"Төр засаг чихээ онгойлго, нүдээ нээ"

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

"Төр засаг чихээ онгойлго, нүдээ нээ"

"Төр засаг чихээ онгойлго, нүдээ нээ"

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос/МҮЭХ/ энэ сарын 17-ны өдөр хэвлэлийн хурал хийх үеэр  төрийн албан хаагчдын цалин хөлсийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардсан юм. Тэдний цалин нэмүүлэхийн төлөөх тэмцэл долоо дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрөөс /2018.05.21/   МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар дэмжигчдийнхээ хамт суултад нэгдээд байна.

 Засгийн газарт хүлээсэн үүргээ биелүүлээч ээ

Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ийн ярилаа. Тэрбээр “Зургаан хоногийн өмнө суулт эхэлж байхад зөвхөн эмч, сувилагч нарын асуудал л яригдаж байгаа шиг ойлгогдож байсан бол шинжлэх ухааны ажилтнууд, багш нар, соёл урлагийнхан, хөдөө аж ахуй, цаг уурынхан гээд манай бүхий л салбарынхан оролцож байна. Өнөөдрийн нэгдсэн суултанд МҮЭ-ийн холбооны 14 салбарын төлөөлөл, тэр дундаа ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд оролцож байна. Тэгэхээр бид бүгд нэг ёсондоо Засгийн газарт хүлээсэн үүргээ биелүүлээч ээ, хэлэлцээрт үр дүн гаргаач ээ гэсэн итгэл өгөөд өнөөдөх энд сууж байна гэсэн үг.Өнөөдөр цаг агаар сэрүүхэн байна. Өнгөрсөн долоо хоногт нилээд халуун байсан. Халуун хүйтэн, эрс тэс уур амьсгалтай ийм цаг үед иргэдээ Сүхбаатарын талбайд суулгах шаардлага байхгүй шүү дээ. Эцсийн эцэст төр засгийн үйл ажиллагаа иргэддээ ийм байдлаар л мэдрэгдэж байна. Бид үүнийг харуулж байгаа учраас бодит үйлдэл болж байна гэж бодож байна” гэв.

Суултад оролцож байгаа  иргэд Монголын төр дүлий хараагүй болсон юм байна л гэж бодож сууж байна. Ийм сайхан Монгол оронд гуравхан сая хүний тэр дундаа хөдөлмөр эрхэлж байгаа ажилчдынхаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа Монголын төр засаг ичээсэй билээ гэж үзэл бодлоо илэрхийлэх  хүмүүс ч  олон байгаа юм.

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа “Төр засагт хандаж чихээ онгойлго, нүдээ нээ, тэгээд эдгээр хүмүүсийн асуудлыг хурдан шийдэж өг” хэмээн Засгийн Газарт ширүүхэн үг дайлаа.

Харин Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дараа Ж.Батзоригийн хэлснээр “Цаашдаа Засгийн газар дорвитой шийдвэр гаргахгүй бол намар есдүгээр сарын нэгэн  гэхэд хичээл эхлүүлэхгүй байх асуудал ч үүсч магадгүй” гэв.

Тэд Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад хандан дараах шаардлагыг хүргүүлсэн юм.

  • Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • Сувилагчдыг төрөөс дэмжиж, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоох, хүний нөөцийн стандартын дагуу ажиллахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах
  • Эрүүл мэндийн салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгох.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж