Шайбтай хоккейн 2018 оны ДАШТ өндөрлөлөө. Энэ жилийн дэлхийн аваргаар Скандинавын хойгийн төлөөлөл “гурван титэм”-түүд болох Шведийн шигшээ баг Швейцарын шигшээ багийг буллит цохилтоор буулган авч алтан медаль хүртжээ.
Шведийн шигшээ баг дунд шөвөгт Латвийг 3-2, хагас шигшээд АНУ-ын багийг 6-0 харьцаатай “шүүрдээд” финалд шалгарсан. Тэдний өрсөлдөгч нь Финланд болон Канадын хүчирхэг багуудыг буулгаж авсан Швейцарын шигшээ баг байсан юм. Швейцарын шигшээ баг дөнгөж хэсгээсээ сүүлийн эрхийг авч хасагдах шатанд шалгарсан. Гэвч тэд хасагдах шатанд гайхалтай тоглолт үзүүлж Фин болон Канадуудыг буулгаж авсан. Иймд Швейцарын шигшээ баг Шведүүдэд тийм ч амархан өрсөлдөгч байхгүй нь тодорхой байсан. Үүнийгээ ч Швейцарын шигшээ баг финалын тоглолтод хангалттай нотлон харуулж үндсэн цагт 2-2 харьцаатай тэнцэж, цаг сунгасан. Ингээд цаг сунгаад гоол ороогүй тул буллитээр цохилт гүйцэтгэхэд Шведийн хаалгач А.Нильссон 5 цохилтын 4-г нь аюулгүй болгож хааснаар шигшээ багтаа аваргын алтан медалийг авчирлаа. Харин хүрэл медалийн төлөө Хойд Америкийн хоёр төлөөлөл хоорондоо тоглоход П.Кейнээр ахлуулсан АНУ-ын шигшээ баг К.МкДэвид ахлагчтай “Агч мод”-ны улсын шигшээ багийг 4-1 харьцаатай хожсон байна.
Ийнхүү Шведийн шигшээ баг сүүлийн 2 жилийн дэлхийн аварга цолыг хүртэж байгаа бол Канадын шигшээ баг сүүлийн 4 удаагийн ДАШТ-нээс анх удаагаа медальгүй үлджээ.
Б.БЯМБАБАЯР