"Амьтдад ч гэсэн гоо зүйн мэдрэмж бий"

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

"Амьтдад ч гэсэн гоо зүйн мэдрэмж бий"

"Амьтдад ч гэсэн гоо зүйн мэдрэмж бий"

…..Өвөлжин харагдаж нүдэнд дассан
Оргил үзэгдэв
Орой дээр нь эвэр нь сэрийсэн
Янгир харагдав.
Хангайн сайхан амьтныг үзээд
Би баясав
-Харлаг тэх зогсож байна! гээд
Бараг хашгирав
. Тэрхүү гэрэл зургийг хараад ‘Тэхийн зогсоол’ гэх алдарт шүлгийн шад сэтгэл буусан нь энэ. Гэхдээ түүний гэрэл зурагт буусан сайхан амьтан бол аргаль. Монгол орны ховор ан амьтад, шувууд гэрэл зурагт мөнхрөн үлджээ. Гэрэл зураг түүх өгүүлж, гэрэл зураг шороо мэт үлдэнэ. “Эс хайрлахын аргагүй ертөнц” үзэсгэлэнг үзээд төрсөн сэтгэгдэл минь энэ. Үзэсгэлэн өнөөдөр /2018.5.21/ үүдээ нээж байна. Амьтан сонирхдог, амьтанд хайртай хэн бүхний нүдийг хужирлам гэрэл зургууд. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр гэрэл зураг сонирхогч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, олон улсын харилцааны доктор Г.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа. Сонирхуулахад маргааш/2018.5.21/ Биологийн олон янз байдлыг хамгаалах өдөр. НҮБ-аас жил болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.Уг үзэсгэлэнг тус өдрийг угтан гаргаж байгаа аж. 


-Үзэсгэлэнгээс  харахад та дандаа амьтны зураг авчээ. Амьтны зураг авах сонирхолтой бөгөөд амаргүй байх аа?

-Амьтан хүнтэй адил байгалиас заяасан, байгалийн бүтээгдэхүүн. Онцлог нь хүн ярьдаг тул хоорондоо хялбар ойлголцдог. Амьтан ярьж ойлголцож чаддаггүй ч тэдэнд бидэнтэй адил амьдралын төлөөх тэмцэл, зовлон зүдгүүр бий. Түүнийг харуулахыг хичээсний илрэл юм.

 Үзэсгэлэнгээр гэрэл зурагт  урлаг, гоо зүй байдгийг харуулахыг зорьсон.  Амьтад хэдийгээр араатан ч тэдэнд өөрсдийн мэдрэмж бий. Хоорондоо дурлалцдаг, эвцэлддэг. Хүний амьдралтай адил давтамжаар амьдардаг. Тэдэнд өөрийн гэсэн гоо зүй, мэдрэмж бий. Магадгүй хөхөө донгодохыг чоно сонсоод сууж байж магадгүй. Үзэсгэлэнгийн зорилго нь гэрэл зургийн урлагаар дамжуулан залууст амьтдыг хайрлах сэдэл төрүүлэх явдал юм.  

-Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүддээ та ямар шалгуур тавьж сонгосон бэ?

-Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд авсан зургаас үзэсгэлэнд 60-аад зургийг дээжиллээ. Сонгосон гол шалгуур нь уран сайхны аргаар авсан зургууд байна. Тухайлбал, шилүүсний зураг гэхэд давхиж байгаа, үргэж байгаа хэсгийн зургийг сонгосон.

-Эдгээр зураг дундаас нэг агшныг онцлохгүй юү?

-“Нартай золгохуй” зургийг онцолъё. Амьтдын зургийг авахдаа үүрээр, нар мандахаас өмнө байрлалаа эзэлсэн байх ёстой. Үүрээр дурандаад сууж байтал энэ аргаль идээшиж байсан. Би зураг дарах агшинд энэ амьтан сортолзож харснаар энэ зургийг дарсан. Сонсгол, харааны хүчээр энэ амьтан өөрийгөө хамгаалдаг. Гэрэл зурагт тэр хормыг буулгасан юм. Энэ мэт маш олон чухал хормыг буулгасан зургууд бий.

 

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж