УИХ-дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг цаашид хэрхэн хөдөлгөх талаар бүлгийн хурлаараа ярилцжээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн бүлгийн хурлаар Тавантолгойн төслийг хэрхэн хөдөлгөх талаар ярилцлаа. Энэ долоо хоногт Тавантолгой төсөл дээр тодорхой тооцоо судалгаа хийж нухацтай танилцсаны дараа эцсийн шийдвэрээ гаргая гэдэг шийдэлд хүрлээ. Тавантолгой төслийн 30 хувийг олон улсын зах зээлд IPO гаргая цаашлаад Тавантолгойн төсөлд дагалдаж явах дэд бүтцүүд, үйлдвэр, аж ахуй газрууд зэрэгт тооцоо судалгааг хийж байж шийдвэрээ гаргая саналд хүрлээ. Ирэх долоо хоног гэхэд Тавантолгой төслийг хөдөлгөх чиглэлээр МАН-ын бүлэг улстөрийн тодорхой шийдвэрүүдийг гаргах саналд хүрсэн.
-Энэ асуудлаар бүлэг Ажлын хэсэг байгуулах уу?
-Эцсийн байдлаар шийдээгүй байгаа учраас бүлэг дээр Ажлын хэсэг байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бүх зүйлээ бүрдүүлж бүлэг дээр танилцуулах учиртай. Үүний дараа АН-ын бүлэг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ зэрэг шат шатны газруудаар орно.
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн асуудлаар ярилцсан болов уу?
-Ерөнхийлөгч болон УИХ-аас оруулж ирсэн саналыг бүлэг дэмжих шийдвэр гаргасан.
-УИХ-ын дарга ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Солонгын нэрийг дэвшүүлсэн гэдэг нь үнэн үү?
-Яригдсан.
-Өөр хувилбар бий юу?
-Ерөнхийлөгчийн зүгээс ШШГЕГ дэд дарга Г.Туулхүү, Б.Буяндэлгэр, Төрийн өмчийн хорооны даргаар ажилллаж байсан Ц.Нанзаддорж гэсэн гурван хүний нэрийг дэвшүүлсэн.
Ш.Адъяамаа