"Монголчууд орлогогүй болоод ирэхээр популизмд автаж байна"

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

"Монголчууд орлогогүй болоод ирэхээр популизмд автаж байна"

"Монголчууд орлогогүй болоод ирэхээр популизмд автаж байна"

“Монголын эдийн засгийн чуулган 2018” хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулган найм дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн чуулганаас ямар үр дүн хүлээх, төр хувийн хэвшлээ сонсч чадаж байна уу гэдэг олон нийтэд хүлээлттэй байгаа юм. Энэ талаар эдийн засагч Т.Доржхандтай ярилцлаа.


-Эдийн засгийн чуулганыг бид найм дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Бидэнд эхний ээлжинд ойлголцол хэрэгтэй байгаа юм. Нийгмийн харилцаанд ордог төр, аж ахуй нэгж, иргэд гэсэн гурван субъект бий. Төр аж ахуй нэгж  хоёр хоорондоо ярилцаж, ойлголцдог платформ нь энэ чуулган юм. Энэ чуулган бол байх ёстой зайшгүй зүйл. Гэхдээ үр дүн байх ёстой. Зүгээр уулзаж, ярилцаад үр дүнгүй байгаад байвал энэ форумыг зохион байгуулах шаардлагагүй. Тэгэхээр маш яаралтай үр дүн  гаргадаг систем рүү орох ёстой. Бид маш олон жил дээр, дооргүй ярьж байна. Үйл ажиллагаа явуулахад хүч, бүтэц хэрэгтэй байгаа гэдгийг олж харах хэрэгтэй. Чуулганаас үр дүн гараасай  гэж хүсч байна. Ялангуяа санхүүгийн секторт тодорхой үр дүн гараасай гэсэн хүлээлттэй байна. Бид хамгийн богино хугацаанд бага зардлаар, хурдан хугацаанд хэрэгжих боломжтой ажлуудыг гаргаж ирж, хэрэгжүүлмээр байгаа юм. Улс орны хөгжлийн асуудал ярихын тулд эдийн засгийн тогтвортой байдал маш чухал. Эдийн засгаа тогтвортой байлгахын тулд санхүүгийн эрүүл орчин хэрэгтэй. Зөвхөн банкнаас шалтгаалсан санхүүгийн системтэй биш хөрөнгө оруулалтыг хийдэг даатгал, хөрөнгийн зах зээлээ эрүүл байлгах талаас нь бодитой ийм арга хэмжээ хийх шаардлагатай.

-Эдийн засаг 6,1 хувийн өсөлттэй байна гэж төр хэлж байна. Гэтэл зарим эдийн засагчдын зүгээс эдийн засгийн өсөлт бодит байдал дээр иргэд, аж ахуй нэгждээ хүрэхгүй байна гэдгийг хэлж байна?

-Монгол хүмүүс байгаа байдалдаа сэтгэл ханадаггүй, илүү их зүйл хүсдэг. Жил гаруйн өмнө манай эдийн засаг дусал залгуулсан, сэхээний тасагт хэвтэж байсан. ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлсэн, уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ өсөлттэй байгаагийн үр дүнд эдийн засаг бага зэрэг сэргэж байна. Засгийн газрын тодорхой чармайлтыг үгүйсгэж болохгүй. Гэхдээ бид эдийн засгийн харилцааг эрүүлжүүлэх ёстой. Үүнд бас тодорхой цаг хугацаа шаардагдана. ОУВС-ийн хөтөлбөр бол энэ эдийн засгийг гурван жилийн дотор өсгөж, эрүүлжүүлэх л хөтөлбөр. Өөрөөр хэлбэл, бид гурваас, дөрвөн жилийн дараа хөтөлбөрийн үр дүнг шаардах, эдийн засаг сэргэсэн учраас бодитой эх үүсвэрийг төрөөсөө шаардаад явах нь зүйтэй арга юм. Эдийн засагт сэргэлттэй зүйлүүд байна. Харин айл өрх бүрийн гэрийн хаалгаар орсон уу гэдэг өнөөдөр асуултын тэмдэг хэвээр байна.

-Хэдийгээр эдийн засгийн өсөлт өрх гэрт, аж ахуй нэгжид бодит үр дүнгээ өгөхгүй байгаа ч 6,1 хувиар өссөн байна. Тэгвэл энэ өсөлтийг хангаж, цаашид иргэдийн амьдралд илүү бодитойгоор үр дүнгээ өгөхөд Засгийн газар юу хийх шаардлагатай байна вэ?

-Хамгийн түрүүнд бодитойгоор иргэдийн орлого нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх ямар боломжууд байгаа, монгол хүнийг орлоготой байлгахад юу хийх боломжтой вэ гэдгээ л зөв олж харж, хийх ёстой. Монгол хүн орлогогүй болоод ирэхээр популизмд толгой нь автаж, хөгжлийн асуудал ярих боломжгүй болоод байгаа юм. Тэгэхээр яаралтай нэг хүнд ногдох бодит орлогыг 5000 ам.доллар болгоход ямар арга хэмжээ байна вэ түүнийг бүгдийг нь авч хэрэгжүүлэх хэрэгтэй.  Юуны түрүүнд төмөр замаа ашиглалтад оруулж, ажлын байр нэмэгдэх, бодит орлого өсөөд л явна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд санхүүжилтийн системийг нь шийдвэл ажлын байр хүссэн хүсээгүй нэмэгдэнэ. Хөгжил гэдэг нь технологи, инноваци руу шууд шилжихийг хэлэхгүй. Хөгжлийг хурдасгая гэвэл Засгийн газар яаралтай технологийн салбарт зоригтой хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Ялангуяа сүүлийн үед яригдаад байгаа блокчэйн, биг дата, хиймэл оюун ухаан гэх мэт системүүдэд хөрөнгө оруулалт хийх ёстой. Монгол залуучууд блокчэйн дээр суурилсан маш сайн системүүд хийсэн байна. Үр дүнд нь авлига, зуучлалын бизнесүүд байхгүй болох зэрэг асуудлуудыг шийдэх шийдэл, технологи нь байна. Бид америкчууд шиг нэг хүнд ногдох орлогоо нэмэгдүүлье гэвэл блокчэйн дээр суурилсан системүүдэд тодорхой санхүүгийн хөрөнгө оруулалт, татварын хөнгөлөлт зэрэг санхүүгийн схемээр хөрөнгө оруулах юм бол маш амархан босоод ирэх боломж байна. Үр дүнд нь бид газрын баялгаа заавал төмөр зам тавьж худалдаалахаас илүү интернетээр зарах боломж байна гэдгийг монгол залуучууд яриад  байгаа нь бодитой юм. Олон улсын байгууллага, ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагууд “dijital economy”  буюу цахим эдийн засгийг хүлээн зөвшөөрч, яаж зохицуулах, авч ашиглах вэ гэдэг дээр уралдаж байна. Ядуу буурай, эдийн засаг нь жижиг, мэдээлэл багатай ийм орнуудын хувьд боломж гарч ирээд байгаа юм. Эдийн засгаа хөгжүүлье гэвэл давуу талаа ашиглаж, мөнгө олох, иргэдээ орлоготой болгоход ямар боломж байна вэ гэдэг дизайныг бид хийх ёстой. Стандарт юм яриад, түүн дотроо эргэлдээд байвал ёстой  бүтэхгүй л гэж хэлье дээ.

-Засгийн газрын зүгээс гурван тулгуурт бодлогоо танилцуулаад байгаа. Энэ бодлого хэр зэрэг өгөөжтэй, хэрэгжих боломжтой гэж харж байна вэ?

Хөгжил ярихын тулд бид төлөвлөлттэй, урт хугацааны, хэрэгжих үр дүнтэй, хүн бүр хараад ойлгодог байх ёстой. Энэ төлөвлөлтийн асуудал өмнө нь ч гэсэн яригдаж байсан ч үр дүнгүй байсан. Одоо бид төлөвлөх цаасыг бий болгож, цаасаа эргүүлж, тойруулаад ярьж болно. Гэхдээ тэр цаасыг яаж иргэддээ хүргэх, ажил хэрэг болгох процессыг нь ярих хэрэгтэй. Миний хувьд үнэхээр Монгол Улсын хөгжлийн загвар, хөгжлийн асуудлыг ярьж байгаа бол яг ямар загвар, загвар дээр үндэслэн тодорхой хугацааны дараа Монгол хүн ямар байх, амьдрал нь ямар байх гэсэн төлөвлөлт байх ёстой. Ямар нэг лоозонгийн шинж чанартай төлөвлөлт баймааргүй байгаа юм.

Үе үеийн Засгийн газар яг ижилхэн цаас гаргаж ирээд, түүнийгээ тойрч яриад л өнгөрдөг. Хийдэг процесс нь байдаггүй. Тиймээс тэр процесст нь анхаарах ёстой болов уу. Надад одоогоор ийм арга хэмжээг ингэж хэрэгжүүлнэ, эх үүсвэр нь ийм, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг ингэж хийнэ гэсэн гарт баригдах зүйл алга байна. Ер нь бол урд өмнө яригдаж байсан олон зүйлсийг цэгцлээд тавьсан юм шиг л бодлого шиг санагдсан. Шинэ нэг тийм гоё зүйл анзаарагдаагүй.

-Чуулганы үеэр Тавантолгой зэрэг том төслүүдээ хөдөлгөх асуудал багагүй хөндөгдлөө. Бид олон жил том төслүүдээ хөдөлгөнө, тодорхой алхам хийнэ гэдгээ зарлаж байна. Энэ удаагийн Засгийн газар том төслүүдээ хөдөлгөж чадах болов уу, хэр зэрэг итгэл үнэмшилтэй сонсогдов?

Монгол Улс уул уурхайн баялагтай орон. Тавантолгойн ордыг бид ашиглаж, маш хурдан хөрвүүлэх хэрэгтэй. Уул уурхайн төслүүд явж  байгаа ч бид илүү их боломжийг бий болгохын тулд дэд бүтцээ хийх ёстой. Том төслүүдээ хөдөлгөж, ордуудаа амилуулна гэж байгаа бол төмөр замаа тавих ёстой. Гэтэл Африкийн орнууд хоёр, гурван давхар land lock буюу далайн гарцтай болж байна. Тэд далайд гарцтай болохын тулд гурав, дөрвөн дамжлаг дамжиж байна. Ерөөсөө л чаддаг бол төмөр зам, чадахгүй бол автозамаа барих ёстой. Бидний хувьд уурхайг ашиглаж, монгол хүнд хөрөнгө оруулалт хийх нь зөв. Гэхдээ маш хурдан хугацаанд боломжийг ашиглаж, үр дүнгээ гаргах ёстой. Дэлхийн улс орнууд богино хугацаанд шийдвэртэйгээр ажлаа хийгээд залуучуудынхаа боловсрол, технологи руу шилжүүлсэн улс л өнөөдөр хожиж байна. Үүнийг л бид хийх хэрэгтэй.

-Төр аливаа зүйлд хэт их орж, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг бууруулж байна гэдгийг чуулганд оролцогчдын дундаас гарч байна. Ер нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрхэн зохицуулах ёстой вэ. Ажлын байр нэмэгдүүлж, хувийн хэвшлээ дэмжихэд төр ямар бодлого баримтлах ёстой юм бэ?

Монголын эдийн засаг 10 орчим тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох орлого 1500 орчим ам.доллар байна. Нэг хүнд ногдох бодит орлогоороо бид Африкийн буурай өсөлттэй орнуудын түвшинд явж байгаа хэвээрээ. Ийм эдийн засагтай, хоёр том хөрштэй ийм үед төр нь өөрөө манлайлж, томоохон гэрээ хэлцлүүдийг хийж, гүүр засч өгөх ёстой. Тэр зассан гүүрээр хувийн хэвшил дамжиж, гэрээ хэлэлцээ хийх юм. Төр хүчтэй байх, бодлого нь тогтвортой байх, эдийн засгийн өсөлт тодорхой түвшинд очсоны дараа нар шингэх байдлаар зах зээлээсээ гарах бодлого барих ёстой. Дэлхийн түүх ч ийм. АНУ-ын эдийн засаг 150 жил, Англи 300 жил, Японы эдийн засаг 100 жил ийм л зарчмаар явж ирсэн. OECD буюу Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад 30 гаруй гишүүн байгууллага байдаг. Тэнд нэг хүнд ногдох орлого нь 16 мянган ам.доллар орчим байж нэгдэн ордог. Монгол Улсын бодит орлого өнөөдөр 1500 ам.доллар юм бол багадаа 10 дахин өсгөсний дараа илүү их хөрөнгө оруулалт татаж, нар шингэх байдлаар хувийн сектороо дэмжиж, Засгийн газар нь оролцоогоо бууруулах шаардлагатай байгаа юм. Түүнээс АНУ-ын эдийн засагт төрийн оролцоо 20 хувь байна бид 15 хувь болгох ёстой гэвэл популизм болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж