар”-т Болгарын Ерөнхийлөгч Р.Радев болон болгар иргэд, гадаадын зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өргөнөөр хүрэлцэн ирж монгол ахуй, соёл, зан заншил, уламжлалтай танилцаж сэтгэгдлээ илэрхийлж баяр хүргэв. “Монгол костюмс” компанийн урлагийн тоглолтыг Софи дахь ЭСЯ-ны цэцэрлэгт болон Варна хотод мөн зохион байгуулжээ.
Эх сурвалж: ГХЯ