Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Мексик-1970

ДАШТ: Мексик-1970

Хөлбөмбөгийн ДАШТ анх удаагаа Хойд Америкийн эх газарт саатлаа. Мексикчүүд спортын хамгийн том үйл явдал болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 1970 онд зохион байгуулах эрхийн төлөө Аргентин, Перу, Колумби, Австрали болон Япон улсуудтай өрсөлдөн ялснаар авсан. Мексик улсын энэхүү ялалт нь Хойд Америкийн эх газарт алтан дагина анх удаагаа саатах боломж олгосон байдаг. Хөлбөмбөгийн дэлхийн аварга өмнө нь Өмнөд Америк болон Европ тивд л зохиогдож байсан бол анх удаагаа Хойд Америкт саатаж буй нь энэ юм. Ердөө 2 жилийн өмнө Зуны олимпийн наадмыг эх орондоо амжилттай зохион байгуулсан Мексик улс хөлбөмбөгийн дэлхийн аваргыг мөн амжилттай зохион байгуулж чадсан юм. Мексик улс дэлхийн аваргад зориулан 3 цэнгэлдэх шинээр барьж ашиглалтанд оруулсан бол 1 цэнгэлдэх хүрээлэнг засварлан шинэчилсэн. Ийнхүү 5 хотын 5 цэнгэлдэх хүрээлэнд 1970 оны 5 сарын 31-нээс 6 сарын 21-ний өдрүүдэд алтан дагины төлөөх “марафон”-ыг зохион байгуулсан.

Мексик-1970 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Израиль улс одоогийн байдлаар анхны болон сүүлийн удаа оролцсон. Мөн Африк тивийн Морокко, Америк тивээс Сальвадор улсууд анх удаагаа дэлхийн аваргад “тоос”-оо өргөсөн. Анх удаагаа “дарийн утаа” үнэрлэсэн дээрх 3 шигшээ багууд хэсэг тус бүртээ сүүл мушгисан ч Израиль болон Морокко улсын шигшээ багууд тэнцээ авснаар дэлхийн аваргын анхны оноогоо авч байжээ.

Тэмцээнд оролцсон 16 улсын шигшээ багууд 4 хэсэгт хуваагдаж хэсгээсээ эхний 2 баг нь хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан. 1-р хэсгээс ЗХУ, Мексикийн шигшгээ багууд, 2-р хэсгээс Итали, Уругвай, 3-р хэсгээс Бразил, Англи, 4-р хэсгээс Баруун Герман болон Перугийн шигшээ багууд хасагдах шатанд өрсөлдөх эрх авсан.

Шөвгийн 8-н өрсөлдөөн:

  • ЗХУ 0-1 Уругвай

  • Бразил 4-2 Перу

  • Итали 4-1 Мексик

  • Баруун Герман 3-2 Англи

2-р хэсгийн 2-р гарсан Уругвайн шигшээ баг 1-р хэсгийг тэргүүлсэн ЗХУ-ын багийг хожиж хагас шигшээд шалгарсан. Тэмцээний ганц гоолыг В.Эспарраго нэмэлт цагийн 117 дахь минутанд оруулсан байна. Тэгвэл Бразил болон Италийн шигшээ багууд өрсөлдөгч нараа торох зүйлгүй буулган авч хагас шигшээд шалгарсан. Харин хэсгээсээ 2-р гарсан Английн шигшээ баг Баруун Германы багтай тун өрсөлдөөнтэй тоглолт хийж нэмэлт цагт 3-2 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн. Хоёр багийн тоглолт үндсэн цагт 2-2 харьцаатай тэнцээд байсан бол нэмэлт цагт хожмоо Германы домогт тамирчин болон үлдсэн Г.Мюллер хожлын гоол оруулж байжээ. Ингээд хагас шигшээд Өмнөд Америкийн 2 төлөөлөл, Европын мөн 2 төлөөлөл шалгарч үлдсэн.

Хагас шигшээ тоглолт:

  • Уругвай 1-3 Бразил

  • Итали 4-3 Баруун Герман

Бразильчууд 20 жилийн тэртээ 1950 оны ДАШТ-ний финалд Уругвайд 2-1 харьцаатай хожигдож цэнгэлдэх даяараа уйлалдаж байсан бол 1970 оны ДАШТ-ний хагас шигшээд Бразильчууд Уругвайн шигшээ багаас хариугаа чангахан авсан. Тухайн үедээ Бразил улсын шигшээ баг дэлхийн хамгийн хүчирхэг багуудын нэг болсон байсан бөгөөд 2 удаа алтан медаль хүртээд байсан. Ийм тэд Р.Ривелино, Жаирзиньо болон Клодоалдо нарын оруулсан гоолоор Уругвайг хожиж нутаг буцаасан. Тэгвэл 1934, 1938 онд дэлхийн аварга цолыг хүртээд “чимээгүй” алга болоод байсан Италийн шигшээ баг гайхалтай эргэн ирэлт хийж дэлхий нийтэд өөрсдийгөө байгаа шүү гэдгээ зарлан Германы шигшээг нэмэлт цагт Ж.Риверагийн гоолоор хожиж финалд шалгарсан.

Гэвч Италичууд шигшээ тоглолтонд Бразилын шигшээ багт 4-1 харьцаатай хожигдож мөнгөн медаль хүртсэн. Алтан медалийг хүртсэн Бразил улсын шигшээ баг 3 дахь удаагаа дэлхийн аваргад түрүүлсэн бөгөөд Жюль Рэмигийн нэрэмжит дэлхийн аваргын сүүлчийн цомыг хадгалан үлдсэн. 1970 оноос хойш Жюль Рэмигийн цомыг дэлхийн аварга болсон багт өгөхөө болиод шинэ загвар бүхий өдгөөгийн цомыг өгдөг болсон. Домогт довтлогч Пеле дэлхийн аваргын алтан медалийг 3 удаа зүүсэн цорын ганц хөлбөмбөгчин болон үлдсэн нь 1970 оны Мексикийн ДАШТ-ний нэг онцлог байсан юм.

ДАШТ-ний сонирхолтой баримтууд:

  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 5 хотын 5 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан бөгөөд финалын тоглолт Мехико хотын “Ацтека” цэнгэлдэх хүрээлэнд явагдсан.

  • Домогт хөлбөмбөгчин Пеле анх 1957 онд шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтоо хийж байсан бол сүүлийн удаагаа шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-нд оролцож 3 дахь алтан цомыг хүртснээр анхны 3 алтан медаль хүртсэн хөлбөмбөгчин болон үлдсэн.

  • Германы бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Герд Мюллер анх удаагаа шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргад оролцож хүрэл медалиар энгэрээ мялааж байжээ. Тэрээр 4 жилийн дараа нутагтаа зохиогдсон дэлхийн аваргад түрүүлсэн байдаг.

  • Хөлбөмбөгийн ДАШТ-нийг санаачлагч ноён Жюль Рэмигийн нэрэмжит цомыг 1930-1970 он хүртэл өгч байсан бол 1974 оноос шинэ загварын цомыг дэлхийн аварга багт өгч эхэлсэн.

  • Мексик-1970 ДАШТ-нд нийт 16 баг өрсөлдснөөс Сальвадор болон Чехословак улсын шигшээ багууд ганц ч хожил, тэнцээ авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлж байжээ.

  • Тэмцээний шилдэг цэвэр тоглолтой багаар шалгарсан Перугийн шигшээ баг 40 жилийн дараа дэлхийн аваргад эргэн ирж оролцсон юм. Ийм тэд улсынхаа түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлж дунд шөвөгт шалгарсан. Перугийн энэхүү амжилт одоогийн байдлаар эвдэгдээгүй байгаа.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж