Өнгөрсөн Бямба гаригт /2017.05.19/ Уэльсийн хунтайж Харри, жүжигчин Меган Маркл нарын хурим сүр дуулиантайгаар зохион байгуулагдсан билээ. Тэгвэл дээдсийн гэгдэх энэхүү хуримын нийт зардал 45 сая ам.доллараар хэмжигдсэн тооцоо гаржээ. Энэ нь АНУ болон Англид хуримын зардал дунджаар 34000 ам. доллар байдагтай харьцуулвал 1000 дахин өндөр байгаа явдал юм. Мэдээж энэхүү үзүүлэлтийн дагуу хунтайж Харри болон Меган Маркл нарын хурим дэлхийн хамгийн өндөр өртөгөөр хийгдсэн10 хуримын нэгт багтаад байна.
Түүхийг эргэн сөхвөл, 1981 онд Уиллъям, Харри нарын аав ээж хунтайж Чарльз, Диана гүнж нарын дуулиант хурим 110 сая ам.долларийн /инфляцийн зөрүүг тооцоолоогүй/ өртгөөр хийгдэж байсныг CBS телевизийн мэдээлжээ. Эцэг эхтэй нь харьцуулахад хунтайж Харригийн хурим даруухан болсон мэт санагдаж болох ч 2011 онд долоон жилийн өмнө хунтайж Уилльям болон Кейт Миддлтон нарын хурим 34 сая ам.доллараар бүтэж байсантай харьцуулвал 11 сая ам.доллараар үнэтэй тусч байна.
Шинэхэн гэрлэгсэд болоод хуримын зочдын аюулгүй байдал, ёслол үдэшлэгийн үеийн хамгаалалтыг дээд зэргээр сахиулахын тулд нийт зардлын 90 хувь буюу 40 сая ам.долларыг зарцуулсан нь онцлууштай явдал аж. Тодруулбал, барилгуудын дээвэр дээр байрлуулсан мэргэн буудагчид, гудамжинд тайван байдлыг сахиулах цагдаа нар, агаараас паппараци хийх боломжийг хаах дрон устгагчид зэрэгт дээрхи мөнгө төсөвлөгджээ.
Энэ мэтчилэн хунтайж Харригийн хуримын зардлыг нэрлэн тоочвол дараах жагсаалт гарч байна. Үүнд:
-Алтаар цутгасан хуримын бөгжинд 335,000 ам.доллар
-Ёслолын ажиллагааны нээлтэд зориулж мөнгөөр цутгасан 20 ширхэг үлээвэр хөгжимд зориулж 120,000 ам.доллар
-Хааны удмын шинэхэн гэр бүлд зориулан хийсэн нимбэгийн амттай баярын бялуу нь 71,600 ам.доллараар бүтжээ. Энэхүү бялууг урлах хүндтэй үүрэг оногдсон Violet Bakery-ийн вебсайтаас үзэхэд 150 хүнд зориулсан хуримын бялуу ойролцоогоор 1000 ам.долларын ханштай байдаг байна.
-Гэгээн Жоржийн сүм болон Жоржийн өргөн чөлөө гудамж зэрэг хуримлагчдын маршрут дахь гадна талбайг чимэглэх цэцгэнд 157,600 ам.доллар
-Үдшийн хүлээн авалтад зориулсан шилэн дээвэр бүхий бүхээгт 500,000 ам.доллар
-Урилга бүхий 2640 зочдыг дайлах халуун цай зайдсан ороомогт 35,000 ам.доллар
-600 хүнд зориулсан үдэшлэгийн үеэрхи ширээ засалт болон оройн зоогт 686,000 ам.доллар.
-Хааны гэр бүлийн хамгийн их таашаан хэрэглэдэг Bollinger шампан дарс нэг бүр нь 115 ам.долларын үнэтэй бөгөөд зөвхөн энэ дарсанд зориулж нийт 195,000 ам.долларыг заржээ.
-Ёслолын үеэр ажилласан хор дуучид болоод орган хөгжимчид, үдэшлэгийн үеэрхи дижэй болон амьд хөгжмийн хамтлагийн зардалд нийт 430,000 ам.доллар
-“Barnard and Westwood” хэвлэлийн компанид алтан бэхээр хэвлүүлсэн хуримын урилгын үнэд 290,800 ам.доллар
-Шилэн бүхээгийн гэрэлтүүлэг тохижилт зэрэг дотоод засалд 186,000 ам.доллар
-Хуримын зураг авалт болон зочдын сэтгэлийг баясгах ёслолын буудлагад 78,800 ам.доллар тус тус зарцуулжээ.
Кенсингтоний ордны гаргасан мэдэгдлээр хүргэний тал хунтайжийн хуримын сүмийн ёслол, цэцгэн чимэглэл болон хүлээн авалтын зардлыг төлсөн бол Меган Маркл хуримын даашинзаа өөрийн мөнгөөр худалдан авсан байна. Энэ нь сүйт бүсгүйн хуримын даашинзыг татвар төлөгчдийн мөнгөөр авах нь зохисгүй хэмээн үздэгтэй холбоотой байна.
Меган Марклийн хуримд зориулан Живоншигийн дизайнер Клэйр Уайт Келлерийн урласан даашинз 400,000 ам.долларийн үнэтэй бүтээгджээ.
Хунтайж Харригийн хуримтай холбоотойгоор үйлдвэрлэгдсэн бэлэг дурсгалын зүйлс Их Британи Умард Ирландын Вант Улсын эдийн засагт ойролцоогоор 500 сая фунтийн түлхэц үзүүлсэн гэсэн тооцоолол байгаа бөгөөд хунтайж Харри Меган Маркл нар бал сарын аяллаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм байна.
Г.Сүмбээ