“Монголын эдийн засгийн чуулган 2018” чуулганы өнөөдөр /2018.05.21/-ийн хуралдааныг дүгнэж, зохион байгуулагчдын зүгээс хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Бат-Эрдэнэ, “Хас” группийн захирал Ч.Ганхуяг болон эдийн засаг В.Ганхуяг нар хийлээ. Чуулганыг ярилцаж, хэлэлцээд өнгөрөх биш ажил хэрэг болгохгүйн тулд төр үр дүнтэй, бодитой ажил хийх ёстой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Өнөөдөр “Санхүү ба хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй”, “Хариуцлагатай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт”, “Аялал жуулчлал ба агаарын тээвэр”, “Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба хувьчлалын бодлого”, “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл”, “Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт” зэрэг сэдвүүдээр салбар хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнөсөн юм. Маргаашийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, үг хэлэх, Рио Тинто компанийн төлөөлөл төр, хувийн хэвшил гэсэн илтгэл тавих, нэрт нийтлэлч Б.Батбаяр нар тавих юм байна.
Бат Солюшн Партнерс компанийн УЗ-ийн дарга В.Ганзориг :
-Өнөөдрийн чуулганы идэвх өндөр байлаа. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд хаана алдаа гарч, завсардаж байгаа хуралдаанд оролцогчдын байр суурийг сонслоо. Нийгмийн үнэт зүйл, ёс зүй гэдэг зүйл дээр ямар нэг зүйл хийхгүй бол болохгүй байна. Үүнд ганцхан төр биш, хувийн хэвшил ч гэсэн оролцоогоо нэмэгдүүлж, хамтдаа тодорхой зүйл хийхгүй бол болохгүй болжээ гэдгийг хувийн хэвшлийнхний зүгээс илэрхийлж байсан.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ:
-Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа, том төслүүдээ хөдөлгөж чадвал өсөлтийг бид хоёр оронтой тоо руу оруулж чадах юм. Төрийн гурван өндөрлөгийн зүгээс хүсч байгаа нэг зүйл бол эдийн засгийн өсөлтийг бодитоор ард түмэнд хүргэхийг хүсч байгаа юм. Өнөөдрийн хуралдаанаас хоёр хоногийн чуулган битгий байгаасай гэж төрийн зүгээс хүсч байгаа. 2019 оны тавдугаар сарын 21-н хүртэл төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг бодитойгоор хийж, алдааг залруулах, иргэдийн ажлын байраар хангах үүргээ төр биелүүлэх албан даалгавар авлаа.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Хувийн хэвшлийнхний зүгээс үдээс хойших хуралдаануудад төр бидний сонсоно гэсэн боловч хуралдаанд оролцохгүй байна гэсэн шүүмжлэл зарим аж ахуй нэгжийн төлөөллүүд хэлж байсан?
Бат Солюшн Партнерс компанийн УЗ-ийн дарга В.Ганзориг
-Жил болгон зохион байгуулагддаг хэдий ч тодорхой үр дүн гарахгүй байна гэх шүүмжлэл гарч байгаа. Хувийн хэвшлүүдийн хувьд дандаа л хүсдэг зүйлээ хүсч буй нь ч үнэн. Төрийн тогтвортой байдлаа хангах ёстой. Тиймээс төрийг соён гэгээрүүлэх зорилгоор жил бүр тасралтгүй зохион байгуулах шаардлагатай. Байнга зохион байгуулж байж л үр дүнд хүрнэ
-Жил бүр эдийн засгийн чуулган болдог ч өмнөх жилүүдийн хурлаа дүгнэдэггүй, хэлэлцэхгүй байна. Жил бүр хоосон яриад өнгөрч байна гэсэн шүүмжлэл байсан?
-Ерөнхийдөө хувийн хэвшлийн хүсч байгаа зүйлүүд жил бүрийн чуулганаар өөрчлөгдөөгүй байдаг. Засаг төр тогтворгүй байгаатай холбоотой гэдгийг онцолж байсан. Яагаад гэвэл өмнө нь ирээд ярьж байхад өөр хүн байсан, дараагийн хурал дээр бас нэг өөр хүн байхад бүх зүйлийг эхнээс нь ярьдаг. Тогтворгүй байдлаас болж залгамж чанар бодитойгоор хэрэгжихэд ач холбогдолгүй байдаг гэдгийг гадны төлөөлөгчид болон оролцогчдын зүгээс илэрхийлдэг.
-Төр өнөөдөр хувийн хэвшлийнхний үгийг сонсох гэж байгаа бол зохион байгуулалтыг яаж хийж байгаа вэ. Мөн энэ чуулганд хувийн хэвшлээс хэдэн аж ахуй нэгж, хувь хүмүүс оролцож байгаа вэ?
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:
-Маргааш бид эцсийн дүнгээ танилцуулна. Нийт 1400 орчим төлөөлөл оролцож байгаа. Үүнээс 167 хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл, төрөөс 260 хүн оролцож, бусад нь хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа. Өнөөдрийн зарим хуралдааны үеэр төрийнхөн тооны хувьд давамгайлсан нөхцөл байдал үүссэн. Цаашдаа энэ асуудалд анхаарлаа хандуулж, аль болох тэнцвэрийг хангаж ажиллана.
Ш.ЧИМЭГ