- Дасгалжуулагч: Хуан Антонио Пицци
- Шигшээ багийн ахлагч: Усама Хавсави
- Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Мохамед ад-Деайя 178 тоглолт
- Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан тоглогч: Мажид Абдулла 71 гоол
- ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 67
- ДАШТ-нд оролцсон байдал: 1994, 1998, 2002, 2006 онуудад оролцсон
- ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1994 онд шөвгийн 16-д шалгарсан
Москва хүрэх замд:
Саудын Арабын шигшээ багт дэлхийн аваргын өмнө дасгалжуулагчийн халаа сэлгээ нэлээдгүй хийгдсэн. Эхлээд Нидерланд дасгалжуулагч Берт ван Марвейкийн удирдлага дор Азийн хэсгийн сорилго тэмцээний В хэсэгт багтан тун боломжийн тоглож 10 тоглолт хийхдээ 6 хожиж, 1 тэнцэн 3 хожигдож 19 оноотой хэсгийнхээ 2-оор Оросыг зорих эрхээ авсан. Гэвч тэд ачааны хүндийг үүрүүлсэн Нидерланд дасгалжуулагчийг сонгон шалгаруулалтын “марафон”-ы дараа ажлаас нь чөлөөлж Аргентин мэргэжилтэн Эдгардо Баусаг томилсон. Гэвч ердөө 5 тоглолт хийсний дараа Э.Баусаг мөн л ажлаас нь чөлөөлж Э.Баусагийн нутаг нэгт Хуан Антонио Пицциг шигшээ багийнхаа ерөнхий дасгалжуулагчаар томилоод байна. Х.Пиццигийн удирдлага дор Саудын Арабын шигшээ баг 9 тоглолт хийхдээ 4 хожил, 2 тэнцээ, 3 хожигдол хүлээсэн байна.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
“Ногоон шонхорууд”-ын дасгалжуулагч Х.Пицци одоогоос 6 хоногийн өмнө шигшээ багийнхаа бүрэлдэхүүнийг урьдчилсан байдлаар 28 тамирчинтай зарласан. Мэдээж эдгээр тоглогчдоос эцсийн нэр мэдүүлэгт 23 тоглогч багтах бол 5 тоглогч гэртээ үлдэнэ. Түүний мэдэлд байрлал бүртээ дараах тоглогчид байна.
Хаалгач: Яссир аль-Мусайлим, Мухаммед аль-Уванс (хоюулаа дотоодын Аль-Ахли), Ассаф аль-Карни (дотоодын Аль-Иттихад), Абдуллах аль-Майюф (дотоодын Аль-Хиляль)
Хамгаалагч: Усама Хавсави, Яссир аль-Шахрани, Мухаммед аль-Брейк, Мухамеед Жахфали, Али аль-Булаихи (бүгд дотоодын Аль-Хиляль), Сайд аль-Мовалад, Мутаз Хавсави, Мансур аль-Харби (Аль-Ахли), Омар Хавсави (Аль-Наср)
Хагас хамгаалагч: Наваф аль-Абед, Салман аль-Фараж, Абдулмалек аль-Хаибри, Абдуллах Утаиф, Мухамед Канно (бүгд дотоодын Аль-Хиляль), Хаттан Бахебри, Абудлла аль-Хайбари (хоюулаа дотоодын Аль-Шабаб), Таисир аль-Жассим, Хусейн аль-Мугави (хоюулаа дотоодын Аль-Ахли), Мохаммед аль-Кувайкиби (дотоодын Аль-Иттифак), Салим аль-Давсари (Испаний Вильярреал), Яхья аль-Шехри (Испаний Леганес)
Довтлогч: Фахад аль-Муваллад (Испаний Леванте), Мухаммад аль-Сахлави (дотоодын Аль-Наср), Муханнад Ассири (дотоодын Аль-Ахли)
ДАШТ-ний хэсэг:
Саудын Арабын шигшээ баг А хэсэгт Орос, Уругвай, Египетийн шигшээ багуудтай багтсан. “Ногоон шонхорууд”-ад хэсгээс гарах боломж тун муу харагдаж байгаа. Хэдийгээр урьдчилсан шатыг амжилттай давж ДАШТ-нд эргэн ирээд байгаа ч дасгалжуулагчийн халаа сэлгээ нь тамирчин болон дасгалжуулагчийн ойлголцолд тийм ч таатай уур амьсгалыг бүрдүүлэхгүй байгаа болов уу? Ядаж байхад дэлхийн аваргын нээлтийн тоглолтын талбайн эзэн Оростой хийнэ. Иймд ФИФА болон шүүгч нар Саудын Арабын шигшээ багт тийм ч найрсаг хандахгүй болов уу?
Түлхүүр тоглогч:
28 настай хагас хамгаалагч Наваф аль-Абедыг нэрлэж байна. Аль-Хиляль клубын хагас хамгаалагч Наваф аль-Абед дэлхийн аваргын сорилго тэмцээнд шигшээ багийнхаа төлөө маш сайн тоглож байсан. Саудын Арабын шигшээ баг 2000 оны дунд үеэс уналтанд орсон. Дэлхийн аваргад 2006 оноос хойш оролцож чадаагүй бол Азийн АШТ-нд 2007 оноос хойш хэсгээс шалгарч чадаагүй бол булангийн орнуудын цомд 2003 оноос хойш аварга авч чадаагүй байна. Харин тэдний энэхүү муу амжилтыг эцэс болгож 2 дэлхийн аварга өнжиж 3 дахь дээрээ эргэн ирэхэд Наваф аль-Абедыг оруулсан хувь нэмэр маш их юм.
Б.Бямбабаяр