Мун Жэ Ин, Трамп хоёр өнөөдөр уулзана

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Мун Жэ Ин, Трамп хоёр өнөөдөр уулзана

Мун Жэ Ин, Трамп хоёр өнөөдөр уулзана

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнөөдөр /2018.05.22/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана. Энэхүү уулзалт нь ирэх сарын 12-нд товлогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны түүхэн уулзалтын өмнөх уулзалт гэдгээрээ онцлог.

Харамсалтай нь, Сингапурт зохион байгуулагдах түүхэн дээд хэмжээний уулзалт болох эсэх нь өнөөдрийг хүртэл эргэлзээтэй байна. Учир нь, АНУ болон Хойд Солонгосын удирдагчид Сингапурт уулзахаар тохиролцсоноос хойш удалгүй  АНУ болон Өмнөд Солонгос хоёр цэргийн сургуулилтаа эхлүүлсэнд Хойдууд дургүйцлээ илэрхийлж, улмаар дээрх уулзалтыг цуцална хэмээн заналхийлсэн билээ.

The New York Times өнгөрсөн ням гаригт /2018.05.20/ АНУ-ын Захиргаанаас нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан Трамп Ким Жон Унтай хийх уулзалтын эрсдэлийг өөр дээрээ аван, холбоотнуудаа шахаж байгаа гэж мэдээлэв.

Үүнээс гадна, Цагаан ордон өнгөрсөн долоо хоногоос эхлэн Трампын захиргааны үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жон Болтоны тайлбарыг үгүйсгэж байгаа билээ. Жон Болтон нь Хойд Солонгос цөмийн зэвсэггүй болсноор Ливийн загварыг дагаж мөрдөнө гэж мэдэгдсэн удаатай.

Гэхдээ барууны орнууд Хойд Солонгосыг түлхэн унагаахгүй. 2011 онд Ливийн удирдагч Муамар Каддафи цөмийн зэвсгээсээ татгалзсан бол хэзээ ч тийм зүйл болохгүй байсан гэсэн тайлбарыг Трамп өгч байгаа билээ.

Энэ мэтчилэн дэлхий дахинд дэгдээд буй дуулиант үйл явдлуудаас болоод Сингапурт болох АНУ болон Хойд Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт болох эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Үүнээс гадна, АНУ болон Хойд Солонгос бие биедээ итгэж буй эсэхийг шалгасан онцгой үйл явдал энэ долоо хоногт болох учиртай. Хойд Солонгос олон улсын ажиглагчид болон сэтгүүлчдийн нүдэн дээр цөмийн туршилтын талбайгаа устгах ёстой юм. Энэ үйл явдал ирэх уулзалтын өмнөх хүчтэй цохилт байх болно гэж шинжээчид харж байгаа ажээ. 

СИНГАПУРЫН УУЛЗАЛТ ЦУЦЛАГДАХ УУ?

Шинжээчдийн үзэж буйгаар, ирэх зургадугаар сарын 12-нд АНУ болон Хойд Солонгосын уулзалт болно гэсэн хүлээлт хоёр талд хоёуланд нь алга гэв. Энэхүү уулзалтаар хоёр тал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ Пеньян дээрх уулзалт Сингапурт болох эсэхэд одоог болтол хариу өгөөгүй байна. Энэ нь Пеньян Болтоны хийсэн тайлбарт дургүйцлээ илэрхийлж буйн нэг хэлбэр гэж судлаачид харж байгаа ажээ. Болтон Пеньян Ливи шиг болно гэсэн нь АНУ энх тайвныг цогцлоох байр сууриасаа ухарсан гэж Хойд Солонгос үзэхэд хүргэсэн гэв.

‘Хойд Солонгосын байр суурь хэзээ ч өөрчлөгдөөгүй. Харин бидний байр суурь өөрчлөгдөж ирсэн. Пеньянд бурууг тохох хэрэггүй’ гэж судлаачид хэлж байгаа билээ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал бол хоёр талын хэлэлцээний хамгийн том асуудал. Хэрвээ Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзвал АНУ тэднийг эдийн засгийн хувьд идэвхтэй дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа юм. 

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудал нь АНУ-ын бодлогын эхний алхам байж ирсэн нь алдаа байсан гэж Ерөнхийлөгч Барак Обамагийн үед үндэсний тагнуулын албаны захирлаар ажиллаж байсан Жеймс Клэппер бямба гаригт мэдэгдсэн ажээ.

Тэрбээр хэлэхдээ ‘Бид энх тайвны хэлэлцээ байгуулах тухай тэдний шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Ингэхдээ бид Пеньянд Хойд Солонгосын иргэдтэй харилцах оффис байгуулж ажиллах нь чухал’ гэв. 

Магадгүй, Сингапур дахь уулзалт амжилтгүй болж, нөхцөл байдлыг улам хурцатгах боломжтой гэж АНУ-ын зарим сенаторууд үзэж байгаа ажээ. 

Тодруулбал, АНУ-ын сенатор Линдси Грэм хэрвээ Ким уулзалтад ирэхгүй бол зөрчилдөөн үүснэ. Харин Ким уулзалтад ирж, Трампаар тоглохыг хүсвэл дайны зөрчилдөөн үүснэ. Хэрвээ зөрчилдөөн үүсвэл Хойд Солонгосчууд өөрсдийгөө алдах болно гэж ням гаригт мэдэгдсэн байна. 

МУН ЖЭ ИНИЙ БОЛОМЖ  

Мун Жэ Ин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн хоёр солонгосын харилцааг сайжруулах тал дээр идэвхтэй ажиллаж байгаа билээ. Энэ нь түүний сонгуулийн амлалтын нэг хэсэг. Иймээс Мун болон Трамп нар бямба гаригт /2018.05.19/ утсаар ярьж, өнөөдрийн уулзалтыг товлосон.

Мун Жэ Ин энэ асуудалд Трампыг дипломат арга замыг ашиглаасай гэж хүсч буй. Үүнийхээ дагуу, тэр Трампыг магтан дуулж, түүнийг Нобелийн шагнал ч авах магадлалтай хэмээн сайшааж байгаа юм. Энэ бол Трампын эхлүүлсэн дайныг зогсоох нэг арга гэцгээж байгаа билээ.

Магадгүй Мун Жэ Ин дээрх хэлэлцээг амжилттай болгохын тулд БНХАУ-д хандах боломжтой. Хэрвээ байдал эсрэгээрээ эргэвэл дипломат шоу бүхнийг нурааж мэдэх юм. Үүнээс гадна, өнгөрсөн долоо хоногт Трамп БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиныг Ким Жон Унд нөлөөлөхийг санал болгосон удаатай.

Гэхдээ, Хойд Солонгос өөрийн гэсэн тоглоомын арга барилтай. Үүнд, Хятадтай сайн харилцаатай байгаа эсэх нь нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж